Хөх ордон руу халдана гэж заналхийлжээ

2016 оны 3 сарын 25

 

Умард Солонгос БНСУ-ын ерөнхийлөгчийн ордон буюу Хөх ордныг  пуужингаар харвах туршилтын буудлага хийжээ. Дээрх туршилтын буудлагыг Умард Солонгосын төв телевизээр харуулсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хэлэхдээ арми нь Өмнөд Солонгосын Засгийн газрын ордныг хайр найргүй устгахад  бэлэн болсон хэмээн мэдэгдсэн байна. Пхеньяны ээлжит сүрдүүлгийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Ген Хе армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ.

 

Пак Ген Хе мэдэгдэлдээ “Ийм балмад өдөөн хатгалга Умард Солонгосыг өөрийг нь үгүй хийнэ” гэсэн юм.  Умард Солонгосын цөмийн болон холын тусгалт пуужингийн туршилтын хариуд НҮБ урьд хожид байгаагүй эдийн засгийн хатуу хориг тавьснаас өдөөн хатгах нь улам нэмэгдсэн билээ. Мөн АНУ болон БНСУ хилийн ойролцоо цэргийн хамтарсан хээрийн сургууль хийсэн нь Пхеньяны эрх баригчдын дургүйцлийг дээд цэгт нь хүргэсэн юм.  Ким Жон Ун төв телевизээр мэдэгдэл хийхдээ "Хөх ордныг үнсэн товрог болгож, дээрэмчдийн засгийн газрыг үгүй хийнэ” гэж заналхийлсэн байна.

 

1968 онд Хөх ордонд сууж байсан БНСУ-ын ерөнхийлөгч агсан Пак Чун Хегийн амь насанд халдах оролдлого гарч байсан бөгөөд халдлагыг Умард Солонгосын тушаалаар явуулсан байжээ. Халдлагын үеэр ерөнхийлөгч эсэн мэнд үлдсэн ч ордны албан хаагч долоон хүн, мөн Умард Солонгосын 31 цэрэг амиа алдсан.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна