Ховд аймагт “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжинэ

2016 оны 3 сарын 24

 

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллах үеэрээ “Цахим эрүүл мэнд” төслийн нээлтэд оролцлоо.

 

Энэхүү төсөл нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа бөгөөд Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Зоонозын өвчин судлалын төв, Булган сумын эмнэлэгт нийтдээ 771 сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа аж. Ийм төрлийн тоног төхөөрөмжийн программыг УКТЭ-т хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт хүлээн авна. Дараа нь төсөл хэрэгжиж эхэлсэн аймгуудын тоног төхөөрөмжийн программыг суулгана хэмээн ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

 

 

“Цахим эрүүл мэнд” төсөл нь  жил гаруйн  хугацаанд хэрэгжинэ.  Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар бүхэлдээ цахим сүлжээнд холбогдох бөгөөд үүний үр дүнд  эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай,  чирэгдэлгүй хүргэх боломж бүрдэнэ. Энэ хэрээр  эмч сувилагчийн ажлыг хөнгөвчилж,  аймаг хооронд, улс хооронд цахим сүлжээгээр оношилгоо эмчилгээний мэдээллийг солилцох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь бүс нутгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэгч болох зорилттой бөгөөд  2015 онд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж эх хүүхдийн өвчлөлийг эрт илрүүлж, эрт үед нь эмчлэх, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн хариуцлагын асуудлыг дээшлүүлэх зэрэг зорилт тавьсан байна.

 

Тус төвд жилд 12-13 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 2015 оны байдлаар  12777 хүн хэвтэн эмчлүүлжээ. Эдгээрийн 1034 хүн буюу 8-9 хувь нь  харьяа аймгуудаас ирсэн өвчтөнууд байгаа аж. Өнгөрсөн онд нийт 130 орчим мянган үзлэг хийсний 6207 нь бусад аймгуудаас ирсэн байна.  

 

 

Х.БОЛОР