Зимбабве гадаадын компаниудыг хөөнө

2016 оны 3 сарын 25

 

Зибабве улсын  эрх баригчид гадаадын компаниудад тулган шаардлага тавьж,  компанийн хяналтын багцыг нутгийн хар арьстнуудад өгөх эсвэл улс орноосоо гарч явахыг шаардан тулгажээ.   Тулган шаардалтын хугацаа нь  энэ оны дөрөвдүгээр сарын 1.  Тус оронд Nestle, Glaxosmithkline, Unilever, Standard Chartered банкны салбарууд, хэдэн арван жижиг компани бүртгэгдсэн байгаа.  Тэд дараа сарын эхэнд хувьцааныхаа 51 хувийг  нутгийн хар арьснуудад зарах буюу шилжүүлэх ёстой.  Энэ тухай тус улсын  Иргэншлэлийн сайд Патрик Жувао мэдэгдсэн байв.



Ерөнхийлөгч Мугабегийн үеэл ач нь болох Жувао гадаадын бизнесмэнүүдтэй нялуураад байдаггүй нэгэн гэнэ. “Заасан хугацаанд  шаардлагыг биелүүлэхээр ажилла. Үүнийг эс хийвээс мухлагаа хаацгаа эсвэл хуулийн цээрлэлийг дээдээр амсах болно!"  гэж сайд шууд л  бичсэн байв.

 

Цагаан арьстан эзэнтэй компаниудад зориулсан хууль дээр Зимбабве 2010 оноос эхлэн ажиллаж байгаа юм.  Хэлэлцүүлэг гацаад байсан шалтгаан нь  нутгийн хар арьстнуудад хувьцааны хэдэн хувийг атгуулах вэ гэдэг асуудал байлаа. Эцэст нь тэд уугуулууд хувьцааны 51 хувийг атгаж байх ёстой гэдэг дээр тогтон шийдвэрлэжээ.

 

“Сөрөг арьсны өнгөөр гадуурхалтад” буруутгагдахгүйн тулд Зимбабве шинэ хуулийн  сөрөг пиарын эсрэг хөөгдөн хөрөнгөө хураалгасан цагаан арьстан фермерүүдэд  нөхвөр өгөх тухай хуулийг бас хэлэлэж байгаа юм. Гэхдээ  улсад нь мөнгө хөрөнгө байхгүй учраас шинэ хар арьстан газрын эздэд  нэмэлт татвар ноогдуулахыг бас хүсч байна.  Тэд харин үүнд төлөх мөнгөгүй гэж эсэргүүцэж байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна