Энэ хавар 322.9 га-д үр тариална

2016 оны 3 сарын 26

Энэ онд улсын хэмжээгээр 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариалахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам бэлтгэлээ базааж буй. Ургацынхаа ихэнх хувийг цаг агаарын таагүй нөхцөлөөс болж алдсан тариаланчдаа дэмжихээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хоёр жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан гаргахаар болжээ. Гэхдээ 100 тэрбум төгрөгийг хэрхэн хаанаас босгох гэдгээ Хөгжлийн банк тодорхойлох юм байна. Ингээд Хөгжлийн банк мөнгөний эх үүсвэрээ тодорхойлчихбол тариаланчдад хөнгөлөлттэй зээлийг олгоод эхэлнэ.  Урьдчилсан байдлаар нэг га талбайд тариалалт хийхэд 350 мянган төгрөг хэрэгтэй гэж салбар яам нь тооцож, нэг тариаланч  иргэн, ААН-д олгох зээлийн хэмжээгээ тогтоох юм. Мөн тариалалтын үеэр хэрэглэх  шатахууны онцгой албан татварыг чөлөөлж өгөхийг Хүнс хөдөө аж ахуйн яамнаас Засгийн газарт тавьжээ. Улмаар тариалалтад хэрэглэх шатахуун татваргүй болбол дизель түлш литр нь 1000-1200 орчим төгрөгийн ханштайгаар тариаланчдад нийлүүлэгдэх боломжтой болох аж.

Тариаланчдийн урамшууллыг ирэх сараас олгож эхэлнэ

Дутагдах буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15.0 мянган тонн, ТЭДС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид 4.0 мянган тонн,  нийтдээ 20 шахам мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон. 2015 оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайд батлагдсан төсөвт нь багтаан мөнгөн урамшууллыг тариаланчдад Хүнс хөдөө аж ахуйн яамнаас олгоно. Урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын эхээр санхүүжүүлэх юм. Тариалалтад дутагдах буудайн үрийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, шинэ техник тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмж зэргийг нэмэгдсэн өртгийн албан татвараас Засгийн газар чөлөөлжээ.

Д.УЛАМБАЯР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна