Өсвөр, идэрчүүдийн лигийн тэмцээн өндөрлөлөө

2016 оны 3 сарын 26

МХБХ-оос зохион байгуулдаг футзалын өсвөр, идэрчүүдийн лигийн тэмцээн гуравдугаар сарын 5-25ны хооронд нийт 4 насны ангилалд 32 багийн дунд амжилттай болж өнгөрлөө. Монголын хөлбөмбөгийн ирээдүй болсон өсвөр үеийн тамирчид, Монголын шигшээ багийн залгамж халаа, шинэ залуу авьяаслаг идэрчүүд ийнхүү футзалын ордонг 20 хоногийн турш доргиолоо.

Тэмцээний хамгийн балчир буюу 11 хүртэлх насанд хоёр багийн дунд аваргын яриа гарсан. Ижил 12 оноотой бичигдэж байсан “Сэлэнгэпресс” болон “Хараацай” клүбүүд өнөөдөр өөрсдийн учраа багуудаа ялсанаар хоорондын тоглолтын үр дүнгээр “Хараацай” алтан медаль хүртэж харин “Сэлэнгэпресс” клүб удааллаа. Эдгээр багууд лигийн эхний өдөр учраа таархад 3-1 харьцаатай “Хараацай” клүб хожил байгуулж байлаа. Харин хүрэл медалийн эздээр “Чингэлтэй” дүүрэг шалгарлаа. “Эрхэс” клүб хэрвээ өнөөдөр “Хараацай” клүбээс тэнцээ болон ямар нэгэн оноо салгахад л медаль дээр буух байсан юм. Харамсалтай нь ялагдсанаар “Чингэлтэй” дүүргийн багт боломжийг олголоо.

Энэ насны шилдгүүдээр дараах тамирчид тодорсон байна.

Шилдэг хаалгач: Б.Итгэлт /Эрхэс клүб/

Шилдэг тэгш тоглогч: Б.Ринчэнбуд /Чингэлтэй дүүрэг/

Шилдэг мэргэн бууч: Г.Төгөлдөр /Арвис клүб/ 19 гоол оруулж тодорлоо. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Тоглогчдын эрхзүйн хорооны дарга ноён М.Болд, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Футзалын хорооны дарга ноён Б.Гансүх болон МХБХ-ны Гүйцэтгэх захирал ноён Ш.Жаргалсайхан нар гардууллаа.  

Өсвөрийн 13 хүртэлх насанд  “Хан-Уул” дүүргийн баг сүүлийн тоглолтоо “Улаанбаатарын Унаганууд” клүбийн эсрэг хийж 4-0 харьцаатай ялсанаар арын багаас нэг хожлын онооны илүүтэй лигт түрүүлж чадлаа. Нэг ч ялагдалгүйгээр түрүүлсэн тэдний араас “Арвис”, “Хараацай” багууд удааллаа. “Арвис” “Хараацай” багуудын хоорондын тоглолт 1-1 харьцаатай дууссан бөгөөд ижил оноотой багууд бөмбөгний зөрүүг туулж “Арвис” клүб дэд байрт шалгарсан юм. 

Энэ насны шилдгүүдээр дараах тамирчид тодорсон байна.

Шилдэг хаалгач: Г.Давийжамц /Хараацай клүб/

Шилдэг тэгш тоглогч: Б.Бат-Эрдэнэ /Хан-Уул дүүрэг/

Шилдэг мэргэн бууч: Б.Намсрайдорж /Арвис/ 20 гоол оруулж ийнхүү шилдгийн шагналыг гардан авлаа. 

Идэрчүүдийн лигийн 15 хүртэлх насанд гурван баг ижилхэн 15 оноотой тасархай бичигдэж байсан. Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр “Эрхэс” болон “Дэрэн” гэсэн ижил оноотой багууд хоорондоо таарч маш чухал тоглолтыг хийлээ. Тус тоглолт 5-1 харьцаатай “Дэрэн” клүбийн ялалтаар өндөрлөсөнөөр тэд ямартай ч алт болон мөнгөн медалийн аль нэгийг хүртэх нь ойлгомжтой болоод байлаа. Гэсэн ч хамгийн сүүлд “Хараацай” өөрийн тоглолтоо хийж улмаар “Баянзүрх” дүүргийн багийг ялсанаар аваргын алтан медалийг хүртлээ. Учир нь тус багуудын оноо ижил 18 оноо болсон ч хоорондын тоглолтын үр дүн 2-1 гэсэн харьцаагаар “Хараацай” клүбийг ялахад хүргэлээ. 

Энэ насны шилдгүүдээр дараах тамирчид тодорсон байна. 

Шилдэг хаалгач: Б:Цэнгүүн /Хараацай клүб/

Шилдэг тэгш тоглогч: Т.Хаш-Эрдэнэ /Дэрэн клүб/

Шилдэг мэргэн бууч: Н.Содбилэг /Эрхэс клүб/ 16 гоол оруулжээ.  

Лигийн хамгийн ахлах нас буюу 17 хүртэлх насанд "Дэрэн" клүбийн тамирчид гайхалтай амжилтыг гарган түрүүлж аваргын цомыг өргөсөн бол удаах байранд "Хоромхон" клүб хүрэл медалийг "Magicfoot" багийн тамирчид хүртлээ.

17 хүртэлх насны шилдэг хаалгачаар: Н.Тэлмүүнтамир /Хараацай клүб/ 
Түүний хувьд өөрөө байгаагүй учир дасгалжуулагчид уг шагналыг гардууллаа. 


Шилдэг тэгш тоглогч: Э.Бат-Оргил /Хоромхон клүб/

Шилдэг мэргэн бууч: Т.Анхбаяр /ДМЮ клүб/ 18 гоолыг оруулжээ. 

Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан футзалын өсвөр, идэрчүүдийн футзалын лигийн тэмцээн дөрвөн насны ангилалд 32 багийн дунд гурван 7 хоногийн турш амжилттай явагдаж өнөөдөр медалийн эздээ тодрууллаа. Тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 


ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна