Цөмийн хаягдлыг булшлахгүй байх эрх зүйн орчин баталгаажна

2016 оны 3 сарын 26

Монгол Улс цөмийн хаягдлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх эрх зүйн орчин ээлжит бус чуулганаар баталгаажна

 

Ирэх долоо хоногт эхлэх Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөөд байгаа.


Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт нь олон улсын тээвэрлэлтээс гадна дотоодод ашиглах, хадгалах, тээвэрлэж байгаа цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг хангах, цөмийн материалыг хууль бусаар хил нэвтрүүлэх, тээвэрлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаа эрхэлсэн, санхүүжүүлсэн, турхирсан этгээдэд ял шийтгэл оногдуулах, мөн хулгайлагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн цөмийн материал, түүнд холбогдох гэмт хэрэг, хорлон сүйтгэх үйл ажиллагаатай тэмцэх зэрэг олон улсын хамтын ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлжээ. Энэхүү конвенци нь нэгдэж орсон улс орнуудын тухайд хууль зүйн хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг юм.

Манай улс уг конвенцийн нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, цөмийн терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчинг бий болгоход дөхөм болох чухал ач холбогдолтой.

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1997 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж, 2001 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон агаад одоогоор 69 улс нэгдэн оржээ.

Уг конвенцид нэгдэж орсон улс орнууд конвенцийн Удиртгал хэсгийн 12 дахь заалтын дагуу Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрөх” юм. Иймээс манай улс уг конвенцид нэгдэн орсноор цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Түүнчлэн ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх үүргийг конвенцид нэгдсэн улс орнууд хүлээж байгаа болно.

Монгол Улс эдгээр конвенцид нэгдэн орох бэлтгэл ажлыг олон жил хийсэн бөгөөд 2015 оны 06 дугаар сард Улсын Их Хурлаас “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоол баталж, дээрх гурван конвенци болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газарт өгсөн.

2016 оны 03 дугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллах хүсэлт тавьсан байна. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол уг конвенцийн нэмэлт хүчин төгөлдөр болох юм байна. Иймээс Монгол Улсын Их Хурал энэ асуудалд онцгой анхаарч Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар оруулж байгаа юм.

Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиар цөмийн хаягдалтай холбоотой хууль эрх зүйн орчныг тодорхойлж өгсөн. Улмаар 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдлыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах, мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх бүхий л үйл ажиллагааг хориглосон.

Иймээс Монгол Улс цаашид цөмийн энергийн холбогдолтой олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдлыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа болно. Цаашдаа Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тусгагдсан цөмийн хаягдалтай холбоотой заалтуудыг хуульчлах юм.

Монгол Улс цөмийн энергийн холбогдолтой эдгээр конвенциудад нэгдэн орж соёрхон баталснаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус, цөмийн хаядлыг нутаг дэвсгэртээ булшлахгүй байх, хадгалах, дамжин өнгөрүүлэхгүй байх эрх зүйн орчинг олон улсын хэмжээнд баталгаажуулах чухал ач холбогдолтой. Түүнчлэн хөрш орнууд болон хэлэлцэн тохирогч талуудын цөмийн байгууламжийн талаарх мэдээллийг авах эрхтэй болж байгаа юм.

Иймээс Монгол Улс эдгээр конвенцийг соёрхон баталснаар өөрийн нутаг дэвсгэр, хүн ард, өнөө болон ирээдүй хойч үеэ цөмийн зэвсэг болон цөмийн хаягдлаас ангид байлгах эрх зүйн орчныг олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлж найдвартай баталгаажуулах, цөмийн энергийн учирч болзошгүй эрсдэл гамшгаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах таатай боломж нээгдэх юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна