“Боловсрол” хороололд концессоор сургууль, цэцэрлэг баригдана

2016 оны 3 сарын 27

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баруун-Урт хотод шинээр баригдсан амины орон сууцны “Боловсрол” хороололтой танилцлаа. 2013 оноос газар чөлөөлөлтийн ажил хийж, чөлөөлөгдсөн газрыг дахин төлөвлөлтөд оруулснаар тус хорооллыг барих болжээ.

“Боловсрол” хорооллыг барихын тулд 356 айл өрхийн 830 орчим объектыг нүүлгэн шилжүүлж, 50 га газрыг чөлөөлсөн. Хороолол 64 м2 талбайтай 236 амины орон сууцнаас бүрдэж байна хэмээн аймгийн Засаг дарга Ж.Батсуурь онцолж байв.

200 хүүхдийн дотуур байр ашиглалтад орсон бөгөөд цаашид Багшийн хөгжлийн төв, номын сан, музей барих юм байна. Мөн 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг тус хороололд барих шаардлагатай байгааг энэ үеэр танилцууллаа. Сургууль, цэцэрлэгийн барилгыг барих ажлыг концессоор гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, концесс зарлагдсан талаар Ерөнхий сайд хэлсэн юм.

“Боловсрол” хорооллын 88 оршин суугч ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ банкуудад гаргаад байгаа аж. Иргэдийн зүгээс хорооллын орон сууцнуудыг ипотекийн зээлд хамруулж өгөхийг хүсч байлаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна