Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа

2016 оны 3 сарын 27

Орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсаны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй “Жаахан шарга” театрт уулзалт хийлээ. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Жирэмсэн эхийн 5 сартайгаас эхлэн 12 сарын турш сар бүр 40 мянган төгрөг олгож байна. Хоёр ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр нэг сая, гурван ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр 3 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаагаас гадна хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож байна. Хүүхэд харах үйлчилгээг эхлүүлсэн, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна, хамтын тэтгэврийн хууль батлагдсан зэрэг хүүхэд, ахмад настнууд, монгол хүнд чиглэсэн нийгмийн ямар халамж, үйлчилгээг төрөөс хэрхэн хүргэж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн тэрээр Сүхбаатар аймагт 2012 оноос хойш 1172 орон сууц шинээр ашиглалтад орсон, 901 иргэн орон сууцны ипотекийн зээл авсан, шатахууны үнэ 240 хүртэл төгрөгөөр буурсан зэргийг онцолсон. Иргэдийн зүгээс сургууль цэцэрлэгийн барилга, сургалтын тэтгэлэг, арьс ширний үйлдвэр, махны экспорт, тэтгэврийн зээлтэй холбоотой асуултуудыг асууж, хариулт авлаа.

Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийсний дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг орон нутгийн телевиз, радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна