Эдийн засгаа яаж босгох вэ?

2016 оны 3 сарын 27

Нүүрснээс валют босгон төсвийн орлогоо бүрдүүлдэг цаг нэгэнтээ ард үлджээ. Хүлэмжийн хийг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хумих бодлогыг улс орнууд өнгөрсөн жилийн сүүл үеэс эхлэн хэрэгжүүлсэн нь энэ төрлийн бүтээгдэхүүнээр төсвөө бүрдүүлж ирсэн улс орнуудад цохилт өгч эхэлсэн байна. Тодруулбал, өмнөд хөрш рүү нүүрсээ экспортолж ирсэн Австрали улсын эдийн засаг өнөөдөр хүндхэн байдалд орсон нь үүнтэй холбоотой аж. Монгол Улс ч Австралиас дутахгүй уул уурхайгаас төсвийн орлогынхоо 70-80 хувийг бүрдүүлдэг байсан үе саяхан. Өмнөд хөрш рүү экспортолж байсан түүхий нүүрс нь чанараасаа хамаарч 1 тонн нь 70-120 ам.доллар хүрч, Монгол хүн бүр хувь хишиг хүртэн, 70 мянга, 21 мянга, 500 мянган төгрөг бэлнээр авсан. Нүүрсний үнэ, зэсийн үнэ мөнхийн өндөр ханштай байх юм шиг л сагсан. Хэрвээ тухайн үед нүүрс, зэснээс олсон экспортын орлогоосоо зэс хайлуулах үйлдвэрээ байг гэхэд таван хошуу малынхаа сүү саалийг боловсруулчих үйлдвэр байгуулчихсан бол өдийд төсөв ч хүндрэхгүй, малчид ч өвс тэжээлээ худалдан авах мөнгөгүй тухай гомдол мэдүүлж суухгүй л байсан болов уу.

Хэдий хожимдсон ч гэлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрч буй долоо хоногт “21:100” нэртэй үйлдвэржилтийн бодлогыг зарлалаа. Нүүрсээр валют олохгүй нь ойлгомжтой болсон энэ үед мал аж ахуйдаа түшиглэсэн үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх санаачилга гаргасан нь цагаа олсон зөв бодлого хэмээн олзуурхагсад олон байна. Бодлого ажил хэрэг болсон цагт хөнгөн үйлдвэрийн салбар хөгжиж, мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого ажил хэрэг болно гэж үзэгсэд цөөнгүй аж. Дээрх бодлогоор 2021 оноос өмнө 21 аймагт хөнгөн үйлдвэрийн парк хоттой болох санаа дэвшүүлжээ. Монголчууд өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 88 хувийг импортоор авдаг бол ердөө 12 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг аж. Өөрсдийн хэрэгцээгээ хангаж байгаа бүтээгдэхүүн нь мах, гурил юм байна. 50 гаруй сая толгой малтай хирнээ 56 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авсан гэх мэдээллийг С.Бямбацогт гишүүн хийжээ. Хэрвээ мал аж ахуйгаа дагасан сүү, цагаан идээг боловсруулах үйлдвэр аймаг бүрт байгуулагдчихвал 56 тэрбум төгрөг гадагшаа гарах биш дотооддоо үлдэнэ. Тэр хэрээр гадагшаа урсах валютын урсгалыг сааруулж чадна. Монгол малын сүү экологийн цэвэр бүтээгдэхүүн. Түүнийгээ дотооддоо хэрэглэдэг, илүүг нь гадаад руу экспортолдог болчихвол малчид ч байнгын орлоготой болоод зогсохгүй валют босгох боломжтой нь эндээс харагдана. Мөн малчид малын тоонд бус сүү сааль арвин өгөх малыг өсгөж үржүүлж ашиг шимийг нь хүртэхээ бодно. Цаашлаад малаа вакцинд хамруулж, эрүүл малтай болоход малчид өөрсдөө анхаардаг болчихно. Эдийн засаг ч дан ганц уул уурхайд тулгуурлахгүй, олон хөлтэй болгох эдийн засагчдын санаа биеллээ олох болж буй.

Нөгөөтэйгүүр, мал нь эрүүлжихээр зөвхөн Орос, Хятад руу махаа экспортлох бус гуравдагч хөршүүд рүү гаргах боломж нээгдэнэ. Монгол, Японы хамтарсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр халууны аргаар боловсруулсан махыг татварын тодорхой хувийн хөнгөлөлт эдлүүлэн Японы зах зээлд худалдаалах боломж нээлттэй байгаа. Иймээс мал аж ахуйгаас олох экспортын гарцыг гаргая.

Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь нь буюу мал аж ахуй нь Монголд байна. Энэ салбарын бусдаас ялгарах нэг онцлог нь нөхөгддөг салбар.

Мал аж ахуйн салбарын хөгжлийг дагаад ноос, ноолуурын экспортын үйлдвэрүүд ч хөгжинө. “Дархан нэхий”, “Эрдэнэт” үйлдвэрээр хязгаарлахгүй олон том үйлдвэр Монголд байгуулагдаж байж дэлхий хэмээх том зах зээлийн эрэлтийг хангана.  Тэр цагт Монголын эдийн засаг гадны хараат байдлаас гарна.

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна