Татварын буцаан олголтыг сарын сүүлчээр өгнө

2016 оны 3 сарын 27

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар иргэд татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагддаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдаж, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийн эхний ээлжийн буцаан олголтыг энэ сарын сүүлчээр өгөх юм байна.

Хөнгөлөлтөд хамрагдахаар бичиг баримтаа өгсөн иргэдийг хоёр хэсэгт хуваажээ. Эхний ээлжид нэгдүгээр сарын 22-ноос өмнө бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгох юм. Энэ хэсэгт 11 700 иргэн багтжээ. Тэдэнд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулж Төрийн сангийн газарт хүргүүлсэн байна.

Харин хоёрдугаар ээлжийн иргэдийн буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сарын дотор олгохоор баталжээ. Одоогоор ганцхан Говьсүмбэр аймгийн иргэдэд л буцаан олголтыг 100 хувь өгчээ. Харин бусад аймаг, нийслэлийн хувьд ирэх дөрөвдүгээр сараас ээлж дараалан олгоно. Улмаар тавдугаар сар гэхэд буцаан олголтыг бүрэн дуусгах юм байна.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 75 мянга 395 иргэнд 45.8 тэрбум төгрөгийн татварын буцаан олголтыг хийхээр баталгаажуулжээ. Эдгээрийн 60 хувь нь орон сууц, 40 хувь нь сургалтын төлбөрийн буцаан олголт юм байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулиар хөнгөлөлт эдлэх боломжийг 2009 оноос эхлүүлж байсан юм. Анх 2009 онд 10 мянган иргэн татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан бол 2016 онд энэ тоо 75 мянгад хүрчээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна