Элэгний эмийг ЭМД-д хамруулна

2016 оны 3 сарын 27

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал /ХАХНХ /-ын яам Эрүүл мэнд, спорт /ЭМС/-ын яам Сангийн яам хамтарсан ажлын хэсэг гаргаж, асуудлыг нааштай шийдвэрлэхээр болжээ. Тухайлбал, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд “Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан.  Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй.  Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ ирэх зургадугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотгол хийнэ.  “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно хэмээн мэдэгджээ. Ямартай ч “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулж, үндсэндээ шийдэгдэх шатандаа явж байгаа аж.

“Харвони” эмийг өнгөрсөн сард оруулж ирэн, эхний ээлжийн 1600 иргэнд олгосон. Дээрх эмийг уусан иргэдэд эхнээсээ сайн дүн мэдрэгдэж эхэлжээ. Иргэдийн хувьд нэг хайрцаг “Харвони” эм авахын тулд гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм.  Гэвч гурван хайрцгийг ууж өвчин нь бүрэн илаарших юм.

Монгол Улсад элэгний С вирустэй 150 мянган хүн бий гэх судалгаа гарсан. Тиймээс иргэдийн зүгээс 2016 оны төсөвт эрүүл мэндийн даатгалын санд 30 тэрбум төгрөгийг суулгаж, “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаас үнийг нь 80 хувийн хөнгөлөлттэй олгох асуудлыг түргэн шийдвэрлэхийг шаардсан юм.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна