Түрээсийн сууцанд гамшигт өртсөн иргэдийг бүртгэнэ

2016 оны 3 сарын 27

Түрээсийн орон сууц хөтөлбөрт ирэх мягмар гаригаас байгалийн гамшиг, гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэд, мөн төрийн албан хаагчдын бүртгэж эхэлнэ.

Гэнэтийн аюулд өртөж орон гэргүй болсон иргэдэд  түрээсийн орон сууцнаас таван хувийн квотыг  олгосон. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэдэд 39.3 м.кв хэмжээтэй хоёр өрөө байр 10, 49.23 м.кв хэмжээтэй  хоёр өрөө байр долоо оногдож байгаа юм.

Харин төрийн албан хаагчдад 15 хувийн квот тогтоож, 39.3 м.кв хэмжээтэй хоёр өрөө байр 30, 49.23 м.кв хэмжээтэй  хоёр өрөө байр 23 оногдож байна.

Дээрх хоёр зорилтот бүлэгт хамрагдсан иргэд ирэх мягмар гаригт ТОСК-д бичиг баримттайгаа бүртгүүлэх юм.

Харин дараах өдөр нь буюу ирэх лхагва гаригт 0-18 насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүлийг бүртгэнэ. Өрх толгойлсон иргэдэд 10 хувийн квот буюу 35 байрыг хуваарилжээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон халамжлагчид таван хувийн квот буюу 18 байрыг хуваарилсан байна.

Шаардагдах материал

  • Иргэний цахим үнэмлэхийн хуулбар

  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/

  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл

  • Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар

  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

Шалгуур, үзүүлэлт

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

  • Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх

  • Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг

  • Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх

  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Орон сууцад орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм.


Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх хуваарийг доорх хүснэгтээс харна уу.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна