Г.Байгалмаа: Ипотекийн зээлийн санхүүжилт улсын төсвөөс хамааралгүй

2016 оны 3 сарын 28

УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаатай ярилцлаа.


-Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь руу хэзээ шилжүүлэх вэ. Үүнд хариулт өгөх боломж байна уу?

-Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь руу шилжүүлэх ажил хийгдэнэ. Гэхдээ энэ бол эхний ээлжинд хийх ажил биш дараагийн үе шатанд хэрэгжинэ гэж ойлгоорой. Эхний удаад Засгийн газраас гаргасан журмын хүрээнд 17 мянга гаруй өрхийн 654 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүү 8-аас 5 хувь руу шилжинэ. Үүнд 21 аймагт орон сууцны зээл авсан иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газар, шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэгт баригдсан орон сууц хамрагдаад эхэлсэн.

-8 хувиа 5 хувь руу шилжүүлэх иргэдийн хувьд хаана хандах вэ, тэгэхээр?

-Харилцагч банкиндаа очин, зээлийн гэрээгээ өөрчилж, 5 хувь руу шилжүүлнэ.

-Дахиад тодруулаад асууя. 8 хувийг 5 хувь руу шилжүүлэх, 80 м2-аас дээш байруудыг ипотекийн зээлд хамруулах ажил хоёр дахь шатнаас эхлэх нь гэж ойлгож болох уу?

-Одоо олгогдож байгаа байршил заагдсан газруудад 5 хувийн  зээл  олгож байгаа нь өөрөө 5 хувийн хүүтэй зээлийн эхний үе шат, түүний дараагаар Оюутолгойн санхүүжилт хийгдэхээр дараа, дараачийн үе шатуудыг хэрэгжүүлнэ.  80 м 2 дээш  орон сууцыг  ипотекийн бага  хүүтэй зээлд  хамруулах асуудлыг ч шийдвэрлэнэ гэж ойлгож болно. Ер нь төрийн бодлогоор орон сууцжуулах ажлыг далайцтай хийснээр агаарын бохирдол, хөрсний бохирдлыг  арилгах, гэр хорооллын  яндангийн тоог  цөөлөх, иргэдээ  эрүүл  тав тухтай орчинд амьдруулна гэж үзэж байна. Өнөөдөр дундаж орлоготой иргэдийн  дийлэнх нь гэр хороололд амьдарч байна. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн дийлэнхийг мөн  л дундаж орлоготой иргэд эзэлж байна. Тиймээс төр эхний ээлжид дундаж орлоготой иргэдийг  орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг  арилгах зорилтыг тавин ажиллаж байна. Нөхцөл байдал өөрөө ийм шаардлагыг тавьж байна шүү дээ.

-Гэхдээ иргэдийн дунд сонгууль болж өнгөрсний дараа 8 хувийн зээл зогсоно гэх болгоомжлол байна. УИХ, Засгийн газрын хувьд эрх зүйн орчин бүрдсэн, ипотекийн зээл зогсолтгүй үргэлжилнэ гэдэг. Хэр баталгаатай юм бол. Мөн ипотекийн 5 хувийн зээлийг төв банк мөнгө хэвлэх замаар л хэсэг хугацаанд санхүүжүүлнэ, цаашаа явахгүй гэх. Ер нь 5 хувийн ипотекийн зээлийг хэрэгжүүлэх боломж нь бүрдсэн юм уу?

- УИХ намрын чуулганаараа Ирээдүйн тэтгэврийн нөөцийн сангийн тухай хуулийг баталсан. Ипотекийн зээлийн хөрөнгийг улсын төсвөөс биш тус сангаас гаргана. Тус сан нь 2.5 их наяд төгрөгийн эх үүсвэр дээр боссон. Монголын Ипотекийн корпорацийн Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг эзэмших тул бондын үндсэн болон хүүний төлбөрийг авна. Тэр эргэн төлөгдсөн мөнгөөрөө орон сууцны ипотекийн санхүүжилтийг хийгээд явна гэж ойлгох хэрэгтэй. Нэмэлт санхүүжилт шаардлагатай боллоо гэхэд Засгийн газрын зүгээс бонд гаргах, аль эсвэл Монгол банкнаас богино хугацааны зээл авах боломж бий.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд 2016 оны инфляцын зорилтыг 7 хувь байхаар тусгасан. Энэхүү зорилтыг хангаж ажиллах хангалттай олон мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг Монголбанк хэрэгжүүлж байна. Тухайлбал, нээлттэй захын үйл ажиллагаа буюу төв банкны үнэт цаасны арилжаа, байнгын болон байнгын бус санхүүжилтийн арга хэрэгслүүдийг тогтмол ашиглан мөнгөний нийлүүлэлт, инфляцын түвшинг хянаж байдаг.  2013 онд  инфляци 14 хувь байхад 8 хувийн зээл  өгч эхэлсэн. Өнөөдрийн  байдлаар инфляци 1,6 хувь болж буурсан  нь зээлийн хүүг  бууруулах  нөхцөл болж байна. Ипотекийн зээл  хэрэгжиж эхэлсэнээр өрхийн орлогын 45 хувь нь хуримтлалд  шилжсэн дүн мэдээ бий. Ирээдүйдээ хийж байгаа хөрөнгө оруулалт юм шүү дээ. Ипотекийн 8 хувийн зээл хэрэгжихээс өмнө өрхийн орлого 100 хувь лангуу руу шилждэг  тэр нь  Эрээний /Хятадын/ зах зээлийг дэмждэг  байсан  бол  өнөөдөр зээлийн эргэн төлөлт хэлбэрээр хуримтлагдаж дараагийн айлыг орон сууцтай болгоход зориулагдаж байна. Тодорхой хэлбэл, ипотекоор баталгаажсан бондод сард 25 тэрбум, жилд 300 тэрбум төгрөг эргэн  төлөгддөг гэсэн  тооцоог  Монголбанкнаас гаргасан байгаа.  Өөрөөр хэлбэл, энэ нь тэр хэмжээний мөнгө Эрээний зах руу биш дотооддоо хуримтлал  болон  үлдэж байна гэсэн үг. Тийм учраас ипотекийн зээл иргэндээ ч хэрэгтэй, эдийн засагтаа ч дэм болсон хамгийн сайн төрлийн зээл юм.

-Жилийн 8 хувийн хүүтэй зээлийг тав болгох шийдвэрийг Ардчилсан нам гаргасан нь сонгуулийн шоу гэсэн тайлбарыг МАН-ын зүгээс хийж байгаа. Үүнийхээ оронд жилийн 20 хувийн хүүтэй ипотекийн зээлтэй байгаа 22 мянган иргэний зээлийг найман хувь руу шилжүүлчих л дээ гэх. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-МАН-ын зүгээс орон сууцны 8 хувийн зээлийг хэрэгжүүлэхтэй зэрэгцээд л “Энэ бол шоу” гэж  байсан. Гэсэн ч 77 мянган иргэнийг 8 хувийн зээлд хамруулсан. Өнөө жилээс 8 хувиа 5 хувь руу шилжүүлье, үе шаттай шилжүүлнэ гэхэд “Наадах чинь  шоу” гэсэн үгээ давтсаар л сууж байгаа. Араншин нь тэр шүү дээ. Ардчилсан намынхны хийсэн бүтээсэн бүхий л  ажлыг харлуулж бүдгэрүүлж суухаас өөр өөдтэй ажлыг сөрөг хүчин маань өнгөрсөн хугацаанд хийгээгүй. Харин ч ипотекийн 5 хувийн зээл Ардчилсан намынхны сонгуулийн шоу гэсээр Ардын намынхан өөрсдөө зөндөө шоудсан. Яасан ч уйддаггүй улсууд юм. Уг нь МАН-ыг 90 жил  төр түшсэн туршлагатай гэдэг. Гэтэл өнөөдрийн энэ замбараагүй хот төлөвлөлт, гэр хорооллын бөөгнөрөл, хур хогийн хуримтлал, агаарын  бохирдол гамшгийн хэмжээнд тулсан байдал тэднийг төр барьж байсан цагт  цэцэглэсэн  асуудал. Ардчилсан нам Засгийн  эрхийг барьсан өнгөрч буй гурван жил гаруй хугацаанд   замбараагүй байдал эхнээсээ цэгцэрч байна. Өнөөдөр зам ямар болов, гэр хорооллын дунд хуримтлагдсан хогийн цэг байна уу. Харанхуй гудамж ч харьцангуй цөөрсөн, 77 мянган  өрхийг  орон  сууцны бага хүүтэй зээлд хамрууллаа. Энэ бүхэн шоу гэж үү.  МАН-ынхнаас харин энэ тухай нь асуумаар байгаа юм.

-Жилийн 20 хувийн хүүтэй байрны зээл төлж байгаа 22 мянган иргэний тухайд?

-Яг ч бас жилийн 20 хувийн хүүтэй зээл биш юм билээ. 15-16 хувийн хүүтэй зээлтэй 17327 иргэн байгаа  гэсэн  судалгаа бий.

-Ипотекийн таван хувийн зээлийг хэрэгжүүлэхэд анхны эх үүсвэр хэдэн хувийн хүүтэйгээр гарна гэсэн үг вэ. Найман хувийн зээлийг хэрэгжүүлэхэд Монголбанк дөрвөн хувийн хүүтэйгээр гаргаад арилжааны банкууд ашиг үйл ажиллагааны зардлаа нэмээд иргэдэд найман хувийн хүүтэйгээр очиж байгаа. Хүү буурч таван хувь болсноор эрсдэл бий болчихгүй байгаа?

-Зээлийн хүүгийн хэмжээг инфляцийн төвшинтэй уялдуулан  тогтоодог учраас эрсдэл бий болохгүй. Дээр би инфляци 1.6 хувьтай байгаа талаар хэлсэн. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нарын байгуулсан зээлийн гэрээнд найман хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилготой эх үүсвэрт 4 хувиар, таван хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилготой эх үүсвэрт 2 хувиар тус тус тооцохоор тусгасан. Тэгэхээр 5 хувийн хүүтэй зээлийн орон сууцны эх үүсвэр 2 хувийн хүүтэй гарч, арилжааны банкууд ашиг, үйл ажиллагааны зардлаа нэмээд 5 хувийн хүүтэйгээр иргэдийн гарт очино.

-Төр хэтэрхий аж ахуйн асуудалд орж байна гэдэгтэй та санал нийлэх үү. УИХ нь ч, Засгийн газар нь ч, төв банк нь ч ипотек руу хэтэрхий орж байна гэх шүүмжлэл гарах боллоо?

-Огтхон ч санал нийлэхгүй байна. Төрийн үүрэг нь өөрөө иргэд, ард түмний эрүүл, цэвэр ая тухтай орчинд амьдрах бололцоог бүрдүүлж өгөх байдаг.  Бид  бүхэн  энэ үүргийнхээ дагуу л ажиллаж байна. Ипотекийн бага хүүтэй зээл бол бусад бүх оронд байдаг, Монгол оронд ч байх ёстой тогтолцоо. Монгол Улс олон улсын жишигт нийцсэн ипотекийн сонгодог тогтолцоо руу шилжиж байна. Ингэснээр бид орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоно. Энэ бол төрийн хийх л ёстой ажил шүү дээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна