Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-6

2016 оны 3 сарын 28

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын нийслэл “Пхеньян”-ыг хэлэхэд нэг л эвгүй. Сонин хэвлэлд Пехинян, Пьехнян, Пехиньян, Пьхнян гэж янз янзаар бичээд байгаа нь хүмүүсийн хэлэнд байтугай гарт орохгүй байгааг нотолж, цаанаа нэг юм хэлнэ.

Ээдрээтэй энэ үгийг орос хэлэнд Пхеньян гэж бичнэ. Учир нь славян хэлтнүүдийн П манай П-ийн хажууд хамаагүй сул тул Х-ээр хүч нэмж тэнцүүлсэн юм. Манайхан Л авиагаа Х-ээр хүч нэмж, төвөд хэлний хүчтэй Л болгож “лам”-ыг лхам, “лаа”-г лха болгодогтой агаар нэг юм.

Үүнийг “монгол П=орос П+Х” гэж тооны томьёонд оруулж бас болно. Ингэхээр “Пхеньян” гэдэг үгийг хэлэнд эвлүүлж, гарт оруулахгүй байгаа цаад юм нь орос хэлний “Пх”-г монгол хэлэнд буруу хэрэглээд байгаа хэрэг болж таарлаа. Тодруулбал “Хүчтэй “П”-тэй монголчууд хүчгүй П-дээ хүч нэмсэн оросын “Х”-г  хэлэлгүй зүгээр л авчих ёстой байсан юм байжээ. Илүү Х-ээ ингээд авчихвал байраа олдоггүй, байх үгүй нь мэдэгддэггүй “зөөлний тэмдэг(ь), Е” хоёр зөнгөөрөө арилж, адармаатай энэ үг аяндаа цэгцэрч, Пхеньян Пэнян болж хэлэнд эвлэж, гарт орно. Яахын аргагүй зөвийг “Пэнян аймаг” гэж хэлж байгаа Солонгосын түүхэн киноны жүжигчид, түүнийг орчуулж, дуу оруулсан монголчууд батална.

Пакистаны ерөнхий сайд Беназир Пхутто(Benazir Phutto)-г бас л Пухутто, Пухотто, Пхутто хэдэн янзаар хэлж, бичээд байгаа. Дээрх зарчмаа бариад “Х”-г нь авчихвал зүгээр л Путто болж хэний ч аманд эвэлж, гарт орно.

            Аливаа юмны учрыг ухалгүй, аялдан дуурайваас энэ мэт эндүү ташаа үг хэллэг тогтож, эх хэлийг эрэмдэглэнэ. Энэ бүхнийг цаг алдалгүй засаж, жигдлэн тогтоож, түмэнд ойлгуулах хэрэгтэй байна аа.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Аман дахь хэлийг ядраасан авиа юу хэлдэг вэ?” өгүүллийн хэсгээс

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна