Долларын ханшийг хазаарлаж чадах уу?

2016 оны 3 сарын 28

2013 оноос эхлэн өссөөр байгаа долларын ханш хазаарлагдахаасаа нэгэнтээ өнгөрчээ. Нөгөө талдаа төгрөгийн худалдан авах чадвар буурч байгаа нь Монгол хүн, монгол айл, монгол компани болгоны хэтэвчинд сөргөөр нөлөөлсөөр.  Монголбанкны хувьд  интервенц хийхээс өөрөөр авах арга хэмжээ нь дуусчээ. Арга ч үгүй биз, орж ирдэг доллар нь бага, харин гадагшаа гардаг нь их.

Шатахууны импортод сая, сая доллар гадагшаа урсч байгаа бол эрүүл мэндийн салбараас их хэмжээний валют хил даван урсч байна.

“Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2054 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2055 төгрөгөөр зарж байна. Саяхан л долларын ханшийн өсөлтөд хямарч байсан монголчууд энэ үйл явдалтай хэдийн эвлэрч, ноён долларын өмнө “сөгдөх” нь холгүй боллоо.

Доллар энэ оны сүүлээр хэд хүрэхийг эдийн засагчид ч таамаглаж чадахгүй байна. Тэдний хэлсэн “Долларын ханш буурахгүй” гэсэн ганцхан тайлбартайгаар ноён ногоон дээшээ хөөрсөөр.

Тэгвэл Монголын банкуудын холбооны сайтад гарсан албан ёсны мэдээллийг харъя.

Эдийн засаг, зах зээлийн идэвхжил буурснаар мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 2.3 хувь бууралттай гарчээ. Мөнгөний нийлүүлэлт 2016 оны хоёрдугаар сард 10 их наяд төгрөг болж өмнөх сараас 142.0 тэрбум төгрөгөөр өссөн ч,  өмнөх онымөн үеэс 237.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Түүнчлэн экспорт өмнөх оныхоос 139.9 сая ам.доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 117.9 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 34.2 сая ам.доллар, хүнсний бүтээгдэхүүний экспорт 7.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.

Эндээс харахад Монголын эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт байгаа ч харин долларын ханш буурна гэсэн итгэл алга. Тиймээс ноён долларын өмнө улам бүр хүчгүйдэж байгаа төгрөгийн ханшийн уналтыг  зогсоох арга байна уу.  Зөвхөн сонгуулиас өөрийг бодохгүй байгаа улстөрчдөд хандаж хэлэхэд хэн ялалт байгуулах нь гол биш эдийн засгаа яаж өөд нь татах  бодлого чинь чухал байна

Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2045.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.1 хувь суларчээ. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ энэ оны нэгдүгээр сарын мэдээгээр 1323.5 сая ам. доллар байгаа нь өмнөх жилээс 2.9 хувь буурсан дүн болсон. Гадаадын шууд  хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөцийн хэмжээ багассантай холбоотой төгрөгийн ханш сулрах нөхцөл хэвээр байгааг сануулжээ. Төвбанкны зүгээс валютын интервенцийг нэмэгдүүлж зохих түвшинд хийсэн ч, валютын ханшийн хэлбэлзэл өндөр байгааг дурджээ.

Оюутолгой төслийн далд уурхайн төслийн санхүүжилт зурагдаж ирэх жилүүдэд эдийн засагт 4.4 тэрбум ам.доллар нийлүүлэгдэх хүлээлттэй байгаа нь гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийг дэмжих нөхцөл болох юм. Гэвч Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт орж ирсэн цагт эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт их. Гэвч, ганц Оюутолгой Монголыг хямралаас гаргаж чадахгүйг харин олон улсын шинжээчид хэлэх болсон.

Эндээс харахад Монголын эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт байгаа ч харин долларын ханш буурна гэсэн итгэл алга. Тиймээс ноён долларын өмнө улам бүр хүчгүйдэж байгаа төгрөгийн ханшийн уналтыг зогсоох арга байна уу. Зөвхөн сонгуулиас өөрийг бодохгүй байгаа улстөрчдөд хандаж хэлэхэд хэн ялалт байгуулах нь гол биш эдийн засгаа яаж өөд нь татах  бодлого чинь чухал байна.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна