Сонгуулийн мессеж

2016 оны 3 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч ээлжит удаагаа олон нийтэд хандлаа. Гэхдээ энэ удаа олон нийтийн сүлжээнд олон дагагчтай, тэнд өөрсдийн үзэл бодлыг идэвхтэй илэрхийлэгчдийг онцгойлон урьжээ. Хэдийгээр олон нийтийн сүлжээ бол мэдээллийн хэрэгсэл мөн биш гэсэн маргаан дэлхий даяараа байгаа ч цахим орчны энэ хэсэгт байдаг хүмүүс нийгэмд нөлөөлөх хэмжээнд очоод байгаа нь үнэн. Өнөөдөр хамгийн шинэ сэргэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Бас олон нийтийн тархийг угаая гэсэн мэдээлэл ч бас энэ сүлжээгээр цацагдаж байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчдийг тусгайлан Их тэнгэрт урьсан нь учиртай. Тэрбээр сүүлийн үед өрнөөд байгаа халуун сэдвүүдээр өөрийн байр суурийг хүргэхийг хүсчээ. Энэ нь он гарсаар Ерөнхийлөгчийн олон нийттэй хийж байгаа гурав дахь уулзалт юм.

Мэдээж улс төр, эдийн засаг, хуулт хяналт, хэвлэл мэдээлэл гээд маш өргөн сэдвийг хамарсан асуултуудад хариулсан ч өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авя үзвэл Ерөнхийлөгчийн өгсөн хамгийн гол мессеж бол “Монголд хуулийн засаг байх уу, хулгайчийн засаг байх уу” гэдэг сонголтын өмнө ирээд байгааг онцолсон явдал.

Сүүлийн үед өрнөөд байгаа халуун сэдэв гэвэл УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамтрагчдыг баривчлан саатуулсан, мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан хуулийн дагуу ирж байцаалт өгөхийг шаардсан хэрэг явдлууд байлаа. Мэдээж улс төр, эдийн засаг, хууль хяналт, хэвлэл мэдээлэл гээд маш өргөн сэдвийг хамарсан асуултуудад хариулсан ч өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан авя үзвэл Ерөнхийлөгчийн өгсөн хамгийн гол мессеж бол “Монголд хуулийн засаг байх уу, хулгайчийн засаг байх уу” гэдэг сонголтын өмнө ирээд байгааг онцолсон явдал. Улс төрөөр дамжуулан төрийн эрх мэдэлд хүрч байгаа хүмүүс төрөөс хулгайлах гэж ирдэг болсонтой эвлэрэхгүй, хулгайлсан бол хуулийн дагуу хатуу тэмцэнэ, энэ төрийг хулгайчдаас цэвэрлэх болсоныг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн.

“Ер нь Монголд хуулийн засаг тогтох уу, хулгайчийн засаг тогтох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Ард түмэн бол хуулийн засаг тогтоох талд байгаа. Тийм учраас буруу юм хийж, хууль зөрчвөл би өмөөрөхгүй. Ийм л зүйл. Улс төрд орж байгаа хүмүүс тэндээс мөнгө хийх гэж бодож байгаагаа болих хэрэгтэй. Нэг асуудал гараад ирэхээр хөхүүл хүүхэдтэй эмэгтэй болоод хувирчихдаг. Энэ бол танил технологи. Та бүхэн мэдэж байгаа. Түүнд автаад байх шаардлагагүй ээ.”

“Хууль зөрчдөг, авлигач хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг. Түүнийгээ тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд янз бүрийн асуудал яригдсан байж магадгүй, тийм хүмүүс нэр дэвшээд хэрэггүй. Тийм зарим нэг хүмүүст би нэр дэвшээд хэрэггүй гэж хэлсэн.”

“Буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс улс төрөөс гарах нь зөв. Ардчиллыг дэмждэг хүмүүсийн сэтгэл зүрх урагдаж байгаа, эд нар хоорондоо талцаад аймшигтай юм болж байна гэж харж байна. Ардчилал эрх чөлөөгөө хууль бус зүйлээс аврах ёстой. Би энэ байр суурин дээр байгаа. Үг хэлэх эрх чөлөө, хийж бүтээх эрх чөлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Энэ талд нь зогсох ёстой гэж боддог.”

Эдгээр эшлэл түүний байр суурь. Гэсэн ч хэн төр барих вэ гэсэн сонголтыг Ерөнхийлөгч биш, сонгогчид хийдэг. Тэгэхээр өнгөрсөн Пүрэв гаригт Ерөнхийлөгчид Их тэнгэрт олон нийтийн сүлжээний идэвхтэй гишүүдэд биш удахгүй сонгуульд саналаа өгөх сонгогчдод байр сууриа илэрхийллээ гэж ойлгох нь зөв.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна