О.Баасанхүү гарлаа ч засаг нурахгүй

2016 оны 3 сарын 28

Өнгөрсөн даваа гаригт “Шударга ёс” эвслээс гарснаа Г.Уянга, Л.Цог нар албажуулав. Ингэснээр О.Баасанхүүд эрх мэдлээс хуваалцах боломж гарч ирснийг үгүйсгэхгүй ч харин эвслийн болон засгийн хувь заяа түүнээс хамааралтай болно гэвэл эндүүрэл. Эвслийг бүлэг задарлаа гэхэд МАХН, МҮАН-тай хамтарсан засгийн хувь заяа задрахгүй. Н.Энхбаярт нь энэ засгийг задлах сонирхол одоогоор алга байна.

О.Баасанхүүгийн хувьд ч Г.Уянга болон Л.Цогоос ялгаагүй эвслийнхээ бүлгийн хуралд суулгүй удаж байгаа. Мөн Н.Энхбаярынхаа эсрэгцэх болсон нь ч худлаа биш. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Шийдлийн засгийг орших, оршихгүйн асуудал О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цог нараас хамааралгүй явж ирсэн. Учир нь улс төрийн өрөг дээр тэд дандаа Ч.Сайханбилэгийн эсрэг зогсч байсан. Тиймдээ ч Ч.Сайханбилэгийн засгийн хувь заяанд О.Баасанхүү, Г.Уянга, Л.Цогийн эсрэг болон эерэг кноп төдийлөн нөлөөлөхгүй гэж хэлж болно. Нөлөөлөх байсан бол Шийдлийн засгийг шилгээх хүсэл, сонирхол тэдэнд өч, төчнөөн удаа төрсөн байх. Хүсэл нь байвч, чадал хүрэхгүй байсан болохоос.

Тиймээс О.Баасанхүү бүлгээсээ гарах эсэхээ “Ард түмнээс  асууна” гэж томроод байх ч шаардлагагүй. Харин “ах нараасаа” бол асууж магадгүй юм. Учир нь  улс төрийн хүрээнд түүнийг Н.Энхбаярын  оймсонд биш Х.Баттулгын “халаасанд” хавчуулагдах болсон гэж хардаж, сэрдэх хүмүүс ч цөөнгүй байна. 

Эсвэл задарч, Н.Энхбаяр засгаас гарах дээрээ туллаа гэхэд  сонгуулийн чимээ дөрөө харшиж байхад “Гарман дээрээ морио солих”-ыг АН-ынхан лав хүсэхгүй. О.Баасанхүүгээр эвслийг задалж болох ч засгийг задалбал Ардчилсан намд л ашиггүй. Удахгүй болох сонгуульд унах нүхээ ухсантай ялгаагүй болно.

Тэр тусмаа сонгууль хаяанд ирчихээд байхад нэг хоёрхон сарын настай Шинэ засаг юу хийх вэ. Эдийн засгийн хямрал дээр  улс төрийн хямралыг үүсгэхийг олон нийт дэмжихгүй. Угаасаа ч энэ засаг удахгүй солигдохоос хойш Ч.Сайханбилэгийн засгийг унагаах нь улстөрд ч, эдийн засагт ч зөв хувилбар биш.  Ялангуяа Ардчилсан нам ийм осолтой тоглоомоор наадах нь аюултай. Н.Энхбаярт бас энэ хувилбар таалагдахгүй. Эндээс ганцхан Ардын нам л хожно. 

Тэгэхээр  Ардчилсан нам  юу гэж Ардын намд “улаан туг”-ыг нь гардуулах вэ дээ.

О.Баасанхүү одоохондоо л томорч байг.   Хүүхэд ийм дээрээ хөөрхөн гэдэг шүү дээ.

А.ШАРХҮҮ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна