ОХУ-ын амбиц

2016 оны 3 сарын 28

 

ОХУ, АНУ-ын харилцаа Украины хэрэг явдлаас хойш таагүй хэвээр байгаа ч Оросын ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар саяхан Москвад уулзахдаа дипломат ёсоор хоосон гоё үг хэлэхээ мартсангүй.

 

ОХУ-ын хувьд АНУ-тай Украины асуудлаарх байр сууриа өөрчлөхгүй ч юу юугүй шүдэнз зурчихгүйн тулд харилцаагаа хэвийн үргэлжлүүлэхийг хичээж байгаа бол АНУ-гийн зүгээс Сирийн асуудлаар Москватай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Башар Ассадыг шилжилтийн засгийн газар байгуулж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, сонгууль явуулахыг  Путинээр ятгуулах далд зорилготой.  

 

Москвад болсон уулзалтаар ОХУ, АНУ хоёр орны харилцаа, Сири, Украины нөхцөл байдал, алан хядагчидтай тэмцэх, Ливи, Йемений зөрчил, хямрал зэрэг өргөн хүрээнд олон асуудлыг хэлэлцжээ.

 

Хэлэлцээнд ОХУ-ын талаас Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков, ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд, Интерфакс агентлагийн сэтгүүлчид оролцсон байна. В.Путин, Жон Керри нарын уулзалт ерөнхийдөө найрсаг уур амьсгалтай болж өнгөрсөн гэхэд болно. В.Путин, Жон Керри хоёр бүр наргиа хийж амжсан аж. В.Путин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын барьж явсан цүнхийг хараад “Наймаа хийх мөнгө авч яваа юм уу?” гэхэд Жон Керри “Тантай тусдаа уулзахдаа харуулна аа. Та их гайхах байлгүй” гэжээ. Жон Керригийн хоёр өдрийн айлчлалын турш түүний барьж явсан хар цүнх хэвлэлийн анхаарлын төвд байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс цүнхэнд нь юу байгааг асуухад “Энэ бол В.Путин бид хоёрын нууц” хэмээн хариулжээ. 

 

ОХУ Сириэс цэргээ гэнэт татсаны дараа Жон Керри Москвад айлчилсан нь санамсаргүй хэрэг биш байв. ОХУ өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Сирийн засгийн газрын өмнөөс босогчдод цохилт өгч эхэлсэн билээ. Сирид цэргийн ажиллагаа явуулсан нь ОХУ хэлэлцээний нэг хэсэг болохыг хүсч буйн шинж гэж шинжээчид үзсэн.

 

В.Путин, Жон Керри хоёр иргэний дайны хөлд нэрвэгдэж гүйцсэн Сири дэх цэргийн ажиллагааныхаа үр дүнг хэлэлцэж, эерэг үр дагавар авчирсан гэдэгт санал нийлжээ. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров  Жон Керритэй хийсэн уулзалтаар ОХУ, АНУ хоёр Сирид гал зогсоож, хүчирхийлэл намжих хүртэл хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохирсон гэжээ.  Харин хоёр тал Башар Ассадын дэглэмийг унагаж, түүнийг огцруулах асуудлаас илт зайлсхийж байгааг олон улсын шинжээчид хэлж байна.

 

 

Харин Украины тухайд Жон Керри АНУ-ын байр суурийг дахин тодорхой хэлж, Украины мөргөлдөөнтэй мужид гал зогсоох тухай Минскийн хэлэлцээрийг биелүүлж, Крымийг Украинд буцааж өгөхөөс нааш АНУ эдийн засгийн хоригоо цуцлах бодолгүй байгаа гэжээ. Уулзалтын үеэр сөхөгдсөн бас нэг асуудал нь Украины нисгэгч Надя Савченкогийн хэрэг байсан юм. Украинд болсон мөргөлдөөний үеэр Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэргээр ОХУ-ын шүүхээс 22 жил шоронд хоригдох ял авсан нисгэгчийг суллаж, эх оронд нь буцаана гэж найдаж буйгаа Жон Керри илэрхийлсэн юм. Украин нисгэгчид ял оноосон нь олон улсын зүгээс ОХУ-ыг буруутгах бас нэг шалтаг болсон билээ. Үүний хариуд В.Путин энэ асуудлыг сөхөх тохиромжтой цаг биш хэмээн хариулсан байна.

 

АНУ-тай таагүй харилцаатай байгаа ийм үед ОХУ баруун хилээс Номхон далайн арлууд хүртэлх нөлөөний хүрээнд цэргийн хүчээ зузаатгаж эхэлсэн билээ. 

 

АНУ-ын эдийн засгийн хориг болон газрын тосны үнийн уналтаас шалтгаалж эдийн засаг нь хэцүү байдалд байгаа ОХУ цэргийн хүчээ зузаатгах энэ төлөвлөгөөнд хэр их хөрөнгө зарцуулах нь тодорхойгүй байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ОХУ-ын хилийн ойролцоох НАТО-гийн цэргийн хүчийг эсэргүүцэх хоёр дивиз шинээр байгуулах болсноо мэдэгдсэн юм. ОХУ-ын баруун хил дээрх цэргийн баазад 1,100 орчим тээвэрлэгч онгоц, нисдэг тэрэг, танк болон зэвсэгт техникийг илгээх ажээ.

 

Харин алс дорнодын цэргийн бааздаа тэнгисийн пуужингаас хамгаалах систем, Японтой маргаантай байдаг өмнөд Куриллын арлууд дээр нисгэгчгүй онгоцнуудаа байрлуулах юм байна. Дэлхийн II дайны төгсгөлийн өдрүүдэд ЗХУ эзэлж авсан уг арлын маргаан нь ОХУ, Япон хоёр улсыг энхийн гэрээ байгуулахад саад болж ирсэн.  Харин ОХУ маргаантай арлууд дээр 300 км-ийн зайнаас харвасан пуужинг эсэргүүцэх чадалтай системийг байршуулахаар төлөвлөж байгаа юм.

 

Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр ОХУ мөн Куриллын арлууд дээр тэнгисийн цэргийн бааз байгуулах тухай ч бодсон зүйл байгаа бөгөөд ирэх зун Номхон далай дах хөлөг онгоцуудаа байршлыг нь судлуулахаар илгээх ажээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна