Нийтийн тээврээр зорчсон зардлыг нь нөхөн олгоно

2016 оны 3 сарын 28

Алслагдсан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд I улиралд нийтийн тээврээр зорчсон зардлыг нь нөхөн олгоно

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр  зорчиход нь зориулж  НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм.
 
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна.

Тиймээс нийслэлийн Засаг дарга журмын хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай А/240 дүгээр захирамж гаргаж, нийтийн тээврийн цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажил бүрэн хийгдэж дуусах хугацаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
 
Багануур, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-д заасан “цахим төлбөрийн карт”-ын оронд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил зохион байгуулахыг нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газарт үүрэг болгосон байна. Мөн тус дүүргүүдийн нутаг дэвсгэрт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлыг тухайн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, тээвэр зохицуулалтын  албадын  гаргасан гүйцэтгэл, тайланг үндэслэн гэрээний дагуу тухайн сарын баталсан төсөвт багтаан олгох юм байна.

Энэхүү захирамжийн дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр 2016 оны 1 дүгээр улиралд үнэ төлбөргүй зорчсон зардлыг нийслэлийн Тээврийн газраас  холбогдох журмын дагуу нөхөн олгоно.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна