“Дарханы хөгжил” олон улсын форум эхэллээ

2016 оны 3 сарын 28

Дархан хотыг олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэхээр зохион байгуулж байгаа “Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форум өнөөдөр өглөө нээгдлээ. Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд форумын үйл ажиллагааг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Оросын Холбооны Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Д.Доржиев, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын дарга Ли Жан Янг, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын худалдааны зөвлөх Огуз Куюумчи нарын зочид мэндчилгээ дэвшүүлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Нэгдсэн хуралдааныг “Дархан хотын хөгжлийн төлөв”, “Дарханы аж үйлдвэрийн хөгжил”, “Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд” гэсэн гурван асуудлаар хийж байна.

“Дархан хотын  хөгжлийн ирээдүй” сэдэвт үндсэн илтгэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тавив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам”, Гавъяат барилгачин Я.Шархүү “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Дархан Үйлдвэр технологийн парк”-ийн захирал Ц.Давааням “Үйлдвэр технологийн паркийн ирээдүйн хөгжил”, Ө.Мөнгөнсарнай “Гудамж төсөл”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн дэд захирал  К.Энхчулуун “Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор” зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлж байна. “Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форум  хоёр өдөр үргэлжилнэ.   

Ө.РАГЧААСҮРЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна