Дараа жил уулзалтлаа баяртай......"ПЭПСИ ЛИГ"

2016 оны 3 сарын 28

МХБХ-ны футзалын ордон өнгөрсөн оны 12-р сараас эхлэн үзэгчдийн уухай, тамирчдын шуугиулсан тоглолтоор тасраагүй билээ. Тэгвэл үүний хамгийн том, хамгийн сүүлийн тэмцээн болох футзалын дээд лиг “ПЭПСИ ЛИГ” ийнхүү өндөрлөж хаалтаа хийлээ. Өчигдрийн хамгийн сүүлийн тоглолт “Хоромхон” болон “Баянгол ФС” багуудын дунд явагдаж улмаар хожил байгуулж эсвэл тэнцэж оноо нэмэрлэн хүрэл медалийг энгэртээ зүүх байсан “Хоромхон” клүб энэ тоглолтонд 13-6 харьцаатай өрсөлдөгч багаа ялж шагналын тавцанд зогслоо. Мөн нэгэнт мэргэн бууч болох нь тодорхой болоод байсан Н.Наранболд тус тоглолтонд хеттрик хийн улирлыг 36 гоолтой дуусгаж чадлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн гадаа талбайн тэмцээнд 23 гоол оруулсанаар мэргэн бууч хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан. Н.Наранболд мөн 10-р тойргийн шилдэг тоглогчоор шалгараад байсан юм.

Ингээд хөлбөмбөг сонирхогч бид бүхний, амжилт гаргасан тамирчин бүрийн хүсэн хүлээсэн сэтгэл догдлуулсан мөч тулж ирлээ. МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “ПЭПСИ ЛИГ”-ийг хааж нийт оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ. Мөн хамтран ажиллаж лигийг ивээн тэтгэсэн “Жи-Эн-Бевережис” ХХК, Пэпси брэнддээ, МХБХ-ны тэмцээн уралдаан бүрийг үзэгч түмэнд эх орон даяар хүргэдэг А.Баярбат захиралтай “NTV” телевиз, хамгийн чухал хэсэг болсон үзэгчид, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ талархаж буйг минь хүлээн авна уу. Цаашдаа хамтран ажиллаж, олон ч тэмцээнийг зохиож хөлбөмбөгөө хөгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна хэмээн яриандаа онцоллоо.

Мөн үүний дараагаар “Жи-Эн-Бевережис” ХХК-ий маркетингийн албаны дарга Э.Энхжин нийт оролцсон багуудад баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэж гарын бэлгээ гардууллаа.

Нэгдүгээр сарын 9нд нийт 12 багийн дунд зохиогдож эхэлсэн “ПЭПСИ ЛИГ” шилдгүүдийг өнөөдөр зарлалаа. Шилдэг тэгш тоглогчоор “Хангарьд” клүбийн гол найруулагч А.Эрдэнэбаяр тодорлоо.

Шилдэг мэргэн буучаар 11 тоглолтын туршид нийт 36 гоолыг оруулж онцгой байж чадсан “Хоромхон” клүбийн довтлогч Н.Наранболд тодорлоо.

Шилдэг хаалгачаар аваргын алтан медалийн эзэд болсон “Улаанбаатарын Унаганууд” клүбийн хаалгач Н.Чанцал тодорлоо. Унаганууд клүб эсрэг багийн хаалганд нийт 105 гоолыг оруулж 25 гоолыг алдсан бөгөөд нэг тоглолтонд дунджаар 10,5 гоол оруулж 3,5 гоол алддаг гэсэн үзүүлэлттэй байна.

Тэмцээний шилдэг шударга шүүгчээр МХБХ-ны шүүгч Р.Жаргалсайхан тодорлоо. 

 

Тэмцээний хаалтын үеэр нэгэн гэнэтийн бэлгийг задаллаа. Энэ нь спортын мастер цол олгох тухай юм. Тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил сайн чанаруудыг бүгдийг харуулж олон жил зүтгэж яваа С.Ганхуяг /Хангарьд/, Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/, С.Гал-Эрдэнэ /Эрчим/, Т.Мөнхбаатар /Эрчим/ А.Хонгорзул /Улаанбаатарын Мазаалайнууд/ зэрэг тамирчидад спортын мастер цол тэмдгийг гардууллаа.

“ПЭПСИ ЛИГ”-ийн хүрэл медалийг эцсийн мөчид ялалт байгуулж байж хүртэх боломжтой болсон “Хоромхон” клүбд медалийг гардууллаа. Тэд 4 сая төгрөгийн эзэд болж буй бөгөөд  шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан, “Жи-Эн-Бевережис” ХХК-ий маркетингийн албаны дарга Э.Энхжин, “NTV” телевизийн захирал А.Баярбат болон Оптимус Интернэйшнл ХХК-ийн дэд захирал Дөлгөөнтамир нар гардууллаа.

Тэмцээний эхний өдрөөс л өнгөтэй байж дараалсан тоглолтуудыг хийж чухамхүү ганцхан ялагдал нь “Улаанбаатарын Унаганууд” клүбээс амссан “Хангарьд” клүб ийнхүү бахдам амжилтыг үзүүлэн мөнгөн медаль 6 сая төгрөгийн эзэд боллоо.

Тойрог бүрийн учраагаа бөмбөгний илүүтэй буулган авч байсан С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, П.Алтантулга ахлагчтай “Улаанбаатарын Унаганууд” клүб түрүүлж аваргын алтан медаль, шилжин явах цом болон 8 сая төгрөгийн эзэд боллоо. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn/mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна