Си Жинпин Чехэд хөрөнгө оруулна

2016 оны 3 сарын 28

 

Хятадын дарга Си Жинпин өнөөдөр /III.28/ Прагад айлчиллаа эхлүүлж байна. Тэрбээр бизнесийн төлөөлөгчдийн хамтаар Чехэд хоёр өдрийн айлчлал хийж байгаа юм. Хятадын даргын айлчлалын хүрээнд бизнесийн форум зохион байгуулагдаж, хөрөнгө оруулалтын гэрээнүүд зурагдах аж. Си Жинпин Чехийн ерөнхийлөгч Милош Земантай хоёр орны бизнесийн харилцааг дэмжиж, стратегийн түншлэлийн харилцааг байгуулахыг зорьжээ.

 

Чехийн ерөнхийлөгч Милош Земан 2013 онд сонгогдсоноосоо хойш НАТО, Европын холбооноос илүү ОХУ болон Хятадтай харилцаагаа бэхжүүлэхийг хичээж буй юм. Түүнчлэн дэлхийн II дайн дууссаныг тэмдэглэн Бээжинд өнгөрсөн есдүгээр сард болсон цэргийн сүрт жагсаалыг үзсэн Барууны ганц лидер нь Чехийн ерөнхийлөгч байсан аж. Хятад нь Чехийн худалдааны гурав дахь том хамтрагч орон бөгөөд хоёр талын худалдаа наймаа 21 тэрбум ам.доллараар хэмжигддэг байна.

 

Үүний зэрэгцээ Си Жинпинийг айлчлахыг эсэргүүцсэн хүмүүс Чехийн нисэх буудлаас хот орох гол автозам дагуу байрлуулсан Хятадын төрийн далбааг буруу харуулсан хэрэг гарчээ.

 

Чехэд орж ирдэг Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх нь эзэмшигч нь тодорхойгүй “CEFC” эрчим хүчний фирмээс ирдэг байна. Тус фирм нь өнгөрсөн онд Чехийн “J&T” санхүүгийн группын хувьцааны 9.9 хувийг худалдан авчээ. “J&T” санхүүгийн групп нь Чех, Словакт банктай, төдийгүй “Lobkowicz” шар айргийн үйлдвэр, “Slavia Praha” хөлбөмбөгийн клуб, “Travel Service” нисэх компанийн хувьцааг эзэмшдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна