Л.Гантөмөр Амоно Хирошиг хүлээн авч уулзлаа

2016 оны 3 сарын 28

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Нобелийн шагналт, эрдэмтэн Амоно Хирошиг хүлээн авч уулзлаа

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелын шагналт Амано Хирошиг хүлээн авч уулзлаа. Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura –ын хамтаар Нобелын шагнал хүртсэн юм. Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрч хөгжжээ. Энэ бүтээлийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмрээс дурдвал 2013 оны байдлаар дэлхийд 17,7 тэрбум долларын борлуулалт хийж 250,000 ажлын байрыг бий болгосон байна. 2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрэлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг юм. Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болжээ. Уулзалтын үеэр професор Амано “Биднийг эх орондоо урьж Монгол эрдэмтэн багш, оюутнуудтай хамтарсан судалгаа хийх боломж олгож байгаа Л.Гантөмөр сайд танд баярлалаа. Бид шинжлэх ухааны салбарт та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэсэн бол БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Бид Монгол улсыг шинжлэх ухааны орон болгохоор зорьж байна. Монгол хүн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж мэдлэгийн эдийн засагтай орон болох эхлэлийг цэцэрлэгийн наснаас эхлээд дээд боловсролд хүртэл шинэчлэн тавиж байна. Энэ зорилго биелхэд та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Монгол улсаас таны шавь нар олноороо төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Профессор Амано Хироши нь Монгол улсад 3 хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “ ЛЕД ГЭРЛЭЭР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ НЬ” сэдвээр нээлттэй лекц унших юм.

Мөн Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн лабораторитай танилцаж Нагояа их сургуулийн болон өөрийн нэрэмжит лабораторид Монгол улсаас оюутан сургах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм. Ингэснээр Монголын эрдэмтэн, судлаач нар Нобелын шагналт профессорын лабораторид судалгаа хийх боломжтой болж байна.

Б.БААТАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна