“S4” хамтлаг Хятадад бут авч байна

2016 оны 3 сарын 28

Монголын уран бүтээлчид дэлхийн өнцөг булан бүрт өөрийн орны нэрийг гаргасаар байна. Үүний нэг нь поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус юм. Өнгөрсөн жил “S4” болон beat box Баачка нар БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцож 8000 гаруй залуусаас шилдэг 14-т үлдэж шилдэг хамтлагаар тодорсон юм. Ингэснээр тэд Бээжин болон Шанхайн томоохон менежментийн компаниудаас хамтран ажиллах саналыг  авсан юм. Энэ саналын хүрээнд тэднийг Хятадад ирж тоглоочээ гэсэн урилгын дагуу БНХАУ-ын хотуудад энэ сарын 28-наас эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна. Энэхүү тоглолтыг  МУСТА дуучин С.Сэрчмаатай хамтран хийж байгаа юм. Өмнө нь Дуучин С.Сэрчмаагийн Хятадад болсон тоглолтонд “S4” хамтлагийнхан оролцож байсан билээ.Энэ удаагийн аялан тоглолтонд Beat box Баачка, Өвөрмонголын поп,рок "Цагаан шонхор" хамтлаг оролцож байна. "Цагаан шонхор" хамтлагтай “S4” хамтлаг 100 хувь амьд хөгжимтэй дуулах юм. Тэд 10 хоногийн турш Бээжин хотод тоглолтын бэлтгэлээ хийсэн байна.Тоглолтын зохион байгуулагчаар Хятадын Guna Music Production   ажиллаж байгаа бөгөөд тоглолтонд өөрсдийн хит дуунуудаа дуулахаас гадна Хятад, Англи хэл дээр дуулах юм байна.Хятад дахь  тэдний тоглолт болон уран бүтээлийг GMP нь  хариуцан ажилладаг байна. Тэд БНХАУ-ыг зорихын өмнөх нь анхны бие даасан цомогийн ажлаа дуусгасан байна. Цомгийн бүх ажил дууссан бөгөөд одоо зөвхөн хэвлэлт үлдсэн талаар хамтлагийн ахлагч Ц.Оюунбаяр мэдэгдсэн. Цомгийн нэр одоогоор хараахан тодорхойгүй байгаа ч “S4” хамтлагийн удаан хүлээсэн фэнүүдэд маш том бэлэг болох болвуу. Цомгийн уран бүтээлүүд бүгд шинэ дуунуудаас бүрдэх  бөгөөд МУСТА  төгөлдөр хуурч Б.Чинбат хөгжмийн зохиолч,продюссераар нь ажиллажээ. Цомгийн mixing mastering Сингапур улсад хийлгэсэн учир дуугаралтын хувьд шинэлэг болсоныг уран бүтээлчид хэлж байсан юм. “S4” хамтлаг нь поп акапелла урсгалаар уран  бүтээлээ туурвидаг бөгөөд залуусын сайн мэдэх “Дурлахаараа”,”Эмзэг дэлбээ”, “Би чамд хайртай” Реппер Данкатай хамтран дуулсан “We are one” зэрэг олон сайхан хит дуунуудтайгаас гадна дэлхийн алдартай уран бүтээлчдийн дууг өөрсдийнхөөрөө коверлон дуулж үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тухайлбал Pentatonix-“Daft punk”, Pharrell Williams-“Happy”, “Say something” зэрэг уран бүтээлүүдийг коверлон монголын үзэгчдэд хүргэсэн юм. “S4” хамтлагийн Хятад дахь аялан тоглолт Шанхай хотоос  эхэллээ. Шанхайн тоглолтын дараагаар Хонгконгийг зорих нь ээ. Уран бүтээлчидын аялан тоглолт ирэх сарыг дуустал үргэлжлэх юм.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна