Хавайд зааны ясны наймааг хориглоно

2016 оны 3 сарын 28

 

Хавайн хууль тогтоогчид зааны ясны худалдаа, наймааг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэрэв ийм хууль батлагдвал зааны ясны худалдаа, наймаагаар амьдралаа залгуулдаг арлын оршин суугчдын амьжиргааны эх үүсвэр үгүй болох гэнэ.

 

Хавайд өнгөрсөн жил үүнтэй төстэй хуулийн төслийг хэлэлцсэн боловч зааны ясан эдлэл, сийлбэрээр амьжиргаагаа залгуулдаг худалдаачдын эсэргүүцэлтэй тулгарч, унасан билээ. Гэсэн хэдий ч Африкийн зааныг хулгайгаар агнах нь жилээс жилд улам нэмэгдэж, тоо толгойд нь аюул заналхийлж буйгаас Хавайн хууль сахиулагчид хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болжээ.

 

Хавайн арал нь АНУ дах зааны ясны худалдаа, наймааны гурав дах том зах зээл ажээ. Өнгөрсөн жил тус улсын Калифорни, Нью Йорк зэрэг хотуудад энэ төрлийн худалдаа, наймааг хориглосон хууль гарсан юм. Хавайн хууль тогтоогчдын үзэж буйгаар зааны ясны худалдаа наймааг хориглохгүй бол энэ арал АНУ дах хуул бус наймааны хамгийн том зах зээл болж үлдэнэ гэж үзэж байна. 2002 онд Олон улсын байгууллагууд анхааралдаа авснаас хойш Африкийн зааны хулгайн ан урьд хожид байгаагүй хэмжээнд хүрээд байгааг тогтоожээ. АНУ-ын Зэрлэг амьтан болон загас хамгаалах агентлагийн мэдээлснээс үзвэл 2010-2012 оны хооронд л гэхэд 100,000 зааныг ясан эврийг нь авахын тулд хөнөөсөн байна.

 

Хавайн хууль тогтоох дээд, доод танхим зэрлэг амьтны эд эрхтэн, тухайлбал заан, хирсний эвэр, соёог худалдах, худалдан авахыг хориглосон төсөл санаачилсан ч хууль тогтоогчид үүнийг хэтэрхий ерөнхий төсөл гэж үзжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна