Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийг барьж дуусгана

2016 оны 3 сарын 28

Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа их бүтээн байгуулалтын нэгэн хэсэг болох Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлын нээлт, шавь тавих ёслол өнгөрсөн баасан гаригт боллоо.

Тэртээх 1983 онд анх БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу Эрдэнэтийн ДЦС–ыг барьж байгуулахаар шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж 1987 оны есдүгээр сард анхны зуух, турбин ашиглалтанд орсноос хойш 30 шахам жилийн дараа ийнхүү өргөтгөхөөр болж байна.

Өргөтгөлийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хөрөнгийг БНЧех Улсын Засгийн газар шийдвэрлэж, ТЭЗҮ-г тус улсын Грандера компани боловсруулж, хүлээлгэн өгчээ.

БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилт, Чингис бондын хөрөнгө оруулалтаар нийтдээ 53 сая ам.долларын зардлаар босох энэ өргөтгөл ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал 35 МВт-аар нэмэгдэж ойрын 15 жилийн хугацаанд Эрдэнэт хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй төвийн бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн эрчим хүчний систем сайжирч, тухайн бүс нутгуудад шинээр барилга байгууламж барих, бусад дэд бүтцийн төслүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.

Өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхээр БНХАУ-ын “Хунан Индустрал Экуйпмент Инстолэйшн” ХХК шалгарчээ. Урьд нь 2014 онд ДЦС-3 ТӨХК-ийг 50 МВт-аар өргөтгөх төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, чанарын өндөр түвшинд хүлээлгэж өгсөн энэ компани одоо нэг жилийн дотор Эрдэнэтийн ДЦС–ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэхээр  ажлаа эхлүүлж байна. 

Өргөтгөлийн ажлын нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт, БНХАУ-ын “Хунан Индустрал Экуйпмент Инстолэйшн” ХХК-ийн намын орлогч дарга Фү Жианг Хуа, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн, Сангийн яамны газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Шинэбаатар, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч С.Бассайхан нарын зэрэг албаны хүмүүс оролцож үг хэлж, баяр хүргэлээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Засгийн газраас эрчим хүчний салбарт улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилтээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр системийн суурилагдсан хүчин чадлыг цахилгаанд 173 МВт-аар, дулаанд 460 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 32 км дулааны шугам, 1064 км цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулж хэрэглэгчдийг цахилгаан, дулаанаар найдвартай ханган, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давж чадлаа. Эрчим хүчний салбар 2016 оныг “Хүртээмжтэй эрчим хүчний жил” болгон зарлаж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр том чадлын цахилгаан станцууд барих ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн угсралтын ажлыг өнөөдөр эхлүүлж байна” гэлээ. 

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Дангаасүрэн хэлэхдээ “Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Эрдэнэт хотод боловсруулах чиглэлийн жижиг дунд 59 үйлдвэр шинээр ашиглалтад оржээ. Цаашид аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан зэс боловсруулах болон төмөрлөгийн үйлдвэрүүд, , “Эко”, “Өнөр”, “Залуус”, “Элит” гэх мэт хэд хэдэн хорооллыг шинээр барихад цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрээр найдвартай хангахад энэ өргөтгөл нь чухал ач холбогдолтой учраас цаг үеэ олсон том бүтээн байгуулалт болж байна” гэв.

“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ганбаатар хэлэхдээ “Манай станцын хамт олны олон жилийн хүсэл мөрөөдлийн биелэл, инженер техникийн ажилтнуудын маань судалгаа шинжилгээний нөр их ажлын үр дүн, удирдах байгууллагууд, түүнийг удирдаж байсан үе үеийн сайд, дэд сайд удирдах ажилтны сэтгэл зүтгэлээр бүтсэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 МВт-ын турбогенератороор өргөтгөх бүтээн байгуулалтын  ажил ийнхүү эхлэж байгаад туйлын баяртай байна. Энэ бол миний хувьд сүүлийн 20 жил ярьж хөөцөлдөж явсан ажил юм шүү” гэв.

Дашрамд дурдахад сүүлийн 30 шахам жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн чухал үйлдвэрлэлийн бүсийг болон аж үйлдвэрийн томоохон хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай ханган Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилтэнд оруулсан хувь нэмрээрээ  “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК нь МХАҮТ-ийн “ТОП аж ахуйн нэгж”-ээр 11 удаа шалгарч, 2015 оны Эрчим хүчний салбарын тэргүүний байгууллага,  төрийн өмчийн эзэмшлийн гэрээний үүргээр улсдаа тэргүүний компани болж, үйл ажиллагаа нь тогтворшсон бүтээлч хамт олон болж чаджээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна