А.Энхтулга: Монголд тоглогдож байгаагүй урсгал гаргаж ирэхийг хүсдэг

2016 оны 3 сарын 28

“Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.


-“Lemons”хамтлаг тун удахгүй тоглолтоо хийх гэж байгаа тухай сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хамтлаг тавдугаар сард бие даасан амьд тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон. Хамтлаг нийтдээ гурван цомог гаргасан байгаа. Тоглолтдоо эдгээр цомгийнхоо дуунуудаас дуулна. Тун өвөрмөц, гоё тоглолт болно гэж найдаж байна. Сонсогчдын маань санал бодол бидэнд хамгаас үнэтэй учир ямар дуунууд сонсох хүсэлтэй байгааг нь цахим хуудсаараа дамжуулан авч байгаа.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн онд “Lemons-III”цомгоо гаргаж, тоглолтоо хийсэн. Маш амжилттай болсонд бид тун баяртай байгаа. Энэ тоглолт маань 2015 оны шилдэг тоглолт, цомог маань шилдэг уран бүтээлээр шалгарсан шүү дээ. Мөн шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Бид амьд тоглолтоо хийснийхээ дараа шинэ цомгийн ажилдаа орно. Амжвал энэ ондоо дөрөв дэх цомгоо гаргана. Үгүй бол шинэ онтой зэрэгцэн шинэ цомгоо сонсогчиддоо хүргэхээр төлөвлөж байгаа.

-Танай хамтлаг байгуулагдаад арав гаруй жил болсон байна. Шинэ залуу хамтлаг дуучдыг гаргаж ирэхээр хамтарч ажиллаж байгаа юу. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий юү?

-Мэдээж хэрэг шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахыг хүсэлгүй яахав. Гэхдээ хамтлагийнхан маань уран бүтээлийн ажил гээд цаг зав муутай байдаг. Ойрын жилүүдэд шинэ уран бүтээлчидтэй хамтарч ажиллах боломж хараахан байхгүй л дээ. Харин цаашид бидэнд бодож төлөвлөж байгаа зүйл их бий. Цаг нь болохоор хүмүүст хүргэнэ.

-Та бүхэн цаашдын карьераа хэрхэн төсөөлж байна вэ?

-Монголд олон жил амьд хөгжимд үнэнч байж, уран бүтээлээ туурвисаар байгаа олон сайхан хамтлаг бий. Бид хөгширтлөө үзэгч сонсогчидтойгоо хамт байж, шинэ уран бүтээлээ туурвисаар байх болно. Монголд өмнө нь тоглогдож байгаагүй урсгалыг гаргаж ирж, түүгээрээ дамжуулан хүмүүсийн амьдрал, үзэл бодолд, тэр байтугай хувцасны стильд нь хүртэл нөлөөлөхийг зорьдог.

-Амьд хөгжмийн хамтлагийн гишүүн учир энэ чиглэлийн дуу хөгжим байнга сонсдог байх. Үүнээс өөр ямар дуу сонсдог вэ?

-Рок дуу сонсоно. Гэхдээ ихэнхдээ хуучны хип хоп дуунууд сонсох дуртай. Шинэ залуу уран бүтээлчдийн дуунуудыг ч мөн сонсоно. Ер нь яг тийм ийм гэсэн урсгал, уран бүтээлчдэд баригддаггүй.

-Саяхан “Рок Монгол-2016” наадам боллоо. Танай хамтлаг яагаад оролцоогүй юм бэ. Ер нь олон улсын амьд хөгжмийн наадмуудад хэр их оролцдог вэ?

-“Рок Монгол-2016” наадамд оролцоогүй. Манай хамтлаг олон улсын амьд хөгжмийн наадамд тийм их оролцоод байдаггүй.

Б.БАДАМГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна