Гиннес дэх Монголын орон зай

2016 оны 3 сарын 28

Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “Гиннесийн ном”-ын тухай мэдэхгүй хүн ховор биз ээ. Харин хэрхэн үүссэн, ямар шалгуураар бүртгэдэг, бичигдсэн хүмүүст хэчнээн хэмжээний шагнал урамшуулал өгдөг гээд нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй л болов уу. Дэлхийн хамгийн алдартай номд Монголын минь орон зай ч бий.   

Гиннесийн тухай 

Ихэнх хүн “Гиннес”-ийг уг номыг анхлан санаачилсан хүний овог гэж ойлгодог. Гэвч энэ буруу юм. “Гиннес” бол шар айраг исгэдэг Ирландын компанийн нэр. Ном бий болсон түүх энэ компанитай холбоотой гэдэг нь харин үнэн. Компанийн тэргүүнээр дөнгөж сонгогдоод байсан Хью Бивер дээд амжилтын номыг анх санаачилсан байдаг. Гэхдээ эхэндээ дэлхийн дээд амжилтаас гадна Ирланд, Шотландын уушийн газрууд, шар айрагт дурлагсдыг мэдээллээр хангах зорилго агуулж байж. Түүний энэ санаа Крис Чатавей, ах, дүү Мак Уайртер нарын санаанд гойд нийцсэнээр 1955 онд анхны “Гиннесийн ном” хэвлэгджээ. Шинэ ном тэр дороо л уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд хоёр дахь хэвлэлт нь таван сая хувиар борлогдсон гэдэг.

Хэрхэн бичигдэх вэ

Гиннесийн номд хэн ч нэрээ бичүүлж болох боловч дараахь гурван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

-Хэмжих боломжтой байх

-Байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх

-Хожим хэн нэгэн эвдэх боломжтой байх

Таны сонгосон үзүүлбэр, ур чадвар дээрх шалгууртай зөрчилдөхгүй байвал мэдүүлгээ өгч болно. Биеэр очих албагүй. Гиннесийн албан ёсны цахим хуудас guinnessworldrecords.com-д хандахад л болно.  

Дээд амжилтын төлөө хэдийг төлдөг вэ  

Гиннесийн дээд амжилтын номд нэрээ бичүүлсний төлөө маш өндөр мөнгөн шагнал хүртдэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Гэвч энэ нь буруу юм. Дээд амжилт тогтоосон хүмүүст батламжаас өөр юу ч өгдөггүй. Номд бичигдсэнээр олж авах алдар хүнд л тухайн хүний хүртэж буй хамгийн том шагнал юм. Гиннесийн номд бичигдэнэ гэдэг өөрөө асар их нэр хүндийг дагуулж байдаг. Үүнийг  хэдэн  зуун мянгаар хэвлэгддэг сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт гарсантай харьцуулах ч аргагүй. Гиннес бол дэлхийн хамгийн өндөр борлуулалттай ном. Түүнд бичигдсэнээр алдар нэр өөрөө л хүрээд ирнэ. Харин түүнийгээ хэрхэн ашиглах нь тухайн хүний ухаан мэдэх хэрэг. Туршлагаас харахад, Гиннесийн номд би­чигд­сэн хүмүүс телевизийн шоу, арга хэмжээнд оролцох урилгаар тасардаггүй бөгөөд үүнийхээ төлөө багагүй урамшуулал хүртэж, амьдрал нь дээшилдэг байна.
Дэлхийн хамгийн олон хувь хэвлэгдэж, хамгийн олон хүнд хүрдэг, хамгийн алдартай энэхүү номд Монголын гэсэн тодорхойлолттой ямар дээд амжилтууд байгааг сонирхуулъя.     

Хамгийн олон морьтны жагсаал

Дэлхий дээр хамгийн олон морьд оролцсон  уралдаан болдог тэр өдөр мөн түүхэнд хамгийн олон морьтон оролцсон сүрт жагсаал Хүй долоон худагт болж Гиннесийн номд бичигдсэн. Жагсаалд 11.125 морьтон оролцсоны дотор хоёр ой, найман сартай Г.Үүрцайх, 90 настай Г.Дашчоймбол нар байв. 
Дашрамд дурдахад, ММСУХ анх 3000 морьдын уралдаан, 10 000 морьтны жагсаал зохион байгуулахаар төлөвлөсөн ч хурдан морьдын уралдаанд 4249, жагсаалд 11.125 морьтон оролцож, төлөвлөгөө даван биелжээ. 

Хамгийн олон тэмээний уралдаан 

Гиннесийн дээд амжилтын номд одоогоор монгол­чуудын оруулсан хамгийн сүүлчийн хувь нэмэр нь хамгийн олон тэмээ оролцсон уралдааныг зохион байгуулсан үйл явдал билээ. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан уг уралдаанд 1108 хурдан тэмээ оролцож, дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Уралдаан 15 км-т зохиогдсон бөгөөд түрүүлсэн тэмээ 35 минут, 12 секундэд барианд оржээ.   
Дэлхий дээр 19 сая тэмээ байдгийн долоон сая нь Сомалид байдаг. Тиймээс хэзээ нэг өдөр хамгийн олон тэмээ оролцсон уралдааны дээд амжилт шинэчлэгдэж магадгүй. Гэхдээ хоёр бөхтэй буюу бактриан тэмээ оролцсон гэдэг дээд амжилт Монгол Улсад хадгалагдсаар байх нь дамжиггүй.  Учир нь дэлхий дээр хоёр бөхтэй тэмээ буюу бактриан хоёр сая шахам толгой байдгаас 367.9 мянган толгой нь Монголд бий. Түүх сөхвөөс, Монгол Улс 1954 онд 895.3 мянган тэмээ тоолуулж байжээ. 

Хамгийн том газар нутаг, хамгийн цөөхөн хүн ам

Агуу өвөг дээдсийн­хээ ач буянаар Монгол Улс “Хүн ам хамгийн сийрэг суурьш­сан улс” гэсэн бахар­хам үзүү­­лэлтээр шууд Гин­нес­ийн дээд амжил­тын номд нэрээ дархалжээ. Гэх­дээ зарим үзүүлэлт нь Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар бо­лон бу­сад байгууллагаас тог­тоо­сон албан ёсны ба­римтаас зөрж байгааг тэм­дэг­­лүүштэй. Албан ёсны цахим хуудсанд нь байгаа мэдээлэлд “Монгол Улс 2011 оны байдлаар 3.133.318 хүн амтай, 1.564.160 км2 нутаг дэвсгэртэй. Нэг км2 тутамд хоёр хүн ногдож байна” хэмээн бичигдсэн байна. УБСЕГ-ын тооцоогоор бол монгол­чууд бид 2015 оны хоёрдугаар сард гурван саяуулаа болсон билээ. Өчигдрийн байд­лаар Монгол Улсын хүн ам 3.074.550 болоод байв. Газар нутаг ч 1.566.600, 1.564.116 гэхч­лэн янз янзаар бичигдсэн байна. Үүнийг хол­бог­дох байгууллагууд анхаа­­ралдаа авч, нэг мөр болгох­гүй бол улсынхаа газар нутгийн хэмжээг ч мэдэх­гүй бүхэл бү­тэн үе өсч өндийж байна.   

Харийн спортоор дээд амжилтын номд 

Гиннесийн дээд амжилтын   номд одоогоор ганцхан монгол хүн “ганцаарчилсан” тоглолт хийж нэрээ дархалсан нь мэргэжлийн сүмогийн их аварга Мөнхбатын Даваажаргал. Японы үндэсний спорт сүмо бөхийн жилд болдог зургаан тэмцээн, 90 барилдааны 86-д нь  давсан  гайхамшигт амжилтыг нь Гиннесийн дэд амжилтын номд албан ёсоор бүртгэсэн байдаг аж.  

Хамгийн эрсдэлтэй морин уралдаан 

Дэлхийн хамгийн хол зайд явагддаг морин уралдаан Монголд болдог. “Монгол дерби” гэж нэрлэгддэг уг уралдаан анх 2009 онд зохион байгуулагдсанаасаа хойш жил ирэх бүр оролцогчдын цар хүрээ нь нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил Төв аймгийн Эрдэнсант сумаас Хөвсгөл нуурын чиглэлд зохиогдоход морин спортын олон улсын 40 гаруй тамирчин оролцжээ.  

Хамгийн олон бөх оролцсон тэмцээн

Монголыг дэлхийд Чингис хаан, цэлмэг тэнгэрээс гадна бөхчүүдээр нь мэддэг. Улсынхаа нэрийн хуудас болсон тэдний орон зай Гиннест ч бас байна. “Хамгийн олон бөх оролцсон тэмцээн” зохион байгуулсан дээд амжилтыг Монгол Улсад, монголчууд тогтоосон байна. 2011 оны есдүгээр сарын 17-25-ны хооронд болсон тэрхүү түүхэн үйл явдалд Монгол Улсын 18 аймаг, гурван хот, 325 сумаас 6002 хүчтэн ирж оролцжээ. Өмнөх дээд амжилтыг элэг нэгт өвөрмонголчууд 2004 онд 2048 бөх барилдуулан тогтоож байв. 
Гиннесийн номд манайхны энэхүү амжилтыг тэмдэглэхдээ “Оролцогсдын зарим нь 1700 км зам туулан ирсэн”-ийг онцлон дурджээ. Монгол Улсын аймаг, сум бүр Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг. Аймаг, хот, сум бүр баяр наадмаа тэмдэглэж бөх барилдуулдаг. Тэдгээрт зодоглосон бөхчүүдийн тоог гаргавал 20-30 мянга лавтайяа хүрнэ. Тиймээс энэ амжилтаа дахин шинэчлэх боломж бий.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ARDIINERKH.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна