Заан цолны хүндэтгэлд харцага Ц.Содномдорж түрүүлэв

2016 оны 3 сарын 28

Монгол улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Монголын бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Нэгийн давааны эхэнд Хөвсгөл аймгийн харьяат, сумын заан Э.Өлзийсайхан аварга Г.Эрхэмбаярыг хутгаж өвдөглүүлснээр барилдааныг дуулиантайхан эхлүүлсэн.

 Ч.Адъяа, Ц.Санжаа, Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, Д.Долгорсүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, Д.Хишигдорж, О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн, Ч.Санжаадамба нарын  заан цолтнууд хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхохоор индэрт тухалжээ.

Барилдаанд гарьд Рагчаа, харцага Содномдорж нар түзрүү булаалдан Содномдорж харцага давхар шуудагнаас тэрүүхэнд нь мушгиж давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодров. Энэ хоёр бөх 10 насны зөрөөтэй. Рагчаа гарьд шиг 40 насандаа өөрөөсөө 2-3 үе дүү залуустай эн тэнцүүхэн өрсөлдөн, түрүү булаалдан их болон дунд шөвөгт шалгарсаар байгаа тун цөөхөн. Ясны бөх дөө гэж үзэгч олон ам дамжин шагшсаар өндөрлөцгөөв. Харцага Содномдорж багагүй жин нэмсэн харагдав. Бэлтгэл ч сайн байгаа нь гарцаагүй. Их шөвөгт Баасанхүү начинтай тунаж хутгахад нь дагуулж өргөж хавираад давсан юм. Харин гарьд Рагчаа заан Санчирыг давуулж гуядаад хаясан.

Зургаагийн даваанд Гончигдамба гарьд нэлээд харамсалтай барилдаан хийчихэв бололтой. Баасанхүүг хутгах гээд өөрөө халтираад чирэгдчихэв үү гэмээр харагдсан.  Зарим үзэгч Баасанхүү начнаас багахаан этэх маягийн юм давхар орчихлоо гэлцэж дуулдсан. Харин бяртай, аралтай заан Санчир цол нэгт Батмөнхийг амалан давхар шуудагны барьцнаас зүүн талд нь мордоод хаячихав. Содномдорж Пүрэвдагва нар тунан барилдахдаа Пүрэвдагва Содномдоржийн давхар шуудагны барьцны нэгийг нь халж тавиулаад тонгосхийхэд нь Содномдорж маш хурдтай далбааны арын барьц аван давуулж гуядаад давчихна лээ.

Тавын даваанд гарьд Рагчаа а.н.н Аззаяаг давхар шуудагнаас шахаж татаад давав. А.н.н Аззаяа өмнөх даваанд нь арслан Батсуурийг барьц сонгон хашиж мордоод давсан байлаа. Заан Батмөнх начин Дашийг амалж хөлд нь орж дэрлээд давсан бол начин Баасанхүү харцага Өсөх-Ирээдүйг хутгаад давсан юм.

А.а Батсайхан дөрвийн даваанд заан Өсөхбаярыг барьц сонгон давжээ. А.а Бат-Оршихын тахимдах мэх Гончигдамба гарьдад тун ширүүхэн орж ирсэн боловч гарьд зайлж дараад арсланг өвдөглүүлчихсэн юм. Батмөнх заан а.а Бат-Эрдэнийг зайлаад тун даацтай хавирсан.

Гончигдамба гарьд гурвын даваанд а.а Хангайг амалсан нь шилдгүүдээс шилсэн сайхан барилдааны нэг байлаа. Хангай арслан ч гарьдтай маш сайн барилдсан. Хурц арслан Жаргалбаяр а.н Берекед хөлөө алдчихсан бөгөөд цаана барилдаж байсан хоёр бөхөд тулангуутаа барьцаа тавиад гэдийгээд зогсчихсон. Засуул зогсоосон уу, эсвэл өөрөө зогсов уу... Ямартай ч барилдаан цааш үргэлжилж хөлөө алдсан чигтээ түрээд Жаргалбаяр давчихна лээ. Береке хоёрын даваанд Сангисүрэн начингийн хөлд төвөгүйхэн ороод дэрлэчихсэн.

Хоёрын даваанд ч олон сонирхолтой барилдаан гарсан. А.н Мөнхтогтох Соронзонболд зааныг тахимдаад, а.н.н Бэлгүтэй харцага Цацабширийг голлож дайраад, начин Энхбат а.н.н Ганбатыг суйлаад, а.х Баянмөнх Цогзолдорж начинг тойруулж шахаж татаад, а.а Хангай а.а Баянмөнхийг тахимдаад, а.а Бадарч а.з Батцэнгэлийг дагуулж мушгиад, ц.н Энхсайхан начин А.Батмөнхийг бусгаад тун гоё давсан гээд олон барилдааныг онцолж болохоор байлаа.


Тавын даваа

1.      Д.Рагчаа у.г –Д.Аззаяа а.н.н

2.      Б.Гончигдамба у.г –Н.Батсайхан а.а

3.      Т.Санчир у.з –Г.Баасандорж у.н

4.      Б.Батмөнх у.з –Э.Даш у.н

5.      Ц.Содномдорж у.х –М.Бадарч а.а

6.      Т.Өсөх-Ирээдүй у.х –Т.Баасанхүү у.н

7.      Э.Энхбат у.ө.и.н –Р.Пүрэвдагва у.ө.и.н

Зургаагийн даваа

1.      Д.Рагчаа у.г –гоц мөргөсөн

2.      Б.Гончигдамба у.г –Т.Баасанхүү у.н

3.      Т.Санчир у.з –Б.Батмөнх у.з

4.      Ц.Содномдорж у.х –Р.Пүрэвдагва у.ө.и.н

Долоогийн даваа

1.      Д.Рагчаа у.г –Т.Санчир у.з

2.      Ц.Содномдорж у.х –Т.Баасанхүү у.н

Наймын даваа

1.      Д.Рагчаа у.г –Ц.Содномдорж у.х

    /үзүүрлэсэн/     /түрүүлсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна