Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэв

2016 оны 3 сарын 28

Иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэвлэлийн хурал хийлээ. Маргааш ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг дэмжихгүй байгаагаа мэдэгдээд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хандахаар болсон тухай дуулгасан юм. 

Ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

“Өнгөрсөн хугацаанд ураны хор уршгийн талаар олон удаа мэдээлсэн. Ингээд “Арева” компани дампуурсан учраас урантай холбоотой ажиллагаа манай улсад дахиж явагдахгүй гэсэн төсөөлөлтэй байсан. Гэвч эрх баригчид олон улсын конвенцэд нэгдэх нэрээр ураны ажиллагааг дахин эхлүүлэхээр зэхэж байгааг бид эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Засгийн газар маш их зээл авсан. Энэ зээлийн төлбөрийг уранаар төлөхөөр шийдсэн гэдэг хардлага байна. Ялангуяа Энэтхэг, Франц, Хятад, Азийн хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг төлөх гэж байна гэж хардаж байна. Уран бол маш хортой. Дундговьд үүссэн олон асуудлыг нуун дарагдуулсан. Тиймээс бид энэ асуудлыг зайлшгүй олон нийтэд мэдэгдэх ёстой гэж үзсэн учраас хэвлэлийн хурал хийж байна. Хэрэв дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх юм бол Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүн малын эрүүл аюулгүй байдалд ноцтой хор учирна” гэж "Гал үндэстэн" холбооны дэд тэргүүн Я.Хундаганаа хэллээ.        

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа албан бичигт “Монгол Улсын Засгийн газар “Цөмийн хог хаягдлыг булшлахгүй гэдгийг ээлжит бус чуулганаар  хуульчлахаар боллоо” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж ард түмний толгойг эргүүлж байна. Гэтэл эдгээр конвенцэд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх заалтууд байгаа юм. Тухайлбал 1997 оны Веннийн конвенцийн 11 дахь заалтад “Цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байх” гэсэн томьёолол бий. Энэ нь уран экспортолсон тухай улс өөрөө цөийн ашигласан түлш буюу цөмийн хаягдлаа буцааж авах үүргийг олон улсын гэрээ конвенциэр өөртөө хүлээж авч байгаа явдал юм. Монгол Улсын Засгийн газар 2015 онд Францын “Арева” компанид ураны ашиглалтын гурван лиценз олгосон бөгөөд 2017 оноос уранаа экспортлохоор ажиллаж байна. иймд дээрх конвенцийн дагуу экспортолсон ураныхаа цөмийн хаягдлыг Монгол Улсад эргүүлэн авах үүргийг олон улсын өмнө хүлээж байна. Иймд МАН-аас УИХ-д сууж буй эрхэм гишүүд та бүхнийг улс эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан энэхүү хуулиудыг батлахгүй байна гэдэгт итгэж байна хэмээжээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна