“Монгол коммент”-ийн хөтлөгч М.Батбилэгт туслахыг уриаллаа

2016 оны 3 сарын 28

TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч, редактор М.Батбилэгийн эхнэр Г.Наранбилэг нь хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байгаа аж. Иймд сэтгүүл зүйн салбарын найз нөхөд нь хамтран түүний эхнэрт туслах хандивын аян эхлүүлсэн  тухайгаа хэвлэлийн хурлаар мэдээллээ.

Түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хорт хавдар өвчний улмаас химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмчилгээг урт хугацаанд хийлгэхгүй бол амь насанд нь халтай гэдгийг БНСУ-ын эмч нар хэлсэн байна. Мөн дараагийн химийн эмчилгээний зардлыг ирэх дөрөвдүгээр сарын 14-нөөс урьтаж олох зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Сэтгүүлч М.Батбилэг нь эхнэрээ эмчлүүлэхээр Тайланд, БНСУ-аар явжээ.   Одоогоор санхүүгийн хүндрэлд ороод байгаа аж. Иймээс салбарын найз нөхөд, ажлын хамт олных нь зүгээс “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг өрнүүлэхээр шийдсэн байна.

М.Батбилэгтийн хамтран зүтгэгч, ТВ9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргал хэлэхдээ: “Билгээ маань өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд чөлөө аваад явснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ТВ9 телевизийн зүгээс Билгээтэйгээ, гэр бүлийнхэнтэй нь байнгын холбоотой байж эхний эмчилгээнд явах зардалд дэмжлэг үзүүлсэн. “Монгол коммент” нэвтрүүлгийн мянга мянган үзэгч, ард түмэн маань дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.

Хэвлэлийн хуралд оролцсон ард түмэнд “Шилэн Цогоо” гэдэг нэрээр танигдсан Б.Цогтгэрэл хэлэхдээ: “Энэ оны эхнээс Билгээ маань эхнэрээ Тайландын Бумрунгранд эмнэлэгт эмчлүүлж багагүй хугацаанд байсан. Ханийх нь өвчнийг эмчлэх боломжтой гэж Тайван, БНСУ-аас хариу ирүүлсэн юм билээ. Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хэмжээнд уг өвчнийг гэтэлж давъя гэж эр хүний сэтгэлийн тэнхээгээр хандсан. Гэтэл өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээдээ хандаж , ятгаж байгаад ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болж ард иргэдийнхээ хэлье  гэсэн үгийг хэлж явдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг хүсч байна” гэсэн юм.

Дашрамд, “М.Билэгээгийнхээ гэр бүлд тусалцгаая” фэйсбүүк хуудсыг ажиллуулж байгаа бөгөөд хандив өргөх  данс Хаан банк 5007453924, Голомт банкны 1109126632 дугаарын дансанд хандив өгч болох нь. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн салбарынхныг “Сэтгүүлч М.Батбилэгт туслах хандивын аян”-ыг дэмжиж оролцохыг уриалсан юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна