“Ай Ти Эм-2016" Монголиа үзэсгэлэн зохион байгуулагдлаа

2016 оны 3 сарын 28

“Ай Ти Эм-2016" Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

 

БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос “Ай Ти Эм-2016" Монголиа олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

 

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг үзэсгэлэнг нээсэн бөгөөд, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд Тимур Цыбиков, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны орлогч дарга Жин Зиа Нин нар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн.

 

Энэ жилийн аялал жуулчлалын үзэсгэлэнгийн албан ёсны түнш байгууллагаар Дорноговь аймгийн ЗДТГ оролцлоо.

 

17 дахь удаагийн үзэсгэлэнд тур оператор компани, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компани, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 250 гаруй байгууллага, бизнес эрхлэгч оролцож үйл ажиллагаагаа сурталчиллаа. 

 

 

БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй төрийн төлөөлөгч, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцлоо.

 

Хойд, урд хөрш орны аялал жуулчлалын бизнес эрхлэгч байгууллагуудтай харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлага, Монголд баригдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхууллаа.

 

Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тур оператор, жуулчны бааз, зочид буудал зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжийг ч мөн олгосон юм.

 

Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд үндэсний 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 8000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчдод бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан гэх тоон мэдээлэл бий. Энэ нь уг үзэсгэлэн жилээс жилд хүрээгээ тэлж буйг илтгэж байгааг албаныхан онцоллоо.