Сургуулиа бус мэргэжлээ сонго

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Сургуулиа бус мэргэжлээ сонго

Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат саяхан болсон Хөгжлийн чуулган дээр “Монгол Улсад хуульч, эдийн засагч, малчин гэсэн гуравхан мэргэжилтэн байдаг. Гэтэл аж үйлдвэр, уул уурхайн салбар чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнээр ангаж байгаа”-г дуулгав. Малчдыг саяхан болтол мэргэжилтэн гэж үзэж байсангүй. Харин хуульч, эдийн засагч дээр эмч, багш, цагдаа гэсэн нэг хоёрхон мэргэжлийг нэмэхэд л бидний сонгодог нийтлэг мэргэжлийн жагсаалт өндөрлөнө.  Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөгч хүүхдүүдийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д аз сорих мөч гэхээсээ илүү амьдралын замналаа сонгох эгзэгтэй агшин ирээд байна.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд ЕБС-ийг төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд элсэн ордгийг судалгааны дүн харуулжээ. Төгсөгчдийн 80 хувь гэдэг асар өндөр тоо. Магад энэ өнгөөр харвал хэдэн жилийн дараа монголчууд бүгдээрээ дээд мэргэжилтэн болж мэдэх нь. Эцэг эхчүүд ганц хоёрхон хүүхдээ бусдын дайтай явуулах сан гэхдээ дээд сургуулийн бараа харуулж байж санаа амардагаас ийн толгойтой бүхэн дээд сургуулийг зорьж байгаа. Харин  дээд мэргэжилтнүүдийн хэдэн хувь нь мэргэжлийнхээ ажлыг хийж байна вэ, хүүхдүүд мэргэжлээ зөв сонгож байна уу гэвэл өөр өнцөг харагдаад байгаа юм.

ЕБС төгсөгчдийн дунд  “Би МУИС-д л ормоор байна, АШУИС-т орж, эмч болж л байвал мэргэжил нь хамаагүй, ШУТИС бол жинхэнэ эрчүүдийн сонголт” гэхчилэн ярих хүүхдүүд цөөнгүй байна. Тэд  мэргэжилээ сонгохоосоо өмнө сургуулиа сонгодог болжээ. Суралцаж буй сургуулийн нэр хүнд чухал хэдий ч ажлын талбарт эзэмшсэн мэргэжил, сурсан эрдмээр нь зааглахаас бус “СУИС төгссөн юм, авьяасгүй байсан ч ажиллуул” гэсэн хууль үйлчилдэггүй билээ. Улсын сургуулийн нэр хаягт татагдсан 100 хүүхдээс нэг нь л шилэгдэж таарна. Гологдож үлдсэн 99 нь улсын сургуульд багтаагүй учир ижил төстэй хувийн сургууль бараадах нь бий. Үүнээс үүдэн мэргэжилдээ дургүй, сургуулиа арайхийж төгссөн дипломтой ажилгүйчүүдийн тоо  нэмэгсээр байгаа нь харамсалтай.

Социологийн шинжлэх ухааны доктор  Х. Гүндсамбуугийн судалгаагаар оюутнуудын 21.9 хувь нь эхлээд сургуулиа, 38.7 хувь нь мэргэжлээ, 18.2 хувь нь хоёуланг нь зэрэг бодолцож, мэргэжлээ сонгосон байжээ. Гэтэл нөгөө талд  ажилгүй байгаа залуусын ихэнх нь мэргэжлээ буруу сонгосон байдаг байна. Тиймээс мэргэжил сонгохдоо өөрийн сонирхлоо дагаж, сургуулиа биш мэргэжилээ урьтаж сонгох, сонгосон мэргэжлийнхээ дагуу ажлын байраа судлаач ээ хэмээн ЕБС төгсөгчдөд зөвлөмөөр байгаа юм.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдгийг онцлоод “Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд ердөө 50 дотор нь эргэлдэж сонголтоо хийдэг. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлын дагуу мэргэжлээ сонгосон, 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгсөн бол ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олдохгүй байна гэсэн шалтгаанаар ажил хайж байна” гэдгийг онцолсон юм.  Эндээс дээд  сургууль төгсөнө гэдэг амьдралын баталгаа мөн үү, их сургууль төгссөн хэрээрээ их цалин авах уу гэсэн асуулт ч гарч ирэх нь мэдээж. Өнөөдөр МСҮТ төгссөн, ур чадвартай, сайн тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авч буй тохиолдол цөөнгүй.

Судлаач Р.Сэлэнгээгийн “Мэргэжил сонголтын социологийн асуудал” судалгаанд хот, хөдөөгийн нийт 8, 10-р ангийн 200 сурагч хамрагджээ. Судалгаанд оролцогчдын 53.3 хувь нь сурагчдад өөрсдийн хүссэн мэргэжлээ сонгон эзэмших боломж бага байдаг хэмээгээд үүнийгээ хангалттай хуваарь ирдэггүй, суурь боловсролын чанар муу, мэргэжил сонголтод эцэг, эхийн нөлөө их зэрэгтэй холбон тайлбарлажээ.

-“Өөрсдийн сонгож буй мэргэжлийнхээ тухай хэр мэддэг бэ ?” гэсэн асуултанд хүүхдүүд:

  1. Хангалттай сайн мэднэ 6.4%

  2. Ерөнхийд нь мэднэ 63.4%

  3. Сайн мэдэхгүй 26.6%

  4. Огт мэдэхгүй 1.2% гэснээс үзэхэд сурагчдын мэргэжлийн тухай мэдлэг нийтдээ ерөнхий буюу төсөөлөл багатай байна гэж судлаач дүгнэжээ.

Судлаач сурагчдын дунд ямар мэргэжил их нэр хүндтэй байгааг тодорхойлох зорилгоор “Таны бодлоор дараах зүйлсийн аль нь мэргэжлийн нэр хүндэд илүү нөлөөлдөг бэ?” гэсэн асуулт тавьж, хариулт авчээ. Үүнд,

  1. Өндөр мэдлэг, чадвар шаарддаг 40%

  2. Ирээдүйн баталгаа сайтай 25.2%

  3. Өндөр хариуцлагатай 23.2%

  4. Бусдад буянтай үйлс хийдэг 16.4%

  5. Тухайн мэргэжлийн хүмүүс олны танил болдог 13.6%

  6. Орлого ихтэй 9.2%

  7. Бусдад нөлөө их 8.4%

  8. Ахих дэвших боломж их 7.6%

  9. Бүтээл туурвил их 4.2% гэжээ.

Ингээд эдгээр үзүүлэлтийнхээ дагуу хамгийн их нэр хүнд, эрэлттэй байгаа 30 мэргэжлийг дурьдсан бөгөөд энэ бүгдээс хамгийн өндөр үзүүлэлт бүхий 10 мэргэжлийн нэрийг жагсаажээ. Үүнд:

  1. Хуульч 75.8%

  2. Эдийн засагч 64.4%

  3. Эмч 58.8%

  4. Багш 47.4%

  5. Хэлний мэргэжилтэн 22%

  6. Сэтгүүлч 17.2%

  7. Инженер 16%

  8. Улс төрч 13.8%

  9. Жүжигчин 8.8%

  10. Программист 7.6% байна гээд дурьдсан нэр хүндийн шалгуур үзүүлэлтээр эдгээр мэргэжлүүдийг тайлбарлажээ. Хүүхдүүд мэргэжил сонгохдоо онцлон анхаардаг бас нэгэн сэжим нь ирээдүйд олох нэр хүнд хийгээд ашиг орлого юм. Өөрөөр хэлбэл олонд танигдах боломж, өндөр цалин хөлсийг илүүд үзэх хандлага ажиглагдах болжээ

Гэтэл амьдрал хүүхдүүдийн хариулт хоёрт ихэхээн зөрүү байгаа ажээ. Өдгөө Монгол Улсад хамгийн их эрэлт ихтэй 20 мэргэжилд цэцэрлэгийн болон бага ангийн  багш, сурган хүмүүжүүлэгч, программист, зар сурталчилгаа, олон нийттэй харилцах менежер, борлуулалт, маркетингийн менежер, зөөгч, тогооч, газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч гэхчилэн хүүхдүүдийн огт сонгоогүй мэргэжлүүд багтсан байх юм. АНУ-д бол бүр ч анги үзүүлэлт гарчээ. Та бидний мэргэжил ч гэж тооу нэрлэхээргүй зарим мэргэжлүүд хамгийн эрэлттэй, эрэлттэй хэрээр орлоготой болж иржээ. Үүнд: гэрийн асрагч, хувийн санхүүгийн зөвлөх, дасгалжуулагч, массажист зэрэг багтсан байна.  

Бүр “Оноо таарсан нь энэ”  гээд мэргэжлээ сонгочихсон харанхуй нөхдүүд ч цөөнгүй. Оргүйд охинтой хэмээн сонгосон тэрхүү мэргэжил нь өөрийнх сонирхол, чадвараас огт өмнөө байснаас замын дундаас буцах, өөр сургуульд шилжих гэхчилэн өөрт болоод эцэг эхчүүддээ төвөг удсан, цаг алдсан үйлдэл хийхэд хүргэдэг нь нууц биш. Чухам тиймээс л сургуулиа бус, ирээдүйд олох ашиг хонжоог бус өөрт тохирсон  зөв мэргэжлээ сонгох нь л чухал байна. Хаврын хавсаргат өдрүүдэд салхинд хийссэн хамхул мэт бус салхи сөрж, хэтийг бодож хийсэн сонголт л амжилт авчирна шүү дээ. Амжилтыг алдар нэр, ашиг орлого нь аяндаа дагадаг жамтай.

Д.ЦЭЭПИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж