“Сонгуулийн асуудлаар цуглаан хийнэ” гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн асуудлаар цуглаан хийнэ” гэв

“Жудагт Монгол” холбооноос санаачлан “Эв нэгдлийн төлөө цуглаан”-ыг гуравдугаар сарын 30-ны өдөр 11:30 минутад Ялалтын талбайд зохион байгуулах болсон талаар хэвлэлийн хурал “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хийлээ.

Энэхүү цуглаанд гурван асуудалд төвлөрч дуу хоолойгоо хүргэж аж. Үүнд нэгдүгээрт,  тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө, хоёрдугаарт, монгол эх орондоо сайн сайхан амьдарцгаая гэдэг уриан доор,гуравдугаарт, шударга, ёс зүйтэй, ард түмнийхээ үгийг сонсдог төрийн төлөө нэгдэцгээе гэсэн 3 асуудлыг хөндөх аж.

Цуглаанд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Монголын Ахмадын холбоо бусад төрийн бус байгууллага, хөдөлгөөн, зарим нам оролцохоор саналаа ирүүлсэн байна.

Цуглааны дараа Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж 2016 онд сонгуулийг шударгаар явуулах, Сонгуулийн хуулийг өөрчлөх ялангуяа 28 хүнийг намын жагсаалтаар гаргаж байгааг болиулах, хар машинаар санал тооллогыг зогсоох зэргийг шаардсан бичиг хүргүүлнэ гэж “Жудагт Монгол” холбооны ерөнхийлөгч Ш.Гомбожав хэллээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж