“Монгол Туургатны мисс”-ээр Буриадын мисс тодорлоо

2016 оны 3 сарын 28

Сүүлийн зургаан жилийн хугацаанд завсарлаад байсан “Монгол туургатны мисс” тэмцээн өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. “Дэлхийн монголчууд глобал сан”-гаас зохион байгуулсан энэхүү тэмцээнд Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг орны 15 гоо бүсгүй оролцсон юм.  Харин Монголоос Ю.Балжидмаа, Д.Ану, Э.Байгал, Г.Ундармаа, Г.Мишээл зэрэг таван гоо бүсгүй эх орноо төлөөлөн гоо үзэсгэлэнгийн шалгаруулалтад оролцов.  “Монгол туургатны мисс” тэмцээн энэ сарын 20-нд эхэлж, Олны хүндэтгэлийн хүлээсэн мисс, Фото мисс зэргээ шалгаруулаад байсан юм.  Харин өчигдөр тэргүүн миссийг шалгаруулах тэмцээнКорпорэйт” зочид буудалд болсон юм.  Тэмцээн 19.00 цагаас эхлэх байсан ч Монголчуудын сурсан зангийн дагуу нэг цаг хүлээлгэн байж 20.00 цагтай зэрэгцэн арай гэж гоо үзэсгэлэнгийн тайз хөшгөө нээв. Гадаадын олон зочдыг хүлээлгэснийг эс тооцвол тэмцээн сүр дуулиантай эхэлсэн.

Бөртэ Чоно, Гоо маралын удам Монгол гоо бүсгүйчүүдийн үзэсгэлэнг магтан дуулсан Монгол бүжиг үзэгчдийг яах аргагүй тайз руу хөтөлсөн.  Мөн тэмцээний оролцогч 20 бүсгүй, хоёр хөтлөгчийн хамт тайзны голоос өргөгдөн гарч ирсэн нь содон байлаа. 

Ер нь  “Корпорэйт” зочид буудлын энэхүү тайз нь гэрэл акустик, дизайн, үзэгчийн суудал гээд бүгд олон улсын стандартад нийцсэн байна. Энэ нь тэмцээний сонин содон зүйлийг үзэгчдэд хүргэхэд илүү дөхөм байсан юм. 

“Монгол Туургатны мисс” тэмцээн үндэсний хувцасны үзүүлбэрээр эхэллээ. Оролцогчид бүгд өөрийн орны үндэсний хувцасны хэв маягийг харуулсан хувцсаар гангарч, үзэгчидтэй төрөлх Монгол хэлээрээ мэндчилсэн юм. Тэмцээнийг хөтлөгч Ч.Ичинхорлоо, Э.Гантулга нар хөтөллөө.

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” хэмээн тэд энэ дэлхийг эзэгнэх гоо үзэсгэлэн Монгол бүсгүйд бий хэмээн магтан тунхаглаж байв.  Ийнхүү тэмцээн усны хувцастай үзүүлбэрээр үргэлжилж, гоо бүсгүйчүүд авьяасаа үзүүлснээр шилдгээ шалгаруулах мөч ирсэн юм. Тэмцээний тэргүүн миссээр Буриадын гоо бүсгүй Арюна Бубеева шалгарлаа. Тэрээр “Дангина мисс 2010”, “Краса Бурятии мисс 2010” тэмцээний тэргүүн байр, ОХУ-ын “Юная краса” уралдааны дэд мисс, Азийн мисс цолтой юм. Дэд байрт Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ю.Балжидмаа шалгарлаа.

Ийнхүү тэмцээний номинацид хэн хэн шалгарсныг хүргэе.

Авьяаслаг мисс-Мөнгөнхуар /ӨМӨЗО/

Фото мисс- Альмина Мангутова /Халимаг/

Модель мисс- Б.Мишээл /Монгол/

Олны таашаал хүртсэн мисс- Д.Ану /Монгол/

Бикини мисс- Д.Ану /Монгол/

Энэрэнгүй мисс- Сарантуяа Ганбаатароовна Даваасүрэн тус тус шалгарлаа.

ЭХ СУРВАЛЖ: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна