Сэтгүүлчдийн гэрийнхнийг барьж хорьжээ

2016 оны 3 сарын 28

 

Гадаадад амьдарч буй Хятадын сэтгүүлчдийн гэр бүлийнхнийг баривчилж хорих болжээ. Хятадын дарга Си Жинпинийг огцрохыг шаардсан захидал цахим хуудсанд нийтлэгдсэнээс хойш аюулгүйн албадын үйл ажиллагаа өргөжсөн аж. Герман руу дүрвэн гарсан сэтгүүлч Чан Пиний гэр бүлийн гурван гишүүнийг Хятадад баривчлан хорьсон байна. Хятадын баруун өмнөд хэсгийн Сичуань мужид Чан Пиний гурван дүүг Си Жинпинийг огцрохыг шаардсан захидалд сэжиглэн баривчилсан гэнэ. Өмнө нь  Хятадын цагдаа нар Чан Пинийг Хятадын Коммунист нам болон эрх баригчдыг шүүмжилж бичихээ болихгүй бол гэр бүлийн гишүүдийг нь олж баривчлан хорино хэмээн сүрдүүлж байсан аж. Энэ тухай Чан Пин “chinachange.org” вэб хуудсанд нийтэлжээ.Чан Пин Хятадын “Southern Weekend” ажиллаж байсан ч засгийн газрын дарамтаас зугтан Германд ирсэн аж.

 

Үүний зэрэгцээ Нью-Йоркт байгаа Вен Юнчао сэтгүүлчийн Гуандун мужид амьдардаг гэр бүлийн гурван хүнийг өнгөрсөн долоо хоногт цагдаа нар баривчилсан гэнэ. Мөн Хятадын сэтгүүлч Жиа Жиаг өнгөрсөн долоо хоногт  Хонгконг руу нисэх гэж байхад нь баривчилжээ.

 

Хятадын дарга Си Жинпинийг огцрохыг шаардсан захидал “Wujie News”  сайтад энэ гуравдугаар сарын эхээр нийтлэгдсэн аж. Энэ хэргийн улмаас “Wujie News”  сайтад ажилладаг техникийн 10 ажилтан баривчлагдсан байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна