“Миний мэргэжил-миний бахархал” чуулган боллоо

2016 оны 3 сарын 28

Хөдөлмөрийн яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын оюутан суралцагчдын анхдугаар чуулга уулзалтыг өнөөдөр олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгууллаа. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн 81 МСҮТ, Политехник коллежид 45 мянга орчим залуус сурч байна. Тэднээс шилдгийн шилдгүүд нь “Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтын төлөөлөгчөөр сонгогдон иржээ.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан газар газраас ирсэн шилдгүүдийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, дадлага хийх хугацаандаа ажил олгогчийн шаардлагыг хангаж байгаагаа батлан урилгаар ажлын байртай болсон төгсөх ангийн оюутан, суралцагчдад талархал илэрхийлээд “Хөдөлмөрийн яам та бүхний суралцах таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч шинэ барилга, машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, анги танхим, сурах бичиг, сургалтын материаллаг баазыг шинэчлэх ажлыг ээлж дараатайгаар тасралтгүй хийж, та бүхнийг хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн болгохын төлөө чармайн ажиллаж байгаа билээ. Дээрх үйл ажиллагаанд сүүлийн таван жилийн дунджаар авч үзэхэд жилд 66 тэрбум төгрөгийг хичээлийн байр, дотуур байр, дадлагын байрыг шинээр барих, шинэчлэн засварлахад, 3,2 тэрбум төгрөгийг сургалтын орчны шинэчлэлд, 9,8 тэрбум төгрөгийг суралцагчдын хичээл, сургалт-үйлдвэрлэлийн зардалд, 22,7 тэрбум төгрөгийг суралцагчдын тэтгэлэг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гэхчилэн тооцоход нийтдээ 144 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Түүнээс гадна гадаад улс орнуудын буцалтгүй тусламжаар мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх, багш, суралцагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник, технологи эзэмшүүлэх, төгсөгчдийг ажлын байртай холбох, ажилтай болгоход  дэмжлэг үзүүлж, 2016 оны байдлаар НҮБ-ын Хүн амын сан, Европын холбоо, Азийн хөгжлийн банк, Герман, Швейцарь, БНСУ, Сингапур, Энэтхэг зэрэг улсын  нийт есөн төсөл хэрэгжиж, нийт 103,5 сая америк долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна” хэмээн мэргэжлийн боловсрол сургалтын салбарт хийж буй хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгсөн.

Тэрбээр мөн өнгөрсөн 2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд Монгол Улс анх удаа есөн мэргэжлээр оролцож чамлахааргүй амжилт гарган, монгол залуусын ур чадварыг дэлхийд танилуаад ирснийг дурдаад 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох 44 дэх тэмцээнд оролцох бэлтгэл ажлыг эртнээс хийж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах ур чадвартай, уран гартай ухаан төгс мэргэжилтнүүд “Миний мэргэжил-миний бахархал” чуулга уулзалтад оролцож буй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.   

Хөдөлмөрийн яамнаас оюутан, суралцагчдыг ажлын байртай болгох зорилгоор “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих” гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд МСҮТ, Политехник коллежид сурч буй залуус эдгээр хөтөлбөрт хамрагдан дэмжлэг авч өөрөө өөртөө ажлын байр бий болгон, бизнесээ эхлүүлэх боломж бүрэн бий юм. Тиймээс оюутан, сурагч хэн бүхэн  суралцах хугацаандаа төгсөөд хэрхэн ажилтай, орлоготой болох вэ гэдгээ тунгаан бодож, эртнээс төлөвлөхийн хамт дээрх хөтөлбөрүүдэд хамрагдаж, анги, хамт олон, найз нөхдөөрөө бүлэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж дэмжлэг авах боломжтой гэдгийг Г.Баярсайхан сайд дуулган ийм санал санаачилга бүрийг Хөдөлмөрийн яам дэмжих болно гэлээ.

Миний мэргэжил-миний бахархал” анхдугаар чуулга уулзалтад орон нутгаас 215, нийслэлээс 235, бүсийн арга зүйн төвүүдийн төлөөлөл 489 гээд мянга шахам хүн оролцсон. Чуулга уулзалтын төлөөлөгчдөд Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон Монголын анхны багийнхан хүндэтгэл үзүүлж, багийн гишүүдээ төлөөлөн Сан-Паулод өрөг угсралтын мэргэжлээр өрсөлдсөн Ж.Энхчимэг үг хэлж нөхдөдөө амжилт хүслээ. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсон залууст тэмцээнд оролцсоныг батламжилсан гэрчилгээ Дэлхийн ур чадварын байгууллагаас ирүүлснийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гардуулж өгсөн юм.

Шилдгүүдэд хандан эзэмшсэн мэргэжлийнхээ бахархлыг хуваалцсан Дорнод аймаг дахь Политехник коллежийн багш Б.Баянбаатар ердөө жилийн өмнө оюутан байсан нэгэн. Тэрбээр цахилгааны мэргэжлээр сурч байхдаа “Монгол ур чадвар” тэмцээний шилдгээр шалгарч байсан бөгөөд төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн юм. Баянхонгор аймгийн Политехник коллежийн төгсөгч Э.Чулуун ур чадвартай сайн мэргэжилтэн болохын төлөө хичээн суралцсаныхаа үр шимийг хэрхэн хүртэж буйгаа чуулганы индэр дээрээс үеийнхэндээ сонирхуулсан юм.

Чуулганд оролцогчид мэргэжлийн боловсрол сургалтын салбарт сурч буй нийт оюутан залуустаа хандан уриалга гаргалаа. Уриалгад сурч буй хугацаандаа Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдаж, анги хамт олон, найз нөхдөөрөө бүлэг нөхөрлөлийн зохион байгуулалтад орж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авч инкубацийн үйлчилгээ, оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах үйлчилгээнд хамрагдан, аж ахуй эрхлэх арга барилд суралцан олон мянган баялаг бүтээгчид болж эх орныхоо хөгжил дэвшилд манлайлан оролцох боломжтойг дурдсан байна.

Бүтэн өдөр үргэлжилсэн чуулга уулзалт эзэмшиж буй мэргэжлээрээ бахархан, ирээдүйдээ итгэлтэй залуусын ажил хэрэгч яриа болж өндөрлөлөө.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна