Малайзын “аюул”

2016 оны 3 сарын 28

 

Малайзын улс төрийн хүрээнийхэн асар том хээл хахуулийн хэрэгт холбогдоод буй дуулианы эзэн Ерөнхий сайд Нажиб Разакийг огцруулах шаардлагыг тус улсын лалын шашинт эзэн хаанд хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

 

Эрх баригч нам, сөрөг хүчин болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ сарын эхээр Малайзыг Нажиб  Разак гэгч “аюул”-аас аврахыг шаардсан уриалга гаргасан нь Малайзын түүхэнд анх удаа улс төрийн болон иргэний байгууллагууд санал нэгдсэн тохиолдол болсон юм.

 

Өнгөрсөн ням гаригт Нажиб Разакийг хээл хахуул болон бусад хууль бус хэргээс мултрахын тулд албан тушаалаа ашиглаж буйг эсэргүүцсэн хэдэн зуун хүн оролцсон жагсаал Куала Лумпур хотод болсон юм.

 

Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан хөдөлгөөнийг тус улсын экс ерөнхий сайд Махатир Мохамед тэргүүлж,  "Нажибийн хууль бус үйл ажиллагаа манай нийгмийг хордуулж байна. Бид хуулийг сахиж, Нажибийн хууль бус үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна” гэжээ.  Малайзын ерөнхий сайдаар 22 жил ажиллаж, 2003 онд тэтгэвэртээ гарсан 90 настай Махатир Мохамед Малайзын улс төрийн хүрээнд нэр нөлөөтэй нэгэн юм. Тэрбээр дуулианы эзэн Нажиб Разакийг огцруулахын тулд сүүлийн хэдэн сар шаргуу тэмцэж байгаа ажээ.

 

Малайзын одоогийн Ерөнхий сайд 62 настай Нажиб Разак олон тэрбум ам.долларын хээл хахуулийн хэрэг Малайзын түүхэн дэх хамгийн дуулиантай хэрэг болоод байна.  Түүнийг төрийн өмчит компаниас хэдэн тэрбум ам.долларыг хувьдаа завшсан, гадаадаас эх үүсвэр нь тодорхойгүй 681 сая ам.доллар шилжүүлж авсан хэрэгт сэжиглэж байгаа юм.

 

Нажиб Разак харин өөрийгөө улс төрийн золиос болсон гээд, хээл хахуульд авсан гэж сэжиглэж байгаа мөнгө нь одоо дампуурлын ирмэгт дөхсөн “1Malaysia Development Berhad” хэмээх төрийн өмчит компанийн төлбөрт шилжүүлсэн мөнгө гэж мэдүүлсэн юм. Түүгээр ч барахгүй Нажиб Разак уур хорсолдоо шатаж, өөрийг нь шалгаж буй мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж, шүүмжилсэн Засгийн газрын гишүүдийг халж, хээл хахуулийн хэргийнх нь талаар бичиж, дуугарсан хэвлэл, мэдээллийг хааж эхэлжээ. 

 

Нажиб Разакийн энэ үйлдэл нь өрсөлдөгчдийг нь нэгтгэхэд хүргэсэн аж.

 

Малайзын хөрөнгө оруулалтын сан буюу “1 Malaysia Development Berhad”(1MDB)-ийн олон тэрбум ам.долларын хэргийг одоо олон улсын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх дөрвөн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа ажээ.

 

Швейцарийн Прокурорын ерөнхий газар Малайзын хөрөнгө оруулалтын сан улсынхаа төрийн өмчит компаниудаас их хэмжээний мөнгө шамшигдуулсныг батлах ноцтой баримтыг олсон талаар саяхан мэдэгдсэн.

 

Өнгөрсөн жил Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн дансанд Ойрхи Дорнодоос нэр нь үл мэдэгдэх хөрөнгө оруулагчаас 680 сая ам.доллар шилжүүлсэн нь ил болоход энэ бүх дуулиан дэгдсэн. Дуулиан дэгдсэний дараа Малайзын Ерөнхий Прокурор дээрх мөнгийг Саудын Арабаас хандивласан буцалтгүй тусламж хэмээн мэдэгдсэний дараа түүний данс хаагдсан билээ.

 

Малайзын экс ерөнхий сайд Махатир Мохамед хэлэхдээ “Малайзын төрийн тэргүүнд ийм их хэмжээний мөнгө шударгаар олж авах боломж байхгүй” гэсэн юм.

 

Малайзын орон нутгийн сонин хэвлэл, телевизийн сувгууд Засгийн газрыг шүүмжилсэн өнгө аястай мэдээлэл гаргахаас эмээдэг. Өнгөрсөн жил л гэхэд Аль Жазира телевизийн сэтгүүлчийг Малайзаас хөөн гаргасан юм. Мөн хоёр долоо хоногийн өмнө Нажиб Разакийн хээл хахуулийн хэрэгтэй холбоотой мэдээ гаргасан Malaysian Insider хаалгаа барьсан билээ.

 

Малайзын экс ерөнхий сайд Нажиб Разакийг огцрохыг шаардсан 100,000 хүний гарын үсгийг цуглуулаад байгаа юм. Ерөнхий сайдаа огцрохыг шаардагчид нэг сая хүний гарын үсэг цуглуулаад эзэн хаандаа өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.

 

Харин Малайзын эзэн хаан шаардлагыг хүлээн авч, арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна.

 

Түүхий нефтийн үнэ унаснаас эдийн засгийн өсөлт нь ихэд буурсан Малайзын Ерөнхий сайдтай холбоотой хээл хахуулийн дуулиан улс оронд нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэхэд ойрхон байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна