Төлбөрөө 10-68 хувиар үндэслэлгүй нэмжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.28-нд нийтлэгдсэн

Төлбөрөө 10-68 хувиар үндэслэлгүй нэмжээ

Их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн талаар өнгөрөгч хавар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт /ШӨХТГ/ иргэдийн гомдол тасраагүй байна. Энэ дагуу тус байгууллагаас шалгахад их, дээд сургуулиуд төлбөрөө 10-68 хувиар үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогджээ. Үүгээр ч зогсохгүй шинээр элсэн орж байгаа оюутнуудад эмнэлгийн халаад, футболк авахыг тулгасан зэрэг зөрчил илэрч, арга хэмжээ авсан байна.

Иймээс төгсөх шалгалт ойртсон энэ өдрүүдэд ШӨХТГ-аас улсын их, дээд сургуулийн захиргаанд сургалтын төлбөрийн үндэслэлгүй нэмэгдлийг давтахгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн нэмэлт зүйлс тулган, нэхэхгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна. Улмаар их, дээд сургуулиудын элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд мэдээлж, элсэгчид их. дээд сургуульд бүртгүүлэх, мэргэжил сонгоход нь үнэн зөв мэдээлэл хүргэхийг зөвлөжээ.

Зөвлөмж хүргүүлсэн Төрийн өмчит их, дээд сургууль

  1. Монгол Улсын Их Сургууль /МУИС/

  2. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/

  3. Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/

  4. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/

  5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль /ХААИС/

  6. Хууль Сахиулахын Их Сургууль /ХСИС/

Б.ЗОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж