Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монголд ямар ашигтай юм бэ?

2016 оны 3 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 24-ний өдөр “Ерөнхийлөгчтэй хийх уулзалт III” буюу TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” нэвтрүүлгийн тусгай дугаарт оролцон нийгмийн идэвхтэй залуус, сошиал медиа ертөнцийнхөн болох твиттерийн жиргээчид, фейсбүүкчидтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Уг нэвтрүүлгийг гуравдугаар сарын 26, 27-ны өдөр TV5 телевизээр дамжуулсан юм.


Төр өөрт байгаа муу юмаа шахаж гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Залуучуудын байгууллага, жиргээчид, фейсбүүк хэрэглэгчдийн зүгээс уулзах санал их гардаг. Би та бүхэнтэй адилхан  уригдаж оролцож байгаа. Энэ 2016 он гараад хоёр уулзалт хийсэн.

Эхний уулзалт нь Төвийг сахихтай холбоотой асуудлаар тоймч, судлаачидтай хийсэн уулзалт Eagle телевизээр гарсан. Дараагийнх нь АСЕМ-тай холбоотой асуудлаар хийсэн уулзалтыг Монгол HD телевиз шууд дамжуулсан. Бидний өнөөдрийн энэ уулзалтыг TV5 телевиз дамжуулна. Бас твиттер, фейсбүүкээр ч  шууд дамжуулж байгаа. TV5 телевизийн “Монгол Улсаа хөгжүүлье” гэсэн сэдэвт нэвтрүүлэг байдаг. Бидний уулзалт бас энэ сэдэв рүү чиглэж байгаа. Гэхдээ та бүхний сонирхсон асуултыг аль нэг сэдвийн дор хязгаарлахгүй.

Өчигдөр орой би фейсбүүк, твиттер дээрээ энэ тухай бичсэнээс хойш маш олон асуулт ирсэн. О.Чулуунбилэг зөвлөх рүү бас олон асуулт ирсэн байна.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ? гэсэн асуултад хариулахаас өнөөдрийн яриагаа эхэлбэл яасан юм бэ гэж бодож байна. Саяхан УИХ-аас Монголын хөгжлийн бодлого, зорилтын тухай, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль баталсан. Бид ийм олон хууль, хөтөлбөр баталсан. Ерөөсөө хэрэгждэггүй, хүмүүс ч мэддэггүй. Хамгийн гол нь олон улсын стандартад нийцсэн, өрсөлдөх чадвар, ДНБ-ний өсөлт, өр зээл, боловсролын түвшин, авлигын асуудал гэх мэт хэмжүүртэй байх ёстой.

Сонгуульд оролцох намууд энэ хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх талаараа хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Аль нэг нь олонхи болоод, эсвэл нийлээд засаг байгууллаа гэхэд энэ хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заавал тусдаг байг. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд түүнийг асуудаг, шалгадаг байя. Ингэхгүй бол хэрэгжихгүй. Ийм л шаардлагыг тавьсан. Нэгэнт хуультай болсон. Одоо сайжруулахаа сайжруулаад, хэрэгжихгүй муу зүйлээ янзлаад явахад болох болов уу.

Монголын хөгжлийн ойрын зорилт юу байх вэ. Нэгдүгээрт, миний бодож байгаагаар монгол хүнийг чадавхижуулахад анхаарах ёстой. Монголын төрийг хариуцлагатай болгоход онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Бүтээлч хувь хүн, хамт олонд боломж олгох ёстой. Ийм гурван ерөнхий байдлаар хэлж болно. Сонгуулийн улирал эхэлж байгаа учраас монгол хүнийг чадавхижуулах гэдгийн цаана би боловсролыг оруулж байгаа.

Монгол хүний чадавхи, идэвх санаачлагатай холбоотой асуудлыг оруулж байгаа. Улс төрийн эрх, санхүүгийн эрх, оролцооны асуудал гэж байна. Би хоёр зүйл шаардах хэрэгтэй гэж бодож байгаа. Иргэд эрхээ шаардах хэрэгтэй. Бидний улс төрийн эрх улс төрийн намаар дамжаад, хэдэн нэр дэвшсэн хүмүүсээр  хязгаарлагдаад байна. Энэ улс төрийн эрхийг өргөн утгаар нь хэрэгжүүлье гэсэн чиглэлд шаардлага тавья. Олсон ололт байгаа бол түүнийг баталгаажуулаад, шинэ зүйлийг шаардаад явах нь зөв гэж боддог.

Жишээлбэл, орон нутгийн хөгжлийн сангаас эхлээд бид санаачилж, оруулж баталсан. Тухайн суманд ямар гэрэл тавихыг Улаанбаатараас шийддэг биш, орон нутагтаа шийддэг байя. Мөнгө өгье гэсэн. Энэ ажил хийгдээд явж байгаа. Үүнийг цааш явуулах хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэхэд иргэдтэйгээ зөвлөж ярилцаж, тэдний оролцоог заавал авч шийддэг энэ хэлбэр рүү явах ёстой.

Сонсголын хууль гэж маш хэрэгтэй  хууль гарсан. Энэ хуулийг бүх газар амилуулаасай гэж хүсч байгаа. Байгаль орчны асуудал байгаа бол эрх барьж байгаа улсуудаас шууд асуу. Төсөв, томилгооны асуудал, бүх зүйл тэнд байгаа. Иргэн, төр хоёр хоорондоо холбогдож асуудлаа шийдэх боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Хоёр дахь нь, төрийг хариуцлагатай болгох асуудал. Төрийг хариуцлагатай болгох нь мөнгө зарахгүйгээр хийх ажил юм. Хариуцлагын тухай хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. Улс төрийн намын тухай шинэ хууль батлахад гаднаас мөнгө зээлэх хэрэггүй. УИХ-ын гишүүд, хууль баталдаг хүмүүсийн олонхи нь энэ хуулиас зугтаад байгаа нь ойлгомжгүй юм. Сонгуулийн үеэр баахан хариуцлага, шударга ёсны асуудал тавиад, хулгайч, зэлгийч, янз бүрийн хүмүүсээсээ сална гэж ярьдаг. Эргээд сонгогдоод л мартдаг. Эргээд тэдэнтэйгээ бөөрөө нийлүүлээд явдаг. Үүнийгээ л зогсоомоор байгаа юм.

Төр өөрт байгаа муу юмаа шахаад гаргадаг хуультай, механизмтай болох хэрэгтэй. Би үүн дээр хатуу байр суурьтай байдаг. Энэ хуулийг УИХ-ын хаврын чуулган эхлэнгүүт батлуулахын төлөө явна. Энэ хуулийг өргөн бариад  жил дөрвөн сар болох гэж байна. Төрийг хариуцлагатай болгоё гэдгийг манай иргэд хүсэх хэрэгтэй байгаа юм.

Хэрэв иргэд, олон нийт шаардахгүй бол, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг гартаа барьж байгаа та бүхэн шаардахгүй бол наадуул чинь хийхгүй. Иргэд, та бүхэн шаардаад, байх суух газаргүй болгоод, очсон газар бүхэн хариуцлагын хуулийг нэхдэг байх юм бол хийнэ. Иргэдийн уур амьсгал, салхийг л дагана.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл тэр хүмүүст яаж хариуцлага тооцох вэ. Манайд ёс суртахүүны хариуцлага гээд ярихаар ойлгож байгаа хүн байхгүй. Өөр оронд нэг сайд маш жижиг алдаа гаргахад л уучлал гуйгаад огцордог, Монголд яагаад болдоггүй юм бэ. Үүнийг бид хуулиндаа тусгаж, иргэд нь шаардаж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Улс төрийн хариуцлага байна.

Улс төрийн хариуцлагаа хүлээгээд “Улс төрд би байх нь улс оронд хохиролтой байна. Монголын хуулийг тэгш хэрэгжүүлэхэд би аюул учруулж байна. Би хувийн эрх ашигтаа л анхаарч байгаа болохоос бус нийтийн эрх ашигт анхаарахгүй байна гэж бодож байгаа хүнд бол улс төрийн хариуцлагаа хүлээгээд гарах хаалгыг нь зааж өгч байгаа шүү дээ.

Энэ хоёр хариуцлагаар асуудал шийдэгдэж байгаа бол заавал эрүүгийн хариуцлага ярихгүйгээр асуудлыг шийдэж өгч байгаа. Олон улсын жишигт ч тийм зүйл байдаг. Үнэхээр шаардлагатай бол эрүүгийн хариуцлага нь дараа нь шийдэгддэг. Үүнийг иргэд бичихгүй, хүсэхгүй, шаардахгүй, асуухгүй, улстөрчдийн босгож байгаа тоос шорооны хойноос дагаж хошуураад гүйгээд байвал Монголын төр хариуцлагатай болохгүй л гэж бодож байна.

Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй, мэдэлтэй, бололцоотой байх ёстой

Бүтээлч хувь хүн, хамт олон, бүтээлч бизнесийг дэмжие гэдэг санаа байгаа. “Монголын хөгжлийн туйлын зорилго юу юм бэ. Ардчилал, зах зээл юм уу?” гэж хүмүүс асууж байсан. Монголын хөгжлийн туйлын зорилго бол ардчилал, зах зээл биш. Монголын хөгжлийн туйлын зорилго бол монгол хүн бүр хувь заяандаа эзэн болох ёстой. Бид ардчилал, зах зээлийг гаднаас хуулаад байсан юм байхгүй. Явдаг зарчим, нэршил нь тэгээд явчихсан юм.

Монголчууд өөрийн эрхтэй, уламжлалтай, сонгуультай, ардчилалтай, зах зээлтэй, өмчлөлтэй, хөрөнгөтэй явж ирсэн. Малаа өмчлөх нь хэдэн мянган жилийн өмнөөс, Монгол газар нутгаас эхэлсэн. Хүн нь эрхтэй байдаг нь Монгол газар нутгаас эхтэй юм. Монголчууд мөнх хөх тэнгэрийн дор гэж ярьдаг. Үүнийг би өнөөдрийн утгаар ойлгохдоо хуулийн дор гэж ойлгож байгаа. Хаан нь ч бай, харц нь ч бай, мөнх хөх тэнгэрийн дор ижил байна. Энэ бол хуулийн дор ижил байя гэсэн үг гэж ойлгож байгаа. Ийм уламжлалтай. Бид энэ уламжлалаа сэргээж байгаа юм.

Нөгөө талаар монгол хүн бүр хувь заяандаа эзэн болъё гэж байгаа юм. Би үүн дээр нэг жишээ авч хэлдэг.  Монгол Улсын хөгжлийн философи нь юу юм бэ. Ийм асуулт гардаг. Миний хардгаар Монгол Улсын хөгжлийн философи бол бусад улсаас ялгаатай. Манай хоёр хөршөөс ч ялгаатай. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд тогтвортой байдал байдаг. Төв нь, эрх мэдэл нь хүчтэй байх юм бол тухайн улс оронд эв зохицолтой, нийгэм хөгжих боломж бүрддэг. Энэ бол том улсуудад байдаг хөгжлийн философи байх. Би үүнтэй санаа нэг байна. Бидэнд бусад улс орон ямар замаар хөгжихийг маань  заах шаардлага байхгүй. Гэхдээ бид өөрийнхөө замыг тодорхойлох эрхтэй.

Миний бодлоор Монголын хөгжлийн философи бол монгол хүн эрхтэй байх ёстой. Монгол хүн мэдэлтэй байх ёстой. Монгол хүн бололцоотой байх ёстой. Төр нь эрх мэдэлтэй, тэнд байгаа Ерөнхийлөгч нь, тэнд байгаа эрх авсан хэдэн хүн, түүнийг тойрсон гэр бүл л эрх мэдэлтэй, боломжтой байдаг биш. Нийт ард иргэдэд, хүн бүрт энэ боломж нээлттэй байх ёстой. Бид гурван саяулаа. Монголчууд эрхтэй, монголчууд боломжтой, монголчууд чадалтай, мэдлэгтэй, монголчууд оролцоотой, монголчууд шат шатныхаа асуудлыг шийдэхэд бүгдээрээ оролцдог. Ийм л байх юм бол энэ бол Монголын хөгжлийн философи гэж би хардаг. Үүгээрээ бид ялгаатай.

Нэг жишээ авч хэлэхэд  далайн од гэж амьтан бий. Хуруу гэж хэлдэг нэг хэсгийг нь таслаад хаяхад эргээд ургадаг гэж байгаа юм. Тэгээд амьдраад яваад өгдөг. Аалзны толгойг цавчих юм бол үхдэг. Яагаад гэвэл аалз төвлөсөн нервийн системтэй. Нэг тархи, нэг удирдлагатай. Далайн од бол тийм төвлөсөн нервийн систем байхгүй. Цавчаад хаясан ч явдаг.


 

Монголын хөгжил монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой

Төр нь муу ажиллаж байгаа, төр нь ажиллаж чадахгүй байсан ч гэсэн Монголын ард түмэн хувь заяагаа шийдээд, ажлаа хийгээд, амьдраад явах боломжтой л байх ёстой. Монголд хэн Ерөнхийлөгч болохоос, аль нам УИХ-д олонхи болохоос Монголын хөгжил хамаардаг биш, Монголын ард түмнээс, Монгол хүмүүсийн хүсэл зоригоос хамаардаг байх ёстой. Ингэх юм бол Монголын хөгжил зөв явна гэж би боддог.

Монгол хөгжлийнхөө дардан зам дээр гарсан уу гэж зарим нь асуудаг. Гараагүй. Гарах ч юм уу, үгүй ч юм уу, би мэдэхгүй. Гэхдээ бид донсолгоотой зам руу орсон. Үнэн. Бид хэцүү зам руугаа орсон шүү. Бид худал хуурмаг замаар яваагүй. Бид үнэн замаар л явж байгаа. Хүний явдаг замаар л явж байгаа.

Энэ таны хүсч байсан ардчилал мөн үү гэж ам асуудаг. Мөн гэж би хэлнэ. Мөн. Монголчууд эрхтэй байна. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ эрхтэй байгаа. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ хийж бүтээх боломтой байгаа. Өнөөдөр монгол хүн түүхэндээ байгаагүйгээрээ төр, засгаа шүүмжлэх боломжтой байгаа. Дургүйцлээ илэрхийлэх боломжтой байгаа. Үүнийг л бий болгоё гэсэн юм.

Ардчиллын мөн чанар бол хүн бүхний дур хүслийг хангахад биш. Харин хүн бүрийн дургүй байх эрхийг хамгаалахад оршдог

Ардчиллын мөн чанар бол хүний хүссэн бүхнийг бүтээхэд биш. Хүн бүхний дур хүслийг хангахад биш. Харин хүн бүрийн дургүй байх эрхийг хамгаалахад оршдог. Таны намайг шүүмжлэх эрхийг хамгаалахад л оршиж байгаа юм. Та хувь заяагаа шийдээд явах ёстой. Ингэж энэ ардчиллын утга учрыг бид ойлгох ёстой юм.

Одоо болтол энэ 26 жил бид бүгдээрээ л будилж явж, суралцаж байгаа. Эдгээрийг би энд хэлье гэж бодсон юм. Манай нийгмийн идэвхтэй залуус энд цугласан учраас нэг талаас ярих биш, бүгдээрээ харилцан ярилцаад явах нь зөв байх.

Өчигдрөөс ирсэн асуултууд энд байна. Та бүхний асуултыг хэн нэгэн цензурдээгүй. Хэн нэгэн харж, болдог, болдоггүй асуулт гээгүй. Ямар л юм асуумаар байна, асууж болно. Жиргээчид 140 тэмдэгтээр бичдэг . Түүндээ багтаасан та нарын асуулт дэлгэц дээр гарч байгаа. Фейсбүүкээр мөн асуулт ирж   байгаа. Асуултууд түүгээр усны урсгал шиг явж байгаа. Түүнийг бүгдийг барихад л надад жаахан хүнд байна.

Энд хөтлөгч гээд зогсож байгаа сэтгүүлч алга. Та биднийг холбож байгаа зүйл фейсбүүк болон твиттерээр ирүүлж буй асуултууд л байна. Мөн Та бүхэнд асуулт асуух  цаг гаргана. Одоо ирсэн асуултуудаас эхэлье. Эхний асуултад хариулъя.

Би бол Ерөнхийлөгч гэдэг мандаттай Монгол Улсын нэг л иргэн

-Хараад байхад та хуулийн шинэчлэлтийн төлөө тэмцэж байна. Намынхан чинь дэмжихгүй юм. Та ганцаарддаг уу?

-Тийм юм байхгүй. Би бол намаас түдгэлзсэн хүн. Би ард түмний эрхийг төлөөлж байгаа, ард түмнээс сонгогдсон хүн. Би бол Ерөнхийлөгч гэдэг мандаттай Монгол Улсын нэг л иргэн. Үнэхээр би ажлаа ойлгуулж, бусадтай ярьж, хийхийн төлөө явна. Бүх нам, бүх улсуудтай хамтарч ажиллахын төлөө явна. Үүн дээр нэг их ганцаардаад байгаа зүйл байхгүй ээ.

Би Мүүнтэй ямар ч холбоо байхгүй

-Та сонгуульд оролцох гэж Мүүнээс санхүүжилт авсан юм уу? Та үнэхээр Мүүнийг шүтдэг юм уу?

-Би Мүүнийн талаар өмнө нь гарч байсан, сая нийгэмд өрнөсөн хэлэлцүүлэгтэй холбоотой асуудлыг бүгдийг нь харж байсан. Эхний асуулт бол Мүүн чинь шашин юм уу, юу юм бэ? Та юу гэж боддог вэ гэсэн байна. Би үүнд хариулт өгье. Би Мүүнийг шашин гэдэгт эргэлздэг. Би үүнийг культ гэж ойлгодог. Культ гэдэг бол ерөнхийдөө өөрийгөө шүтүүлэх гаж үзэгдэл шүү дээ. Би бол ингэж л харж байгаа. Би энэ өөрийгөө шүтүүлэх гаж үзэгдэлд дургүй.

Өөрийгөө шүтүүлэх үзэгдэлд гурван гол зүйл байна гэж би харж байгаа. Өөрийнхөө бодлыг цорын ганц үнэн гэж үзэж байгаа. Хоёрт, шүүмжлэлийг тэвчдэггүй. Үнэн төрх нь илчлэгдэхээс байнга айж явдаг. Гуравт, бусдыг урхидах, тархи угаах технологийг эд нар гаргууд хэрэглэдэг. Энэ бол гаж үзэгдэл л гэж  боддог.

-Та яаж яваад Мүүнтэй холбогдсон юм бэ? Та Мүүнийг дагадаг уу?

- Надад олон улсын хурлын урилга ирж байсан. Хурлын нэр нь тухайн цаг үедээ олон улсын хэмжээнд тулгамдаж байсан маш чухал асуудлуудыг хөндсөн байсан. Олон улсын энх тайвныг тогтоох, зэвсэгт мөргөлдөөн, цөмийн зэвсгийг хязгаарлах, шударга ёс тогтоох ч гэдэг юм уу. Оролцогчдын нэр нь дэлхийн, олон улсын хэмжээний өндөр өндөр мэргэжлийн хүмүүсийн нэртэй. Дэлхийн улс төр, бусад салбарын өндөр тушаалын удирдагчдын нэрийг бичсэн, та л тэр хуралд очих ёстой гэсэн урилга ирж байсан. Тэр хуралд би очсон.

Хурал эхний нэг хоёр өдөртөө яг л олон улсын хурал шиг болж байсан. Миний очсон хурал бол бүр НҮБ-ын төв байранд болж байсан. Сүүлийн өдөр нь тэр нэг өвгөн орж ирж байсан. Тэгээд ярьсан зүйл нь  хүн татаад, урхидаад байх зүйл байгаагүй. Ийм л юм. Тэр хуралд очсон манай улс төр, бусад салбарын хүмүүсийг ч би энд буруутгаж яримааргүй байна. Тэр индэр дээр очиж байр сууриа илэрхийлье. Монголынхоо нэрийг гаргая гэсэн зорилготой л очиж байсан байх. Түүнээс биш тархи толгой нь эргээд тийшээ давхиж очоод байсан юм бол байгаагүй байх. Олон улсын нэртэй  тийм хуралд оролцоод,  сонсоод ирэхээр ер нь энэ Мүүн гэдэг чинь юу вэ. Зорилго нь өөр юм байна гэдгийг ойлгосон байх.

Би залуучуудад, хүүхдүүдэд хэлдэг. Муу юмыг муу юм байна гэж мэдэх юм бол мэдэнгүүтээ сал гэдэг. Тийм учраас би Мүүнийг үнэхээр энэ бол муу зүйл байна. Дагаж дэмжээд байх зүйл биш гэдгийг залуус маань ойлгосон гэж бодож байна. Надад ямар ч холбоо байхгүй.

Та Мүүнээс санхүүждэг юм уу?

-Тиймэрхүү ямар нэг санхүүжилтийн асуудал байхгүй. Сонгуулийн үеэр авсан ямар ч санхүүжилт байхгүй. Санхүүгийн болон үзэл санааны ямар нэгэн холбоо байхгүй. Улсууд зохиох гэж оролддог юм. Та бүхэн тэртэй тэргүй бүгдээрээ мэдээлэлтэй байгаа шүү дээ. Мүүн гэдэг хүн үхсэн. Түүний авгай, хүүхдүүд нь хоорондоо хэрэлдээд, зодолдоод, хоёр гурван тал болоод, тэр сайн, тэр муу гээд бөөн хэрүүл болоод, дагагчид нь хэрүүл болоод явж байгаа.

Болгоомжлох зүйл бол энэ хэрүүл Монголд орж ирж, үүнээс болж монголчууд хоорондоо хагарах хэрэггүй. Үүнээс болж бид нэгнээ ялгаварлах хэрэггүй. Би залуучууддаа хэлмээр байгаа юм. Би Мүүний тухай хийсэн тэр нэвтрүүлгийг үзсэн. Түүн дээр нэг залуу хэлж байна лээ. Би тэр залуутай яг санал нэг байгаа. Айх хэрэггүй. Муу юм гэж бодож байгаа бол гар. Муу юм гэж бодож байгаа бол холд. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монгол Улс иргэнээ хамгаална. Шаардлагатай бол Монгол Улс хуулиараа хамгаална. Бүү ай. Би бүр тэгж уриалъя. Муу юм л гэж бодож байгаа бол тэндээс холд, сал, гар. Асуудал байхгүй.

Бид иргэнээ хамгаална шүү. Бид иргэнийхээ талд зогсоно. Монгол хүний талд зогсоно. Мүүнийг шүтдэг, шүтдэггүй гээд дайраад байгаа юм. Монголчууд өөрийн шүтээнтэй шүү. Монголчуудыг тэгж доромжилж болохгүй. Бид өөрийн эх түүхтэй, өөрийн ихэс дээдэстэй. Бид чинь өөрийн ээж, аавтай. Би өөрийн шүтээнтэй. Би өөрийн эх оронтой. Би өөрийн ард түмэнтэй. Би шүтдэг зүйлтэй хүн.

Өчигдөр нэг хүн ярьж байсан. Та Аяатолла Хомейнитэй гар барьж байсан. Мусульман болсон уу. Ромын Паптай гар барьсан. Католик болчихсон уу гэж асууж байсан. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ?

-Сая зураг харуулаад үүнийг тайлбарлаж өгөөч гэж байна. Энэ зургийн жинхэнэ тайлбар юу вэ гээд нөгөө хүнтэй гар бариад зогсч байгаа зургийг явуулсан байна.

-Би Ерөнхийлөгч байхдаа Мүүнтэй уулзаагүй шүү. Монгол Төрийн тэргүүн болоод би уулзаагүй. Би өмнө нь уулзсан. Өмнө нь Мүүн Монголд ирээд, тэнд хурал цуглаанд уригддаг бүх хүмүүс нь ороод, “Та нэг уулзаж өгөөч. Та л уулзахгүй бол болохгүй нь. Ерөөсөө энэ зорилгоор л ирж байгаа юм байна” гэсэн. Тэгээд уулзаад гар барьсан. Гар барихад тэр хөгшин миний хацар дээр гараа тавиад “Гэрэлтсэн хацартай залуу байна” гэсэн. Тэгэхэд миний дургүй хүрч байсан.

Тэгсэн чинь хөөрхий, алгадуулаад гилжийгээд зогсож байсан гэж тайлбарлаж байгаа юм. Нэг видеоны тасархай, нэг зураг барьж аваад хэнийг ч, юу ч гэж хэлж болно шүү дээ. Одоо энэ 1990 он биш, 25 жилийн өмнөх биш. Та нар бүгдээрээ утсаа бариад зураг аваад сууж байна шүү дээ. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ.

Х.Баттулга Мүүний охидын хамтлагийг дэмжлээ гээд  буруутгаж байна. Түүнийг дэмжсэн, зураг нь сэтгүүл дээр гарсан байна гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг буруутгаж яах юм. Тэр төлөөлөлтэй нь уулзаж гар барилаа гээд Мүүнчин болох уу.

Би үүн дээр харин нэг дүгнэлт хийж байгаа. Энэ бол Монголын нийгэм харин ч  эрүүл байгаагаа л харуулж байгаа юм. Манай нийгэм эрүүлжих тийшээ явж байгаагаа харуулж байгаа юм. Энэ асуудал хөндөгдөж тавигдаж байна. Сайн, муу олон талаас нь ярилцаж байна. Зөв. Маш зөв. Энэ талаар мэдээлэл өгч байгаа, үүнийг ярьж байгаа, ийм яриа өрнүүлж байгаа, шүүмжилж байгаа хүмүүс байгаа нь маш зөв зүйл.

Энэ нь өөрийн толгойтой бай л гэсэн үг. Өөрийн итгэл үнэмшилтэй бай. Монгол соёл, уламжлалдаа л ойрхон бай. Нэг юмыг сонсонгуутаа итгэж дагаж гүйдгээ боль. Юм сонсоод эргэлзэнэ, юм үзээд эргэлзэнэ гэдэг чинь зөв байр суурь шүү.

Миний арга байдаг юм. Нэг юмны тухай сонсоод л гарынхаа ар талыг хараад нэг ийм юм ярьж байгаа юм байна гээд, эргүүлээд харахаар шал өөр юм харагдаж байдаг. Бүр дотор нь задлая гэвэл таван хуруугаа тавьж байгаад ярих хэрэгтэй. Юм заавал хоёр талтай байхгүй, олон талтай. Нэгд би ингэж бодож байна. Хоёрт ингэж бодож байна. Гуравт ингэж бодож байна. Дөрөвт ингэж бодож байна. Дөрөвхөн юм бодоод цаана нь нэг хуруу чинь үлдэж л байгаа бол би гүйцэд бодоогүй л байна. Энэ тухай дахиад бодох хэрэгтэй юм байна. Надад мэдээлэл хэрэгтэй л гэж бодох хэрэгтэй. Ийм хэмжээнд асуудалд ханддаг л бол. Түмэн янзын мэдээлэл орж ирнэ. Түүнийг дагаж салхилаад шуураад байж хэрэггүй. Түүнийг дагаж бие биеэ гутаагаад байх хэрэггүй.

Өнөөдрийн миний нэг зовлон бол Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай, гэрэлд харагдаад байгаад л зовлон байгаа юм. Жирийн иргэн байсан бол ингэхгүй байсан байх. Гэхдээ би нэг юм боддог. Монгол Улсын Ерөнхийлөгчийг гутаах нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Ц.Элбэгдоржийг гутааж байгаа бол өөр шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг доромжлох нь Монгол Улсад ямар ашигтай юм бэ? Энэ зүйлүүдийг товчхон ингэж хэлье.

Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз.

Бас энэ шашныг хорих хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэж байна. Би бол өөрийнхөө байр суурийг хэлсэн. Энэ бол культ, энэ бол гаж үзэгдэл гэж хэлсэн. Хамгийн түрүүнд сэтгэлээсээ авч хаях хэрэгтэй. Бид хуулиа хэрэгжүүлнэ. Монголд ирээд Монголын хуулийг зөрчиж байгаа бол, Монгол Улсын иргэний эрхийг зөрчиж байгаа бол бид Монгол Улсынхаа хуулийн дагуу л тийм зүйлтэй ажиллана. Нэг зүйл хэлье. Цаашид намайг Мүүнтэй холбох хэрэггүй. Цагийн чинь гарз. Зарим нэг асуултыг уншия.

Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёрыг нууж болохгүй гэдэг

-Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг гадуур байцааж болдоггүй юм уу. УИХ-ын дарга З.Энхболд сая телевизээр таныг болон Ерөнхий сайдыг шүүх, цагдаа, прокурорыг томилдог. Би юу ч мэдэхгүй гэж хэллээ. Энэ бүх зүйлийн ард таныг байдаг гэж хэлж байх шиг байна. Үүнд тайлбар өгнө үү гэсэн байна.

-Манай өвөг дээдэс нэг юмыг цээрлэдэг л дээ. Та нар сонсож байсан байж магадгүй. Эхийн цагаан сүүний ард хор, хулгай хоёрыг нууж болохгүй гэдэг. Ингэж цээрлэдэг байсан юм шүү. Монгол Улсын хуулийн өмнө ямар ч албан тушаалтан, ямар ч эрх мэдэлтэн бүгд тэгш. Бид тэр нийгмийн төлөө явж байгаа. Хүний эрх зөрчигдөж байгаа бол хуулийнхан тайлбар өгөх хэрэгтэй.

 Би хуулийнханд хоёрхон шаардлага тавьдаг. Та нар мэдэж байгаа. Нэгдүгээрт, хүн хэлмэгдүүлж болохгүй. Хоёрдугаарт, хууль завшуулж болохгүй. Энэ зааг дундуур явна гэдэг хэцүү.

Одоо бол олон нийт хүчтэй болж байгаа цаг. Манай хууль, хяналтынхны нэг дутагдал бол яг хуучнаараа байгаа. Хуучнаараа ажиллаад л байгаа. Хэчнээн хуулийг нь өөрчлөөд, системийг нь өөрчлөх гээд зүтгээд байхад хуучнаараа байгаа. Олон нийтэд л бодит мэдээлэл өг. Чи олон нийтэд бодит мэдээлэл өгч чадахгүй бол тэр цоорхойг чинь хэн нэгэн ашиглана. Ойлгомжтой. Тийм учраас бодит мэдээллийг цаг тухайд нь, хууль зөрчихгүй олон нийтэд өгдөг л байх хэрэгтэй.

Төр засгийн хувьд софтвэйр буюу толгой нь солигдчихлоо. Харин хардвэйр буюу бие нь солигдоогүй байна

Хүмүүс зурагт үзэх, сонин уншихаа больж байна. Харин гар утаснаасаа бүхий л мэдээллийг олж авдаг болж. Гар утсанд бидний сонирхсон бүх зүйл байдаг болжээ. Төр, засгийн байгууллагын хоцрогдоод, шүүмжлэгдээд байгаа зүйл энэ гэж би боддог. Хүн төрөлхтний хувьд ч мөн адил. Төр засгийн хувьд софтвэйр буюу толгой нь солигдчихлоо. Харин хардвэйр буюу бие нь солигдоогүй байна. Тийм учраас тархиндаа тааруулж биеэ солих хэрэгтэй шүү дээ.

“Ц.Элбэгдорж фэйсбүүк хөтөлж байна. Хэрэггүй зүйл хөтөлж байна” гэж шүүмжилдэг. Би фэйсбүүк хөтөлдөг, үүнийг маш зөв зүйл гэж боддог. Ард иргэд маань мэдээлэлтэй байна, мэдээлэлтэй байх тусмаа мэдлэгтэй болно. Эхлээд будилна, сүүлдээ сайн мууг ялгаж сурна. Орж ирж байгаа бүхэн иргэдэд маань сургамж болно. Энэ эрх чөлөө, боломжийг олгох ёстой.

Нэрээ нууцлаад, хуурамч зураг тавиад, хүмүүст мөнгө төлөөд хүүхэд залуус, ард иргэдийн тархийг угаах үйлдэл хийж буй хүмүүсийг ч бид мэдэж байна. Гэхдээ эдгээр нь цөөхөн байгаа. Сүүлдээ үүнийг муу зүйл гэдгийг мэддэг болно. Хэдэн жилийн дараа үүнийг муу зүйл байсныг ухаарна.

Дээхнэ үед Алтан цөгцний гэх хэрэг гарч, хүслээ хэлбэл биелдэг мэтээр яригддаг байсан. Сүүлд бурхнаар бөөлждөг эмэгтэйн талаар дуулиан дэгдсэн. Эхлээд зарим нь итгэж, бүр зурагтаар ярилцлага нь гарч байсан. Түүнд итгээд тойрч суугаад нэвтрүүлэг хүртэл хийж байсныг та бүхэн харсан шүү дээ. Бүр 1990-ээд оны үед нэг эмэгтэй биенээсээ гал гаргаад байгаа тухай дуулиан дэгдсэн ч шүдэнз зураад гал гаргаад байгаа нь тодорхой болсон.

Энэ бүхэн дундуур бид, дарга, цэрэг, Ерөнхийлөгч, ард иргэд гэлтгүй бүгдээрээ явж суралцсан. Цаашид ч бүгдээрээ суралцъя. Тийм учраас төр засгийнхан жиргээнд нэгдэж, фэйсбүүк хөтөлж, иргэдийнхээ санал бодлыг сонсож байх хэрэгтэй. Хэдийгээр уур хүрч, бухимдал төрмөөр зүйл байдаг ч энэ бидэнд хэрэгтэй.

З.Энхболдын ярианы талаарх асуултад хариулъя. Би үүнийг үзэж амжаагүй. Гэхдээ энэ нь намынхаа гишүүдтэй суугаад, нээлттэй  хийсэн яриа биш байх гэж бодож байна. Манай З.Энхболд бол шударга ёсыг эрхэмлэгч нэгэн гэж би боддог. Уулзалтаар намын гишүүд утсаа унтрааж байгаад дотоод асуудлаа ярилцъя гээд санал бодлоо хэлэлцсэн байж магадгүй. Гэтэл энэ уулзалтыг нууцаар бичээд дамжуулсан бол ёс зүйгүй асуудал.

Та улс төрд орсон бол таны эмзэг газрыг үргэлж гишгэлж байх болно гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр бид тухайн мэдээллийг буруутгах биш өөрсдийнхөө үг яриаг хянаж цэгнэх нь зүйтэй.

Бас нэг зүйл хэлье. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг томилдог гэж ярьдаг. Тэгээд шүүхээс ял онооход Ерөнхийлөгч ял өгсөн мэтээр ярилцдаг. Энэ бол өмнө байсан зүйл. Одоо шинэ хууль гаргаж, Шүүхийн Ерөнхий зөвлөл гэж байгуулагдаад, шүүгчид мэргэжлийнхээ ажлыг хийдэг болсон. Тэгээд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүгчдийг шалгаруулдаг болсон шүү дээ. Харин үүнийг албажуулан зарлиг гаргах эрх л Төрийн тэргүүнд байдаг.

Мэргэжлийн байгууллага нь хянаад, шүүгчдийг шалгаруулан надад албажуулахаар өргөн барьдаг нь намайг шүүхэд нөлөөл гэж байгаа юм биш. Харин шүүхийн бие даасан байдлыг хангахад Ерөнхийлөгч та үүрэгтэй шүү гэж хэлж байгаа гэж би ойлгодог. Гэтэл зарим хүн шүүгчдийг томилоход өөрөө оролцож байгаа л бол нөлөөллөө тогтоох суваг нь болж байна гэж боддог. Энэ бол буруу ойлголт.

Бас Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлага гээд хүмүүс байна. Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг УИХ-д санал болгосноор гишүүд санал хураан томилдог шүү дээ. Хэрэв уг албан тушаалд тэнцэхгүй хүн байвал буцаах эрхтэй. Үүнийг оновчтой механизм гэдгийг Үндсэн хуулийг баталсан хүмүүс харсан гэж би хувьдаа ойлгодог.

Хүмүүсийн өмнө нүүрээ нуун, зөвхөн алга ташуулахын төлөө ажиллах юм бол Ерөнхийлөгч болох хэрэггүй

-Жастин Каплаг өршөөж 30 гаруй тэрбумыг салхинд хийсгэдэг нь танд ямар ашигтай юм бэ? НҮБ-д очих бэлтгэл үү? Үүний тухай ярихаа мартваа Ерөнхийлөгч өө? гэж асуусан байна.

-Жастин Каплагийн хувьд хоёр зүйлийг хэлье. Тэр хоёр хүн бол тухайн аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнууд байгаагүй, хөлсөөр ажилладаг хүмүүс байсан. Хоёрт, энэ бол татварын асуудал. Гуравт, Монголын нэр хүндийн асуудал байна. Гадаадын иргэд Монголын шоронг аймшигтай газар мэтээр ойлгодог. Монголд ирээд хөрөнгө оруулах гэхээр барьж аваад шоронд хориод байдаг юм байна гэж ойлгоно. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Монголын нэр хүнд сансрын хурдаар унаж байсан. Тэдэнд ямар аймшигтай сэтгэгдэл төрж, сөргөөр нөлөөлж байсан гэж бодож байна.

Энэ шийдвэрийг гаргахад надад хэцүү байсан. Би Монгол Улсын төлөө галд орохоос буцахгүй ээ. Би бусад шиг зөвхөн өөрийн нэрээ бодоод гадаадын иргэдийг цааш нь хорих шийдвэрийг гаргасан бол та бүхэнд өнөөдөр эх оронч хэмээн магтуулах байсан. Харин та бүхний өмнө өөрийн нэр төрийг умартаж, Монгол Улсын төлөө энэ шийдвэрийг гаргасан юм. Төлөх ёстой мөнгийг төлүүлэх шийдвэрийг шүүх гаргасан. Энэ асуултыг надаас биш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас асуусан нь дээр.

Ерөнхийлөгч хэцүү ажил хийх гэж гарч ирдэг юм. Шүүмжлүүлэх гэж, муу хэлүүлэх гэж гарч ирдэг юм. Үүнээс айж, бултан, хүмүүсийн өмнө нүүрээ нуун, зөвхөн алга ташуулахын төлөө ажиллах юм бол Ерөнхийлөгч болох хэрэггүй. Монголын Ерөнхийлөгч бол зовлонтой, хэцүү ажил шүү. Хоёр хөрш, бүс нутгийн улс орнууд, дэлхийн хэмжээнд ямар харилцаатай байх вэ? Тийм амар ажил биш ээ.

Бид өртэй байсан хүндээ л талархах ёстой

Ардчиллаа аврахын тулд бид чухам юу хийх вэ? Монголын өрийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?

Хуучин тогтолцооны, 1990 оноос өмнөх үед өр улсын нэр дээр бичигдэж байсан. Үүнийг ард иргэд нь төлөх ёстой байсан. Энэ өрийн асуудал өнөөг хүртэл явсаар саяхан шийдэгдлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхан Засгийн газраа төлөөлөөд ЗХУ болон хуучнаар БНМАУ хоорондын өр зээлийн асуудал бүрэн дууссаныг мэдэгдсэн. Бид ОХУ-ын ард түмэн, удирдлагад талархал илэрхийлэх ёстой гэж боддог. Өрийн асуудлыг шийдсэнийг Монголын ямар нэгэн улстөрч өөрийн хийсэн гавьяа мэтээр ярих ёсгүй. Бид өртэй байсан хүндээ л талархах ёстой. Хэцүү цагт бидэнтэй хамт байсан хойд хөршийнхөө удирдлагад бид талархах нь зүйтэй.

Та бүхэн шинэ өрийн асуудлыг асуусан байх. Өрийг нийтээр нь авч үзвэл 70 орчим хувь нь манай аж ахуйн нэгжүүдийн авсан зээл, босгосон бонд байдаг. Тэгэхээр бүтцээр нь авч үзвэл манай Засгийн газрын төсвөөс төлөх өр жилээс жилд багасч байгаа. Үүнийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр банкны зээл өндөр байна. Засгийн газраас бонд гаргаад Монголын зах зээл дээрээс мөнгө татахаар нөгөө аж ахуйн нэгж рүү явах гэж байгаа мөнгө нь Засгийн газарт очоод байна.

Тэгэхээр өнөөдөр манай бүх аж ахуйн нэгж, иргэд мөнгөөр дутагдаж байна. Монголд зээлийн хүү 18 хувьтай байгаа. Харин бид гадаадаас 2-5 хувийн хүүтэй зээл авч чадах бол буруу зүйл биш. Гэхдээ бид энэ зээлийн зарцуулалтад анхаарах ёстой. Иргэд үүнийг ихэд анхаарч шүүмжилдэг. Эргэн төлөгдөх юм уу, Засгийн газар өөрөө хариуцах юм уу гэж санаа зовдог. Энэ бол шударга шүүмжлэл.

Гаднаас орж ирж байгаа нэг ам.доллар дээр бид долоон ам.доллар босгох хэрэгтэй. Гэтэл энэ шалгуурыг өндөр байна гэж үзээд гаднаас орж ирж байгаа нэг ам.доллар дээр гурван ам.доллар босгоё гэж явдаг болсон. Үнэндээ 100 сая төгрөгний юм хийх гэж байгаа хүнийг Засгийн газар 30 сая төгрөгөөр дэмжихэд бэлэн байна. Засгийн газрын дэмжих баталгааны бичгийг авч яваад гадаадаас 70 сая төгрөгний хөрөнгө оруулалт аваад ир. Тэгвэл үлдсэн 30 сая төгрөг танд очно. Тэгээд Засгийн газрын 30 сая төгрөгийг буцаан төлнө. Ийм байдлаар явбал оновчтой байгаа юм.

Мөн тэг аравны төдөн хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээлүүд үнэхээр байдаг. Ийм зээл авч зөв зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Зээлийг зарцуулах тодорхой бизнесийн салбарыг заая. Зээлийг Засгийн газар, албан тушаалтан шалгаруулахгүй. Олон улсын банкинд очоод Техник эдийн засгийн үзүүлэлтээ үзүүлээд, зээл авах хэмжээнд очсон төслийг шалгаруулъя.

Тэгээд уг зээлийг ашиглан Монголдоо хийж бүтээгээд гадаадад экспортод гаргах гэж байгаа бол түрүүлж дэмжинэ гэдэг юм уу, ийм бодлого Монголд хэрэгтэй байгаа. Энэ бодлогыг бид тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байгаа нь үнэн. Энэ асуудлыг УИХ хууль болгоод Засгийн газарт шаардлага тавиад яваач гэж би үргэлж хэлж байгаа нь үнэн.

Эрх чөлөөний нэг сайхан тал бол алдаа хийх боломж юм

-Мөнгө өгвөл юу ч хамаагүй бурж, нийгэмд талцал үймээн дэгдээж байгаа хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулах уу?

-Ер нь би төрийн зохицуулалтын эсрэг байр сууртай байдаг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн оролцоог хязгаарлах бодолтой байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг бид санаачлан дэвшүүлсэн. Гэтэл уг хуулийг УИХ хэвлэлийн эрх чөлөөг боомилох тухай хууль болгоод батлах гэж байсан учраас би буцаан татаж авсан юм.

Хэвлэл мэдээлэл ийм эрх чөлөөтэй хэвээр байг. Хүмүүс нь ийм эрх чөлөөтэй ярьдаг байг. Энэ орчинд ажиллана гэж албан тушаал хашиж яваа этгээдүүд ийм орчинд амьдарч сураг. Магадгүй бидний дараагийн үе арай дээр байдлаар шийдэж болох юм. Тийм учраас бид эрх чөлөөний талд л зогсоно.

Эрх чөлөөний нэг сайхан тал бол алдаа хийх боломж юм. Хэрэв алдаа хийсэн бол суралцаад цааш явна биз. Энэ нь хөгжил дэвшилд гарах нэгэн гишгүүр болдог.

Төрд орох гэж байгаа бол хулгай л битгий хийгээрэй

-Зарим жиргээчид фотошоп ашиглан улстөрчдийг шүүмжилдэг. Тэднийг хууль хяналтынхан барьж хорьдог нь зөв үү?

-Юу ч ашиглан, хэнийг ч шүүмжилж болно. Иргэд бол худал мэдээлэл тараах эрхтэй гэж боддог. Надтай зарим хүн санал нийлдэггүй. Бодитой мэдээлэл тарааж чадахгүй байгаа бол иргэд худал мэдээлэл тарааж л таарна. Хэл амаа үдүүлчихсэн мэт суугаад байж болохгүй шүү дээ.

Х.Баттулга гишүүнтэй холбоотой асуултууд байна. Та нар ярилцаж болдоггүй юм уу гэх мэт. Түрүүн асуулт уншиж байхад энэ болж буй үйл явдал  Х.Баттулга, Ж.Оджаргал нарын зодоон юм биш үү  гэсэн асуулт  ч байсан. Ганц гишүүнд ч биш, би бүх хүнд хэлдэг. “За төрд орох гэж байгаа бол хулгай л битгий хийгээрэй” гэж. Өөр олон шаардлага тавьдаггүй. Харин хулгай хийвэл өмнүүр чинь орж хууль хяналтын байгууллагуудын шалгалтаас хамгаалах гэж явахгүй ээ.

Хоёр хүний талаарх асуултууд яваад л байна. Нэг нь улс төрд бизнес хийх гэсэн хүн, нөгөө нь нүүрсний зах зээлд бизнес хийх гэсэн хүн байна. Тэгээд хоорондоо эрх ашиг нь зөрчилдсөн хүмүүс байна. Тэгж яривал хоёулаа нэг аймгийнх шүү. Баянхонгорын хоёр байгаа юм. Тэр хоёрт суугаад ярилц гэж би хэлж л байсан. Энэ төмөр зам, Тавантолгой хөдлөх юм бол Монголын ард түмэнд ашигтай байна шүү дээ.

Төмөр зам, Таван толгойг цагт нь хөдөлгөж чадсан бол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3-4 хувь өсөхөөр дүн гарч байсан. Тэнд 600 гаруй аж ахуйн нэгж худалдан авалт, нийлүүлэлт хийх боломжтой байсан. Давхардсан давхардаагүй тоогоор 60 гаруй мянган хүн ажилтай болох боломжтой байсан. Монгол төгрөгийн ханш ингэж салбайтлаа унахгүй байсан. Монголын ард түмний орлого ингэтлээ дордож, халаас нь цоорохгүй байсан юм. Цагт нь ашиглаж чадаагүй, одоо энэ тухай яриад яах юм бэ? Би энэ тухай өмнө нь зөндөө хэлж, ярьж, саналаа оруулж байсан. Улс төрөө хийх нь улс төрөө хий, бизнесээ хийх нь бизнесээ хий л дээ.

Өмнөд хөршийн нэгэн удирдагч надад “Хятадын эдийн засаг сүүлийн арваад жил өсөхөд дэлхий нийтээрээ бараг дагаад баяжлаа даа. Гэтэл манайхтай хамгийн их газар нутгаараа холбогдсон, манай хамгийн чухал түнш маань үүнийг ашиглаж чадсангүй дээ” гэж хэлж байсан. Үнэн үнэн. Одоо бол манай өмнөд хөршийн эдийн засаг долоон хувьд хүрсэн. Өмнө нь 13 хувиар өсч байсан өсөлт долоон хувьд хүрэхэд худалдан авалт буурна. Энд тэнд цогцолбор барина л гэх юм. Зах зээл байхгүй бол ямар хэрэг байх вэ дээ.

Төв Азийн нэгэн уулзалтад оролцоод явж байхад нэг хүн биднийг томоохон ордонд оруулчихаад “Би энэ ордныг бариулсан юм. Зургийг нь би гаргасан. Энэ ордныг барихад би 27 удаа ирж шалгаж байсан. Энэ ордны чийдэнгийн бүрхүүл нь  Сваровски юм” хэмээн хэлж байсан. Гэтэл өөр нэгэн хүн ирээд надад “Монголд би арваад жилийн өмнө очсон. Зочид буудал хомс байсан. Ядаж үүн шиг зочид буудал бариулаач” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь “Манай систем ялгаатай юм. Монголд Ерөнхийлөгч нь зочид буудал барьдаггүй юм. Ард иргэд, аж ахуйн нэгж, компани зочид буудал барьдаг байхгүй юу“ гэж хэлсэн.

Зарим этгээд бизнест нэр хүндээ алдаад ирэхээр улс төрд орж, ард түмний өмч хөрөнгөөс шанагадан авахаар дайрч байна гэж би хардаг юм. Ингэхээ л больчих хэрэгтэй. “Улс төрд орж байгаа л бол та бусдын эрх ашгийн төлөө явах ёстой” гэж би жиргэж байсан. Харин өөрийн эрх ашгийн төлөө явах гэж байгаа бол улс төрөөс ангид олон зам байна.

“Бид эвтэй баймаар байна” гэж байна. Үнэхээр бид эвтэй баймаар байна. Гэхдээ бид хулгай тойрон эвлэрч болохгүй ээ. Луйварчин бол луйварчин хэвээрээ л байдаг. Тиймээс бид нэгнийхээ хулгайг хараад сууж болохгүй.

-Та Цензургүй яриа нэвтрүүлэгт орох уу?

-Би түрүү жил оролцож байхдаа жилийн дараа дахин оролцоно гэж амласан. Урилга нь ирэх байх. Мүүний урилга шиг зүйл болохгүй байлгүй дээ. Зарим урилгад болгоомжтой хандахгүй бол болохоо байсан байна шүү.

-Х.Баттулгад та яг юу гэж хэлдэг юм бэ? Яагаад Тавантолгойг зогсоогоод байгаа юм бэ?

-Бид хоёр энэ сэдвээр зөндөө ярилцаж байсан. “Төмөр зам барихаар үнэхээр болохгүй, гаднаас элдэв зүйл ороод ирнэ гэж үү?” хэмээн ярилцаж байсан. “Би Тавантолгойг авъя” гэж надад хэлж байсан. “Чи авч чадах юм бол ав. Хамгийн гол нь Тавантолгойд ажиллая гэж байгаа хөрөнгө оруулагч нь орж ирээд өөрсдийн шалгуурт тохирох хүчин чадалтай компанийг сонгоно шүү дээ” гэж би хариулсан.

Тавантолгой бол миний ч юм биш, Монголын ард түмнийх. Засгийн газар шийдэж байгаа, гэхдээ шийдэхдээ тодорхой шалгуурууд тавьж байгаа. Энэ шалгуурт тийм олон компани, хүссэн хүн нь таардаггүй л байхгүй юу.Тэгээд  түүнийг, Баттулгыг итгэл найдвартай түнш гэж сонгохгүй л байна шүү дээ. Тэгээд одоо яах юм? Асуудал бол ердөө л энэ. Тэгээд энэ асуудлыг мундаг зүйл болгоод яваад байх хэрэггүй байх гэж бодож байна.

-Таныг гүтгэх доромжлоход олон хүн цагаа зарцуулах юм. Үүний ард чухам хэн байна бэ?

Намайг гүтгэх доромжлоход цаг заваа зарцуулдаг олон хүн байхгүй ээ гэж би боддог. Энд хөрөнгө зарцуулж, сүлжээ бий болгодог, үүнийг санхүүжүүлдэг нэг л гол этгээд байгаа.

Хэн юм бэ гэж байна. Би үүнийг үзэгдэл гэж боддог. Та нар өөрсдөө ол. Үүнийг хүнээр төлөөлүүлж хэлэх аргагүй. Би үүнийг буруу үзэгдэл гэж боддог. Хэдэн зуун хүн суулгаад, эвлүүлж бичээд сууж байдаг. Миний хамгийн их эмзэглэдэг зүйл бол тэр 15-20-иод насны залуучуудын тархийг угааж, хооронд нь талцуулж, үзэн ядалт бий болгож байгаа үйлдэл юм. Гэвч буруу хэлүүлж байгаа хүнд зөвөөр ойлгогдох боломж бий.

Гадагшаа оргуулаад зугтаалгасан нөхөд рүү л “Монголдоо хурдан ир” гэж мессэж явуулах хэрэгтэй

-Цагдаагийн байгууллагыг УИХ-ын Хуульзүйн байнгын хороо шалгана гэж байгаа. Та үүний талаар юу гэж бодож байна вэ?

-Би энд нэг зүйлийг хэлье. Цагдаагийн байгууллага руу, сайд руу бичиг явуулж байхаар гадагшаа оргуулаад зугтаалгасан нөхөр рүү л “Монголдоо хурдан ир” гэж мессэж явуулах хэрэгтэй. Бат-Эрдэнэ, Ганбат нарын этгээд байна. Тэд үнэхээр хүн чанартай юм бол ирээд асуудлаа ярь л даа. Гадаад паспорт , хөхүүл хүүхэдтэй хүний ард нуугдаж зугтаад байх хэрэггүй.

Чамайг шүүх дуудаж байгаа бол оч. УИХ-ын гишүүнийг шууд баривчилж болдоггүй, гэрт нь нэгжлэг хийж болдоггүй. Тийм учраас чи дархан эрхээсээ татгалз. Чи тэр хуулийн бичгээ буруу газарт өгөөд байна. “УИХ-ын дарга З.Энхболд танаа, намайг УИХ-ын бүрэн эрхт ажлаас чөлөөлж өгнө үү” хэмээн өргөдлөө өгөх хэрэгтэй.

Цагийн сайханд, 1994 онд би ингэж чөлөөлөгдөж байсан. Ингэж олон гишүүн чөлөөлөгдсөн байх гэж би боддог. Тэгсэн надаас өөр ингэж чөлөөлөгдсөн хүн байхгүй байна. Би ийм л байр суурьтай. Чи тийшээ л өргөдлөө өг. Харин өөр газарт өргөдөл өгөөд л, шүүхийн танхимд сүр үзүүлээд байх хэрэггүй.

Монголын шүүх хар цагааныг ялгана. Монголын хууль үнэн худлыг ялгана. Бид шүүх, хуульд итгэх хэрэгтэй. Тэнд сууж байгаа хүмүүс бүгд Ц.Элбэгдоржийн гар хөл биш. Нэг домгийг та бүхэн толгойноосоо авч хая. Хууль шүүхийн байгууллагынхан дээр үед улс төрчдөөс хамааралтай байсан байж магадгүй. Харин өнөөдөр тэд сургамж авсан. Тэр улстөрчдөөс болоод буруу хүн шийтгэсэн бол тэр шүүгч өөрөө л баларна.

Тийм учраас наад хүмүүс чинь гэнэн биш, улам бүр мэргэшиж байгаа. Мөн  байнга  ард иргэдийн хараа хяналтад байгаа. Хууль зүйн байнгын хорооны шалгалт гэж байх шиг. Шалгуулж байгаа этгээд нь шалгаж байгаа талыгаа шалгаад өг гэдэг чинь наад захын ашиг сонирхлын зөрчил байгаа гэсэн үг биз дээ. Юу гэсэн үг вэ?

Авлигын хэргийг албан тушаалтай, өөрийн гэсэн сүлжээтэй, ардаа улс төрийн хамгаалалттай хүмүүс л үйлддэг

Авлига албан тушаалын хэргийг жирийн нэгэн иргэн үйлддэггүй. Энд сууж байгаа жиргээч бол үйлдэхгүй. Энэ хэргийг албан тушаалтай, өөрийн гэсэн сүлжээтэй, ардаа улс төрийн хамгаалалттай хүмүүс үйлддэг. Харин тийм хүнийг шалгаад явж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтнаа хамгаалах хэрэгтэй. Ингэж байж Монголд шударга ёс тогтож, бид хулгайчдаас сална. Тэдэнд дарамт үзүүлж огт болохгүй.

Хэдэн жилийн дараа та нар “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед ч арай өөр байжээ. Авлигачид байж суух газаргүй ийш тийш зугтдаг байсан. Харин одоо ч бүр шалгахаа байлаа. Ерөнхийлөгч бол шалгаж хяналт тавьж байгаа ажилтнуудын талд байдаг байсан шүү” гэж та нар жиргэж байж магадгүй.

Бид алдаа дутагдал гаргаж байгаа, тэрнийгээ засах хэрэгтэй. Бүгдээрээ сайн хүмүүс гэж би хэлэхгүй. Гэхдээ л сайн цалин мөнгө авахгүй байгаа, хуулийн байгууллагын дүрэмт хувцас өмссөн хүмүүст нөлөөлөх гэж оролдох хэрэггүй. Ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Би ийм байр суурьтай, Үүнийгээ хэний ч өмнө хэлдэг. Ингэж хэлээд л би ад болдог.

Би хүнийг дуудаж өмнөө суулгаж байгаад нүд рүү нь харж байгаад хэлдэг. Найз нөхдөө гэртээ урьж, цай хоолоо өгч байгаад хэлдэг. УИХ тэр Хариуцлагын тухай хуулиа батлаад л явчихмаар байгаа юм. Хариуцлага хүлээх дургүй бол улс төрд орох хэрэггүй.

Монголд хуулийн засаглал тогтох уу, хулгайчийн засаглал тогтох уу гэсэн тэмцэл өрнөж байна

-Монголд чухам ямар тэмцэл өрнөөд байна вэ?

-Монголд тэмцэл өрнөөд хагарч бутарсан зүйл байхгүй. Монголд хуулийн засаглал тогтох уу, хулгайчийн засаглал тогтох уу гэсэн тэмцэл өрнөж байна. Монголын ард түмэн хуулийн засаглал тогтоохын төлөө л зүтгэх ёстой. Монголын төр ард түмний эрх ашигт үйлчлэх ёстой. Тэрнээс биш авлигачийн эрх ашигт үйлчлэх ёсгүй.

Хуульд бол найраа, найз байхгүй. Улс төрд орж байгаа бол хувь хувьсгалаа ялгах хэрэгтэй. Чи бол миний анд, найз. Олон жил хамт явсан. Одоо чи гишүүн боллоо, одоо чи сайд боллоо, би Ерөнхийлөгч боллоо. Зарим нь аягүй бол “Энэ одоо найз нь Ерөнхийлөгч боллоо гээд даварсан хүн байна. Намайг хэн хэлэх вэ л гэсэн хүн явах юм” гэж хүн хэлнэ. Тийм учраас хууль зөрчвөл, буруу зүйл хийвэл би өмөөрөхгүй. Гэхдээ бид найз нөхөд хэвээр үлдэнэ. Ийм л зүйл шүү дээ.

Тэгэхээр ер нь улс төрд орж байгаа улс бол улс төрөөс мөнгө хийх гэж боддогоо л болих хэрэгтэй. Улс төрийг юу баллаад байгаа юм. Улс төр шиг муу нэртэй юм алга гэж хүмүүс яриад байдаг. Улс төрийг бол улс төрөөс мөнгө хийх гэсэн хүмүүс л баллаад байгаа юм.

Мөнгийг нэгдүгээрт тавьж байгаа хүмүүс бол эх орныхоо эрх ашгийг хойно нь тавьдаг юм. Тэр дандаа өөр юм ярьж явдаг. Нэг бол бусдын бүтээж хийх гэсэн юмыг нурааж зогсоож тэндээс ашиг хийх гэж явдаг. Тэгэхээр ийм байдлаар улс төр хийх хэрэггүй. Ийм байдлаар улс төр хийх аргатай, энэнээс өөр арга мэдэхгүй бол түүнээсээ холдсон нь дээр.

Ер нь хэн ямар технологи ашиглаж байна, бүгдийг нь мэдэж байгаа. Нэг асуудал гараад ирэхээр л хөхүүл хүүхэдтэй болоод хувирчихдаг. Нөгөө нэг асуудал гараад ирэхээр л “мүүн, мүүн” гээд л хоёр талдаа пижигнээд байдаг. Үгүй ээ, энэ бол зүгээр л танил технологи шүү дээ. Та нар ч мэднэ. Улстөрчдийн энэ технологийг мэдэж байгаа бол заавал автаад байх шаардлагагүй ээ. Иргэн бүхэн өөрийнхөө байр суурин дээр байх ёстой л гэж боддог.

Буруу юм хийж байгаа хүмүүс улс төрөөсөө гарах нь зүйтэй

-Одоогийн Их Хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бүгд нэг намынхан. Эв нэгдэлтэй байж болдоггүй юм уу? Сонгууль ойртож байна?

-Хууль зөрчдөг, авлигач тийм хүмүүсээсээ салах нь намын эрх ашиг гэж би боддог. Түүнийгээ хамгаалж тойрч нэгдэх нь намын эрх ашиг биш байх. Аль ч намынхан хууль зөрчдөг, улс төрд үнэхээр энэ хүн баймааргүй байна гэж үзэж байгаа тэр хүмүүсээ холдуулах хэрэгтэй. Тэр хүмүүсээ заавал нэр дэвшүүлэх шаардлага байхгүй. Тийм хүмүүс байгаа бол дахин нэр дэвшүүлэх хэрэггүй.

Би заримтай нь уулзаад хэлдэг. Нэлээн хэдэн хүнд “Чи бол хэрэггүй ээ. Одоо зүгээр мэдэгдэл хийгээд л гар. Би энэ улс төрөөс гарлаа гэж хэл. Би эх орон, ард түмнийхээ төлөө ийм ийм зүйл хийх гэсэн. Тэгээд улс төрд ороод ирлээ. Гэтэл энэ улс төрд чинь ийм муухай хачин зүйл байдаг юм байна. Би гоё хүн” гээд  л гарахгүй юу гэдэг.

Буруу юм хийж байгаа хүмүүс улс төрөөсөө гарах нь зүйтэй. Гэхдээ нэг юмыг би үргэлж мэднэ. Энэ тэнд иймэрхүү асуудал яригдаад, би энд ингээд яриад зогсож байхад, тэнд ардчиллыг дэмждэг, ардчилсан намын ч гэдэг юм уу, хүмүүсийн зүрх зүсэгдэж байдаг. Зарим нэг хүмүүс эд нар хоорондоо талцаад аймшигтай юм болж байна гээд баярлаж байдаг.

Би ардчиллын төлөө амь амьдралаа зориулж зүтгэсэн олон арван мянган хүний хичээл зүтгэлд үргэлж талархаж явдаг. Тэднийг хайрлах ёстой гэж боддог. Гэхдээ бид нар энэ ардчилал, эрх чөлөөгөө авилгаас, хууль бус зүйлээс аврах ёстой. Би энэ байр суурин дээрээ байгаа. Би энэ үг хэлэх эрх чөлөөнд, шүүмжлэх эрх чөлөөнд, эд хөрөнгөтэй байх эрх чөлөөнд, хийж бүтээх эрх чөлөөнд өөрийн юм шиг л ханддаг. Тэгэхээр энэ талд нь зогсох ёстой л гэж боддог. Үүнийг л хэлье.

Төрийн эзэн бол хууль, ард түмэн

-Монголын төр авлигачдын эрхшээлд орж дампуурч дууслаа, та ямар арга хэмжээ авч байна вэ?

-Би бол санал нийлдэгүй. Эзэнгүй төр боллоо. Зарим улстөрч өөрийгөө төрийн эзэн гэж бодож байж магадгүй. Төрийн эзэн бол хууль байхгүй юу. Төрийн эзэн бол ард түмэн.

Ард түмэн мэдээллээ бодитой аваад төрөө шүүмжилж байгаа бол энэ сайн. Монголын ард түмэн төрөө хараад бүгд алгаа ташиж байгаа хэр нь цаанаа уйлж байгаа бол энэ муу. Тийм төр бол муу төр байна. Ард түмнээ тийм болгосон. Ард түмэн зоригтой хэлж байдаг, хэлэлцүүлэг явуулж байдаг бол сайн төр. Тэгэхээр төрийн эзэн бол хууль юм. Хэн нэгэн хүн биш.

Төрийн эзэн бол ард түмэн. Ер нь бол Монголд хуулиас зугтдаг даварсан хоёр хүн л байна. Ардаа улс төрийн татуургатай, дэмжлэгтэй гэж үздэг, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг. Тэгээд л баахан тархи угаасан захиалгат нэвтрүүлэг хийгээд, түүгээрээ бусдыг гүтгэдэг, дандаа хүмүүсийг дотор нь хагалгадаг бутаргадаг, хөлсний бичээч хөтлөгч эвлүүлгүүдээрээ дамжуулж бусдыг гүтгэдэг.

Цөөн л хүн бий. Нэг их олон биш ээ. Бүгдээрээ ийм болсон юм биш. Монголын улс төрийн алба хашиж байгаа бүх улсууд хулгай хийгээд, шунаад байгаа зүйл байхгүй. Энд ёс зүйтэй маш олон хүн байгаа.  Монголыг өөрийнхөө алба ажлаараа дамжуулж аваръя гэж бодож байгаа улсууд байгаа. Тийм учраас энд тийм болохоо байчихсан зүйл бол байхгүй ээ.

Монгол ёсолгоог “Тэнгэрийн хүү” жүжгээс авсан

-Та Монгол ёсолгоогоо тайлбарлана уу? Энэ Мүүнээс авсан зүйл үү?

-Монголын ард түмнийг ингэж гутааж болохгүй ээ. Хас тэмдгийн бэлгэдэл байдаг шүү дээ. Түүнийг Гитлерээс авсан байх уу, Монгол түмэн? Хасын бэлгэдэл бол монгол бэлгэдэл. Хүннүгийн үеэс байсан бэлгэдэл гэж би боддог. Цогт тайж кинон дээр, Чингис хаан, Мандухай сэцэн хатан кинон дээрээс хараарай. Монгол сурын ёсолгоо бол тэр миний хийж байгаа ёсолгоо.

Яг би энэ санааг хаанаас авсан бэ гэвэл, би үнэнээ хэлье. Би “Тэнгэрийн хүү” гэдэг жүжиг үзэж байсан. Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жилийн ойд зориулсан “Тэнгэрийн хүү” гэдэг жүжиг. Та нар  тэр жүжгийг үз л дээ. Та нар эвлүүлэг үзээд толгойгоо угаалгаад гүйлдээд байгаа байхгүй юу. Тэр жүжигт Хүннүгийн баатрууд орж ирээд ёсолж байгаа ёсолгоо нь яг ийм. Араас нь харахад яг Монголын газрын зураг шиг харагдаж байгаа.

Яг ингэж харах юм бол зүүн баруун гар нь зүүн баруун тал, тэгээд дээд талын толгойг нь оруулах юм бол Хөвсгөл аймаг. Яг надад Монголын газрын зураг шиг л харагдсан. Тэгээд л энэ чинь л монгол ёсолгоо байна шүү дээ гэж бодсон.

Ер нь  аль ч ард түмэнд мэндэлдэг ёсолдог ёсолгоонууд байдаг. Япончууд яаж ёсолдгийг та бүхэн мэднэ. Тайландууд яадгийг та бүхэн бүгдээрээ мэднэ. Монгол чинь ийм уламжлалтай байсан юм байна. Үүнийг энэ жүжиг дээр харуулж байна гэж бодсон. Би тэгээд Наранбаатартай уулзаж “Үүнийг чи хаанаас санааг нь олсон юм бэ?” гэхэд тэр тухайгаа надад ярьсан. Сосорбарам ах буйран дээрээ очоод ёсолсон байсан тэр зургийг хараад олсон гэсэн.

Тэгээд Мандухай сэцэн хатан киног үзээд, тэр сурын ёсолгоо тэр бүхнийг хараад монгол ёсолгоо тийм байж гэж бодсон. Үнэхээр монгол цэргүүд ирээд лав л бидний офицер байсан үе шиг тэгж ёсолдоггүй л байсан байх.  Нэг юм хийдэг л байсан байх даа. Гараа өмнөө бариад зогсдог байсан юм болов уу. Эсвэл нуруугаа үүрээд зогсоод байдаг байсан юм болов уу. Чингис ёсолгоо хийгээд хүзүүн дээрээ бүсээ тохоод тэнгэртээ залбирлаа гэдэг. Бид нар чинь тэнгэртээ залбирдаг улс шүү дээ.

Хэн нэгэн түүнийг хуулсан бол Монголоос хуулсан байж магадгүй. Би лав Мүүний ёсолгоог аваагүй ээ. Ийм зүйлээр гутаах гэж оролддог. Тэгээд л наадам дээр Элбэгдорж нөгөө мүүнээсээ авчирсан юмаараа ингэлээ гээд л ярьдаг. Би үүнийг Монголын ёс гэж үздэг юм. Монголын ёс. Монгол чинь өөрөө түүхтэй орон. Ингэж бас өөрсдийгөө, ард түмнээ, түүхээ гутаах хэрэггүй л дээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг  “Монгол дахь Мүүний ажиллагаа талаар шууд мэтгэлцээн асуулт хариултад урьж байна. Мэтгэлцээн баримтууд дээр явагдана” гээд энд урт юм бичжээ.

-Намайг мэтгэлцээнд өмнө нь зөндөө хүн урьж байсан. Ганц энэ хүн ч биш. Би “Ер нь очоод уулзчихад яадаг юм” гэж бодож байсан юм. Тэгсэн үүнд  улсууд маш дургүй юм билээ. “Та бол өөрийгөө төлөөлөхгүй Монголын ард түмнийг төлөөлж байгаа хүн шүү. Монголд ард түмнийг төлөөлсөн дахиад нэг Ерөнхийлөгч байгаа бол та очоод мэтгэлцэж болно. Тэр мэтгэлцэе гэж байгаа хүн чинь өөрийгөө л төлөөлж байна. Өөрийнхөө ашиг сонирхлыг, эсвэл нэг хэсэг хүмүүсийн ашиг сонирхлыг төлөөлж байна. Та бол ард түмний ашиг сонирхлыг төлөөлж байгаа шүү”. Ийм үгийг улсууд надад хэлж байсан. 

Би үүнээс санаа авсан. “За тийм юм байна. Үнэхээр дахиад нэг Ерөнхийлөгч гарсан бол очоод мэтгэлцэж болно л доо” гэж бодсон. Би сая энэ хүний асуугаад байгаа зүйлүүд дээр хариултаа өгчихлөө. Шаардлагатай бол нэмээд өгч болно.

-Цензургүй яриа нэвтрүүлгийг С1-ээр гаргахад хэн хаасан бэ?

-Энэ бол дахиад л нөгөө танил технологи шүү дээ. Жиргээчид facebook хэрэглэгчид  “Энэ С1 телевизийн эзэн нь хэн билээ. Ямар намын гишүүн билээ. Ерөнхийлөгч нь ямар намын гишүүн билээ” гээд хараад байхаар эвгүй л дээ. Би нэг ч телевиз, нэг ч нэвтрүүлгийг хаа гэж амьдралдаа хэлж байгаагүй. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас С1 телевиз рүү бичиг явуулсан байна лээ. “Танай телевизэд хэн тэр нэвтрүүлгийг хаа гэж хэлсэн юм бэ гэсэн бичиг. Түүнд хариу өгсөн юм уу, үгүй юм уу. Одоо та нар л асуух хэрэгтэй.

Нэвтрүүлэг хаалаа гээд орон нутгаар,  facebook, твиттэрээр тарааж байгаа юм. Тэгж нөгөө юмаа арай олон хүнд хүргэх, их мундаг юм хийсэн гэж өөрсдийгөө бодсон байж магадгүй. Тэр дотор зөв юм бий. Би түрүүн хэлсэн, тэр асуудлыг хөндөж ярих нь зөв. Гэхдээ Монголыг талцуулах, бие биеэ түүгээр дамжуулан үзэн ядуулах нь буруу. Тэр Мүүний хэдэн хүүхдүүд хоорондоо талцаад зодолдож байгаа юмыг Монголын зодоон болгож хэрэггүй ээ л гэж би хэлж байгаа юм.

Мүүнийг муу гэж үзэж байгаа бол бушуухан салах хэрэгтэй. Надад ямар ч холбоо байхгүй гэдгийг л би хэлж байна. Миний байр суурь энэ л байна.

-Монгол Улсын иргэн гадаад улсын иргэн давхар байж болох уу? Америкийн иргэншлийг Ганбат гэж хүн ямар замаар авсан бэ?

-Монгол Улсын иргэн болох асуудлыг зохих газрууд хүсэлтийг нь судлаад оруулж ирээд гарын үсэг зуруулдаг. Тэр зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Тэр Ганбат гэж иргэн гадаадын иргэн боллоо гэж ямар нэг асуудал орж ирээгүй.

Монголд бол хоёрдмол иргэншлийг хориглодог юм. Монголын иргэн Америкийн иргэн давхар байхыг хориглодог. Байж болдоггүй гээд хуулинд заачихсан байгаа. Харин Америкийн паспортыг ашиглаж Монголчуудыг доромжилж болно, Монголын хуулийг доромжилж болно, Монголоос хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын хууль араас нь явах л болно.

Ер нь энэ иргэншилтэй холбоотой асуудлаар ялангуяа гадаадад байгаа монголчууд байнга л асууж байдаг. Гадаадад монгол эхээс зөндөө хүүхэд төрлөө. Гаднын иргэн болоод байна гэх мэтчилэн. Яг энэ асуудал дээр тэр хөх үнэмлэх гэдэг зүйлийг бий болгоё. Энэ иргэншлийн асуудлыг зөв шийдье. Монголчууд олуулаа болъё.

Үнэхээр монголчуудтай адилхан монгол газар шороо, монгол нутаг, монгол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд залбирч явдаг, өөрийгөө монгол хүн гэж боддог монгол хэл уламжлал заншилтай хүмүүс байна л даа. Үүн дээр тодорхой шалгуур тавиад, энэ хүмүүсээ арай хөнгөлттэй нөхцөлөөр Монголд ирж буцаж байдаг. Цаашдаа иргэн болж болдог ийм замыг бид нар нээх хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм.

Тийм ч учраас би 2011 онд Монголчууд олуулаа болъё гэсэн уриалга гаргаж байсан. Гэхдээ энэ дотор эмзэг хүндрэлтэй асуудал байж байдаг. Сая ярьсаар байгаад энэ хуулийг өргөн барьсан. Зарим нь их муухайгаар дайрч байгаа. “Элбэгдорж цаанаас л баахан улсууд оруулж ирэх гэж байгаа юм байна. Энэ нөхөр бол ийм муухай зүйл санаж явдаг хүн байна шүү” гэж дайрч байгаа. Та нар зүгээр дотроо бодоорой.

Үнэхээр монгол хүүхэд гадаадад төрөөд Монголдоо орж ирж байгаа бол тэр хүн гаднын иргэн шиг биш, монгол хүнээс төрсөн, монгол ээж аав нь хөтлөөд орж ирж байгаа бол арай өөр нөхцөлөөр, арай өөр үнэмлэхээр, заавал виз гээд байхгүйгээр нутартаа орж ирж болно оо доо. Яагаад болдоггүй юм бэ. Бид нар арай жаахан олуулаа болох хэрэгтэй байна. Зөвхөн монгол хүн дээр ийм боломж олгоно. Тэгээд дээр нь тодорхой шардлагууд тавина. Яагаад болохгүй байгаа юм бэ. Энэ тухай үргэлж л асууж ярьдаг байсан шүү дээ. Магадгүй, Элбэгдорж санаачилсан учраас болохгүй байгаа юм уу.

-Улс төрчид олон мэхтэй байна. Улс төрчдийн мэхийг яаж гүйцэж харах вэ?

-Олон мэхтэй бөх гэдэг шиг загасчин хүмүүс олон халаастай куртка өмсөөд явдаг шүү дээ. Заримдаа би хардаг юм. Энэ одоо ямар олон мэхтэй юм бэ гэж. Эндээсээ ч нэг дэгээ гаргаж ирээд, тэндээсээ ч нэг дэгээ гаргаж ирж шидээд л. Яг тийм загачны куртка өмчихсөн мэт нөхдүүд байдаг шүү дээ. Маш олон ааш гаргана.

 Монгол Улс  хариуцлагын хуулиа л  гаргах хэрэгтэй. Бид хариуцлагын хуулинд маш тодорхой заалт оруулж өгсөн шүү дээ. Хэрвээ Прокурорын газраас тийм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлье гэсэн санал УИХ-д ирвэл УИХ шууд прокурорын саналаар шийдэж өгөх ёстой.

Прокурорын саналаар шийдэж өгөөд шүүх  үнэн мөнийг нь шүүгээд, тэр хүн гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүх тогтоовол тэр санал оруулж ирсэн хуулийн ажилтан прокурортой хуулийн хариуцлага тооцож байя гэж байгаа. Магадгүй тэр хуулийн ажилтан өөр ямар нэг сонирхолд хөтлөгдөөд,  маш шударга гишүүнийг хэлмэгдүүлэх гээд байж магадгүй. Ийм хоёр талаас нь зохицуулалт хийж өгье гэж тэр хуулинд маш нарийн зүйлүүдийг зааж өгсөн л дөө.

-Улс төрийг би ойлгодоггүй ээ. Улс төрийг юу гэж ойлгох вэ?

-Би ч гэсэн улс төрийн амьдралд 27 жил зүтгэлээ. Одоо бол 60, 70 хувьтай л гадарладаг болж байна. Улс төрийг тийм хурдан ойлгодог болно гэж байхгүй байх аа л гэж бодож байна. Энэ бол хэцүү ажил. Ер нь бол дуртай бүхэн нь сонгоод байх шаардлагатай зүйл биш л гэж бодож байна. Тийм учраас улс төр рүү орж байгаа бол их сайн бодож орох хэрэгтэй.

Тэгээд миний хэлэх гэж байгаа хамгийн гол зүйл бол хүндээ тулгуурлаж, өөртөө тулгуурлаж улс төр хийдэг байя. Манай энэ улс төрд орж байгаа хүмүүс ялангуяа нийгмийн идэвхтэй залуучуудын хандлага бол асуудалд тулгуурлаж улс төр хийх гээд байх юм. Нэг л шуугиулсан асуудал байвал тэрийг бариад авдаг.

Хүндээ тулгуурлаж улс төр хийнэ гэдэг бол өөрийнхөө итгэл үнэмшилд тулгуурлаж улс төр хий. Өөрийнхөө үзсэн харсанд тулгуурлаж улс төр хий. Боловсролдоо тулгуурлаж улс төр хий. Хамгийн гол нь хүмүүжилдээ тулгуурлаж улс төр  хий. Энэ малчин хүний хүүхэд малчин удамтай байна, монгол удамтай байна гэдэг чинь бол зөндөө олон юмыг тэртэй тэргүй чиний генд чинь шингээгээд өгчихсөн байгаа.

Түүнээс биш чи асуудалд, шуугианд сенсацид, популизмд тулгуурлаж улс төр хийх юм бол яг үнэндээ улс орноо алаад байгаа юм.  Чи зүгээр л өөрийнхөө итгэл үнэмшилд өөртөө тулгуурлаж улс төр хий л дээ. Чи хөгжих юм бол улс орон чинь хөгжинө. Түүнээс биш нэг асуудал шийдэгдлээ, нэг ийм ярилцлага боллоо, маргааш нь юугаар улс төр хийх вэ гэсэн ёстой нөгөө загас хайгаад явж байгаа загасчин шиг улс төр хийгээд байх юм бол тэрнийг ямар улс төр гэх юм бэ. Өөрөө тэгж явж байгаад нэг өдөр загас шигээ баригдана. Үүн дээр анхаарч хэлэх ёстой.

Би нэг зүйл нэмж хэлье. Би нэг ч сэтгүүлчийг цагдаа шүүхэд өгч байгаагүй. Энэ улс төрийн амьдралын 27 жилд шүү. Би нэг ч нэвтрүүлгийг хаа, зогсоо гэж хэлж байгаагүй. Би нэг ч хэвлэлийн эсрэг гомдол гаргаж байгаагүй. Тиймээс над руу энэ улсууд гартаа тааралдсан шавар бүхнээр цацдаг байхгүй юу. Гартаа тааралдсан юм бүхнээр намайг галладаг.

Тэртэй тэргүй юм хэлдэггүй юм чинь гээд толгойдоо орж ирсэн юм болгоноор Элбэгдоржийг гүтгэдэг. Тэртэй тэргүй гомдол гаргадаггүй юм чинь гэдэг. Үгүй ээ, энэ нэг бэлэн объект байна гэж хардаг. Би тэглээ гээд гомдохгүй ээ. Энэ миний сонгож авсан зам юм чинь. Би энэ зам дээрээ хатуу зогсоно.

Би цаашдаа ч нэг ч  сэтгүүлчийг цагдаа шүүхэд өгөхгүй. Цаашдаа ч би нэг ч хэвлэлийг хаа гэж үүрэг өгөхгүй. Ингэсээр л явах болно. Би бусад улс төрчдийг, бусад хүмүүсийг ийм бай л гэж байгаа юм. Үүнийг өөрөөрөө харуулах хэрэгтэй. Харин миний энэ хандлагыг буруугаар ашиглаж заавал над руу дайрах хэрэггүй.

-Та аавынхаа тухай ярих уу? Аавынхаа тухай ерөөсөө ярьдаггүй шүү дээ?

-Надаас нэг сэтгүүлч тэгж асууж байсныг би санаж байна. Миний аавыг Монголын Цахиа гэдэг. Миний аав 1982 онд намайг цэрэгт явсны дараа өөд болсон. Миний өвөг дээдэс Монголын газар нутагт хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Хаа нэгэн газраас нүүж ирээгүй. 1990 онд гарч ирсэн, миний эсрэг хийсэн улс төрийн бохир технологийн нэг нь энэ. Энд тэндээс нүүж ирсэн гэдэг.

Миний аав ээж хоёр Баатар хайрхан гэдэг ууланд захчин хошуунд төрсөн улс. Миний удамд захчин хошууны захирагч хийж байсан хүн бий. Хэдэн үеэрээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө зүтгэж явсан улсууд.

Би хэлдэг юм. Миний төрж өссөн Баатар хайрхан, Бумбат хайрхан бол өөр соёлтой хүмүүс амьдрах аргагүй ариун дагшин. Адууны соёлтой, нүүдэлчний соёлтой,  тийм л хүн амьдарна. Тийм хэцүү газар. Хатуудаа хатуу, хэцүүдээ хэцүү, сайхандаа сайхан тийм газар. Тийм газар хэдэн үеэрээ амьдарч ирсэн. Намайг доромжлох гэхээрээ тэгж доромжилдог юм. Намайг гүтгэх гэхээрээ тэгж гүтгэдэг юм.

Миний аав ээж миний өвөг дээдэс монгол газар шороон дээр өсч төрж, насаа өнгөрөөсөн. Миний өвөг дээдэс тийм хүмүүс байсан юм. Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалж явсан малчин, нүүдэлчин удамтай. Би тийм хүний үр сад. Тийм учраас би хөгшин аавынхаа нэрээр Монголын Цахиагийн Элбэгдорж гэж дуудуулахыг хүсдэг юм.


 

Үүгээр жиргээгээр ирсэн асуултуудад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өгсөн хариулт өндөрлөж оролцогчид микрофоны араас асуулт асууцгаав. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -За “шилэн” Цогоо асуугаарай.

Оролцогч Б.Цогтгэрэл: -Шилэн дансны тухай л ярина л даа, Ерөнхийлөгч өө. Үндэсний Аудитын газар нь УИХ-ын харъяа  байгууллага боловч хариуцлага тооцож чадахгүй байна. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн их саад тотгор, гай барцад болж байгаа газар бол Үндэсний Аудитын газар байна. Тэгэхээр Ерөнхийлөгч өө, та үүнийг анхаарч өгч болох уу? Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлиг байдаг. Зарлигийг хамгийн сүүлд Авилгатай тэмцэх болон хууль сахиулах байгууллагуудад та даалгасан байгаа. Гэтэл  тэд зарлигаа мэдэхгүй байна. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сурталчилдаг  өдөртэй болъё.

Өнөөдөр би Шилэн дансны тухай  хуулийн хэрэгжилтийг биелүүлэхийн тулд явж байгаад Авилгатай тэмцэх газарт тодруулга өгсөн. Одоо тоогоо алдсан. Цагдаагийн байгууллага дээр 2 удаа очиж өгсөн. Ерөнхийлөгчийн зарлигийн эрх зүйн чадамжийг жишээ нь, мэдэхгүй байна. Энэ ямар эрх зүйн чадамжтай акт бичиг юм бэ. Би бол хуультай адилхан гэж үздэг, Засгийн газрын тогтоол, Их Хурлын тогтоолтой адилхан гэж үздэг.

Одоо сүүлийн асуулт.  Нийтийн сонсголын тухай хууль гээд ийм гоё  хууль гарсан, одоо амь оруулъя. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр эхний сонсголыг хиймээр байна. Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилт дээр санаачилга гаргах эрх танд байгаа. Их баярлалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Энэ үнэн. Би сүүлээс нь хариулаад явъя. Одоо Нийтийн сонсголын хуулиар Их Хурлын зохих байнгын хороо  шууд сонсгол хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Зарлигийн эрх зүйн чадамжид эргэлзэх шаардлагагүй. Ийм үг байдаг юм. Монгол Улсын хуулинд нийцүүлж гаргасан  Ерөнхийлөгчийн зарлиг бол Монгол Улсын хууль лугаа хэрэгжинэ гэсэн байдаг. Ингэж хэрэгжих ёстой байдаг. Үнэхээр Шилэн дансны хууль дээр манай Цогоо маш их санаачилга гаргаж ажиллаж байгаа.

Нэг иргэн, цаашаа олон иргэн ингэж ажиллах юм бол Монгол Улс сая хэлээд байгаа муу зүйлээсээ салж чадна. Та бүхэн улам боломжтой болно. Ард иргэдийн маань амьдрал өөр болно. Төрөөс,  төрийн албаар дамжуулж хүмүүс та бүхний амьдрал руу хутгалдаад байдаг, хулгай хийгээд байдгаа наад зах нь болино шүү дээ. Тийм учраас Нийтийн сонсголын хуулийг амилуулъя гэдэг дээр санал нэг байна.

Үндэсний Аудитын газар, бид нар сууж байгаад, Засгийн газрыг мөн суулгаж байгаад Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийх хэрэгтэй байгаа юм. Тэгээд иргэдээ оролцуулаад олон талаас нь ярилцах хэрэгтэй. Тэгээд УИХ дээр сонсгол хийгээд  эхлэх юм бол аймгууд хийгээд эхэлнэ. Аймгууд хийгээд эхлэх юм бол сумдууд хийгээд эхэлнэ. Тэгэх юм бол манай ард иргэд шаардаад эхэлнэ. Одоо яг тэгж харуулаагүй байгаа учраас жаахан хүндрэл үүсээд байх шиг байна. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ харуулъя. Үүн дээр цаг зав зарцуулах ёстой гэж бодож байна.

Оролцогч Одгэрэл: -Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч Одгэрэл байна:  Таньд өдрийн мэнд хүргэе. Нэг зүйл асуух гэсэн юм. Нийслэл хотод Монгол Улсын нийт  иргэдийн 50-иас илүү хувь нь амьдарч байгаа боловч төсвийн 30,40 хувь л ноогддог. Тийм учраас зам барилга, цэцэрлэг, сургууль, хүүхдийн ордон барих мөнгө байнга дутаж байдаг. Тийм учраас хүн амтай нь шууд хамааралтай, шууд пропорционалиар хуваарилах боломж ямар байдаг юм бол?

-Хоёрдугаарт нь, хэрвээ мөнгөний асуудал, төсвийн  асуудлаа шийдэх юм бол Монголын хүүхдийн ордныг гэр хороололд салбарлуулж барих боломж байна. Нийслэлийн Иргэдийн Хурлаас салбарын  төсвийг нь нэмэгдүүлээд, байгаа хөрөнгөндөө тохируулаад, одоогийн байдлаар гэр хороололд 4 хүүхдийн ордныг салбарлуулаад ажиллуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Би сая хөдөө Хөвсгөлд очоод иргэдтэй уулзаж байхдаа нэг юмыг хэлсэн. За сонгууль болох гэж байна. Маш олон зүйл амална, маш олон юм ярина. Та нар ганц л юм шаардаж үзээрэй. Болж өгвөл бүх намуудад хүсэлт тавиарай. Орон нутгийн хөгжлийн санг бид нар хадгалах хэрэгтэй шүү. Орон нутгийн санхүүжилтээ бид нар хадгалах хэрэгтэй гэсэн. Үүн дээр тодорхой томъёолол байдаг юм. Би иргэдээс санал аваад, орон нутгийн Хурал, Засаг дарга нараас санал аваад, яг амьдралтай нь танилцаж байгаад, тэр хуулинд амьдралд нийцүүлж өөрчлөлт оруулах 2 санал оруулаад байгаа.

Нэгдүгээрт, газар нутгийн байдал, хүн ам гээд дандаа 25 хувиар тавьсан байсан.  Харин одоо хүн ам гэдгийг нь 40 хувь болгож өгөх гэж байгаа юм. Хүн илүү төвлөрч байгаа газраа илүү мөнгө зарцуулах хэрэгтэй шүү дээ. Та нар өөр дээрээ аваад үз л дээ. Цалингаа авлаа, хэдэн төгрөгтөй боллоо, орж ирээд гэрээ л өөд нь татдаг шүү дээ. Зурагт эвдэрсэн бол зурагт авна. Хөргөгч эвдэрсэн бол хөргөгч авна, индүү эвдэрсэн байгаа бол индүү авна. Яг суманд нь мөнгө өгөхөөр иргэд нь цугларч байгаад энд байгаа ямар ч мэргэн  даргаас илүү асуудлаа шийддэг юм. Манай энд гэрэлтүүлэг алга байна. Гэрэлтүүлгээ тавья гэдэг.

Tа нарын зарим нь хөдөөний хүүхдүүд бол сумандаа очоод үз, аймаг руугаа очоод үзээрэй. 3,4 жилийн өмнөхөөс өөр болсон байгаа шүү. Хүмүүс эргэн тойрноо сайжруулж эхэлдэг юм байна. Түүнд нь мөнгө өгөх хэрэгтэй. Санхүүгийн эрх мэдэл өгөхгүй л бол үнэхээр орон нутаг босохгүй.

Дээр нь орон нутагт боловсон хүчний эрх мэдэл өгөх хэрэгтэй байгаа юм. Та нар сумын Засаг даргаас очоод танай Тамгын газар 32 хүн ажилладаг юм байна. Хэдийг нь та томилдог юм, хэдийг  нь халж чөлөөлдөг юм гэх юм бол 3,4 хүний л нэр хэлнэ. Бусад нь дандаа дээрээс томилогддог шүү дээ. Яаж ингэж байж Монгол хөгжих юм бэ?

Би бол тэр суманд ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагуудад хэн ажиллах вэ гэдгийг эхлээд сумандаа сонгон шалгаруулалт хий, Төрийн албаны хуулийн дагуу хий гэж байгаа. Суманд чинь үнэхээр таарах хүн байхгүй бол аймагтаа нээлттэй зарла гэж байгаа юм. Түүнээс биш Улаанбаатараас хэн нэгэн даргын, хэн нэгэн намын гар хөл болсон хүн томилохыг болиулах хэрэгтэй. Ийм учраас Төрийн албаны хуулийг бид нар өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Би нэг юмыг үнэхээр хүсмээр байна. Сая энэ гадна, дотнын сонгууль харж байхад ч тэгж байна лээ. Хүний яриа, хоёр хүний хоорондох хэрүүл маргаан болохоор л хүмүүс анхаардаг. Яг үнэндээ надтай бодлогын асуудлаар ингэж ярих юм бол би маш их баяртай байх болно. Надтай зүгээр л иргэний оролцооны асуудлаар, иргэний эрхийн асуудлаар, хууль, шүүхийн байгууллагын шинэчлэлийн асуудлаар, зэвсэгт хүчний асуудлаар, гадаад бодлогын асуудлаар, Монголын соёл уламжлалын асуудлаар та ямар бодлого явуулж байна. Үүнтэй чинь санал нийцэхгүй байна гээд надтай маргаан өрнүүлэх юм бол энэ их бүтээлч маргаан болно л доо. Харамсалтай нь үүн рүү орохгүй байгаа юм.

Оролцогч Гансүх: -Сайн байна уу?  Эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн яам бол бүр дампуурчихлаа. Тэгээд бараг сонгуулийн бэлгэнд яваад байгаа энэ яамны талаар асууя. Сүүлийн үед гарсан Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол ерөөсөө сайжирсан юм байхгүй,  эрүүл мэндийн салбарыг бол хэн ч үнэлэхгүй,  шалдаа буучихлаа. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Үнэхээр эрүүл мэндийн салбар хүнд байдалтай байгаа. Ингэж улс төрийн наймааны хэрэгсэл болгоод яваад байгаа нь манай энэ эрүүл мэндийн салбарыг хүнд байдалд оруулж байгаа юм. Олон үгийг цөөн үгэнд багтаагаад ганцхан    байр суурь хэлье.

Ерөөсөө Монгол Улс эрүүл мэндээ аварч сайжруулъя гэвэл эрүүл мэндийн даатгалаар л дамжуулж авардаг, сайжруулдаг. Та бүхэн мэднэ. Одоо тэр эрүүл мэндийн хамгийн сайн системтэй орон гэж үзэх юм бол Канадыг хэлдэг. Яг тэнд бол хувийн эрүүл мэндийн салбар нь ч байна, төрийн эрүүл мэндийн салбар нь ч байна.

Надад хувийн эмнэлэгтэй хүн хэлж байсан. Баянзүрх дүүргийн эмнэлгийг менежмэнтийн хувьчлалаар авсан хүмүүс хэлж байсан л даа. Жишээлбэл, манай эмнэлэг дээр иргэн хүрч ирээд эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалаас ордог мөнгө нь төрийн 100 хувийн өмчтэй эмнэлэг дээр ордгоос ялгаатай байх юм. Ийм ялгаа байж болдог юмуу гэж байсан. Тодорхой стандарт тавиад орж байгаа бол яг тэр даатгал нь үйлчилдэг байх ёстой.

Даатгалаараа дамжуулж л хүнийг эрүүлжүүлдэг юм байна лээ. Та тамхи татдаг уу, татдаг бол тань дээр 10 000 төгрөг нэмнэ, та архи уудаг бол 20 000 төгрөг нэмнэ, та илүүдэл жинтэй бол 30 000 төгрөг нэмнээ, таны илүүдэл жин багасаж байгаа юу, тэгвэл төлбөрөөс хасна аа гээд л даатгалын байгууллага нь иргэнтэйгээ харицаад, даатгуулагчтайгаа харилцаад, эрүүл мэндийнх нь асуудалд онцгой анхаараад л явчихдаг юм байна лээ шүү дээ.

Ийм эдийн засгийн аргаар бид нар энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэхгүйгээр үүнийг маш олон жил ярьж байгаа. Даатгалаараа дамжуулж,  даатгалаа зөв хүртээмжтэй, олон хэлбэртэй, олон сонголттой болгож байж энэ асуудал шийдэгдэнэ. Ингэхгүй суугаад байвал яах юм бэ.

Тэгээд эрүүл мэндийн салбарыг бүгдийг нь улсаас санхүүжүүлнэ. Боловсролыг үнэгүй болгоно ч гэж байх шиг. Ийм популизмд хэзээ ч автаж болохгүй. Үнэгүй юм бол үнэгүй л байдаг. Гэхдээ тэр   боловсролын үнийг цаанаас нь хэн нэгэн төлж байдаг юм шүү дээ. Үнэхээр гэрэл асаасан бол мөнгө төл гэдэг. Яг түүнтэй адилхан ямар мөнгө зарцуулах юм, ямар байх юм, тэр бүх юм нь явдаг ёс журмаараа явах ёстой. Хаана төр нь дэмжлэгээ үзүүлэх юм, хаана хувийн салбар нь дагуулж явах юм, энэ бодлого Монголд өөдтэй хийгдэхгүй байгаа юм. Нийгмийн салбарын өөрчлөлт гэж асар том өөрчлөлт байгаа. Энэ өөрчлөлтийг одоо уг нь хийх цаг болсон.

Оролцогч: -За таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Таны Шилэн дансны хууль их зөв зүйтэй болсон. Зарим нэг сэргэлэн залуучууд нь шилэн нэр аваад, бараг Их Хуралд гарчихаар шахуу болж байх шиг байна. Төр шилэн дансыг 100 хувь нэвтрүүлээд явж байгаа. Гэхдээ ганц нэг дутагдалтай зүйл байна. Төрийн өмчийн бүх компаниуд үүнийг нэвтрүүлмээр байгаа юм.

Жишээ нь, Эрдэнэт үйлдвэр гэж нэг сайхан бүлэг, фракцын хулгайч нар оччихсон газар байх юм. Тэгээд гадагшаа онгоцоор явахаараа 5 ханатай гэр бариад, нэг амьдрал аваад явах хэмжээний 5 сая төгрөгөөр бизнес классаар яваад ирдэг. Үнэхээр манай орон тасарчихсан Араб шиг сайхан амьдарч байгаа бол тэр захирлыг бараг хувийн онгоцоор явуулъя. Бид тийм болоогүй. Төрийн өмчийн компанид ажиллаж байгаа бүх хүмүүс энгийн суудлаар явдаг болох хэрэгтэй. Тэгэхгүй, нэг явахдаа л таван ханатай гэрийн мөнгө үрээд байх юм. Тэр Даваацэрэн гэдэг хүн бол мундаг чадалтай сайн инженер л дээ. Хувь хүнийхээ хувьд. Гэхдээ ашиг сонирхол гээч юм бас яваад байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Шилэн дансны хууль төрийн өмчит компаниуд дээр хэрэгжих ёстой. Энэ дээр бид нар хяналтаа тавих ёстой, тэр хүмүүсээс хариуцлага нэхэх ёстой, би санал нэг байгаа шүү.

Оролцогч Хишигдэлгэр: -Нэгдүгээр асуулт, хилийн чинад дахь монголчууд 200 000 болчихжээ. Үүн дээр төрийн захиргааны интитуц, Монгол Улсын Ерөнхийлөгч хэр санаа тавьж байна вэ? Энэ тал дээр би бас сүүлийн үед яриад бичээд, бас юм хийгээд яваад байгаа. Хоёрдугаарт, халамжийн бодлогыг халах цаг нь болсон. Энэ дээр бидний хэсэг нөхдүүд шинэ   платформыг гаргаж ирж байгаа. Та өөрөө Америкад Харвардыг төгссөн. Тэгэхэд би бас хөтөлбөрт хамрагдаж байсан. Шинэ хөгжлийн бодлого дээр нийгмийн халамжийн бодлогоо өнөөдөр цэглээд, хамгаалалтын бодлого руугаа орвол ямар вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Халамж гэдэг дээр би ийм бодолтой явдаг юм. Халамж гэдэг үгийг бид нар хөгжил гэдэг үгээр сольмоор юм байна лээ. Хүний хөгжил гэж үзэх ёстой. Ер нь халамж гэдэг нэр орсон, тийм үг орсон яам байх шаардлагагүй байгаа юм. Хүний хөгжил, хүний эрүүл мэнд, хүний боловсролыг дэмжих хэрэгтэй. Яамны нэр гэдэг их асар утгатай юм шүү.

Халамж гэдэг нэр орсон байх юм бол тэр чиглэлийнхээ хуулийг л зүтгүүлээд, түүнийхээ төлөө л зүтгээд, түүнийгээ л явуулаад  байдаг. Түүгээр нь дамжаад мөнгө цаас бүтэлтэй бүтэлгүй зарагдаад байдаг юм. Тийм учраас үүнийг ёстой нөгөө хөтөлбөртөө оруулмаар  байгаа юм. Нөгөө миний хэлээд байгаа Батлан хамгаалах, спортын яам болгоё гэдэг шиг. Тиймэрхүү маягаар бид зөв нэрлэж,  явах гэж байгаа зорилгодоо тааруулж засгийн  бүтцээ хийдэг ийм систем рүү шилжиж ормоор байгаа юм.

Оролцогч: -Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. УИХ-ын сонгуулийг яагаад пропорциональ буюу жагсаалтын хувилбартай оруулаад, дүүрэг, нийслэлийн сонгуулийг болохоор яагаад жагсаалтгүй болгож байгаа юм. Дүүрэг, нийслэлийн Хурлын сонгууль  жагсаалтгүй явж байгаа учраас жинхэнэ өрсөлдөөн тэнд бий болоод, жинхэнэ улстөрчид иргэдтэйгээ тэнд яваад байна. Их Хурлыг яагаад жагсаалттай болгосон бэ? Энэ дээр та юу гэж бодож байна. Дээрээс нь 50 сая төгрөгийн дэнчин нийслэл дээр яваад байна.  Үүнийг та юу гэж бодож байна.

50 саяыг өгчихөөд тэр хүн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болоод дараа нь яах юм. 50 саяыг олох гээд явах юмуу. Нөгөө  авилга чинь энд бас явчих юм биш үү. Үүнийг та юу гэж бодож байна?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: - Хилийн чинад дахь монголчууд бол Монгол Улсаас очиж ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүс. Энэ бол Монголын баялаг гэж бид нар харах ёстой гэдгийг би түрүүн хэлсэн.

Жагсаалттай холбоотойгоор маш товчхон байр сууриа илэрхийлье. Бид нар өмнө нь хэрэлдсээр байгаад 76 гишүүнээ тойргоор сонгодог байлаа. Тэгээд давхар мандаттай болголоо, дан мандаттай болголоо. Улсын Бага Хурал гээд дан пропорциональ болголоо. Тэгж явсаар байгаад  аль аль тогтолцоонд муу тал байгаа юм. Миний бодлоор өнөөдрийн энэ 48, 28 гэдэг бол харин ч манай УИХ явсаар байгаад арай гайгүй боломжтой, амьдралд нийцсэн тогтолцоог сонгосон гэж би хувьдаа боддог.

Жагсаалт дээр нэг л байр суурь баримтлах хэрэгтэй. Нэг удаа жагсаалтад орсон хүн 2 дахь удаагаа жагсаалтад орохгүй. Нэг хүн хоёр удаа дараалан жагсаалтад орохгүй л байвал энэ бол зөв байгаа юм. Үүнийг та бүхэн дэмжиж, намууд дэмжвэл зүгээр. Эхний удаа чи үнэхээр улс төрийн туршлагатай, энэ намд хэрэгтэй, энэ бодлогод хэрэгтэй гээд жагсаалтад орлоо. Хоёр дахь удаагаа тойргоос дэвш л гэж байгаа юм. Ингэх юм бол энэ жагсаалт зөв болно.

Дээрээс нь тэр жагсаалтанд орж байгаа 28 хүнийхээ нэрийг гаргаад, танилцуулгаа сонгогчдод бүгдэд нь чөлөөтэй хүргэж байх хэрэгтэй. Ямар хүн жагсаалтаар орох гэж байна вэ гэдгийг сонгогчид бүгдээрээ харж, мэдэж, саналаа өгдөг байх ёстой. Энэ боломж энэ хуульд байж байгаа. Тийм учраас энэ хууль явах байх аа гэж бодож байгаа.

Сонгуулийн санхүүжилт, улс төрийн дэнчинтэй холбоотой асуудлыг бид нар баталчихмаар байгаа юм. Намын асуудал дээр янз бүрийн эмзэг асуудлууд байдаг байх. Улс төрийн намын тухай хуулийг ярьсаар байгаад, аль болох зөвшилцөөд, зөвийг нь оруулах гэж оролдож байгаа.

Сая УИХ-аас буцаахдаа буруу үндэслэлээр ч буцаасан юм биш. Бас харах шаардлагатай асуудал байсан, хараад, өөрчлөөд өргөн барих асуудал ч байсан. Одоо бэлэн болсон. Хэрэв одоо дахин өргөн барих гэвэл УИХ-д өмнө нь өргөн барьсан, батлах ёстой 10 орчим хууль байхад дахиад хүлээлтийн хууль болох болов уу гэж харж байгаа. УИХ-ын шинэ бүрэлдэхүүн орж ирэнгүүт би дахин Улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж шийдүүлэх нь зөв юм байна гэж бодож байгаа.

Хуульч Б.Энхбаяр: -Ерөнхийлөгч өө, саяхан УИХ-аар Үндсэн хуулийн Цэцийн даргыг хэлэлцээд Үндсэн хуулийн манаач болсон газрын даргыг өөрчиллөө. Үүн дээр таны байр суурь илэрхийлэгдээгүй л байгаа?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Үүн дээр нэг зүйл хэлье. Бид нар энэ хяналтын байгууллагадаа болгоомжтой хандах ёстой. Хяналт гэдэг зүйл заавал байх ёстой. Нөгөө талаас тэнд очиж ажиллаж, үйл ажиллагаа явуулж байгаа хүн нь бас хуулиа барьж өндөр дээд мэргэжлийн ажилд тэнцэж, сайн ажиллаж байх ёстой. Ийм л хоёр талтай зүйл. УИХ дээр асуудлыг ярьж байгаад, ард нийтийн өмнө нээлттэй шийдэж байна лээ. Тэр хуульд өөрчлөлт оруулах тал дээр би бодолтой шийдэж, бодолтой л хандах асуудал гэж бодож явдгаа шууд хэлье.

Оролцогч Өлзийбаяр: -Жиргээчид бид “Монгол Мөрөөдөл” гэдэг клуб байгуулсан юм. Оны өмнө бид уулзалтын цаг хүссэн. Цаг хугацааны хувьд өнөөдөр таарч байгаа болохоор хардалт сэрдэлт жиргээгээр яваад байх шиг байна. Өнөөдрийн болж буй үйл явдал ямар нэг холбоогүй шүү гэдгийг хэлье. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн тухай хуулинд 2013 онд өөрчлөлт оруулсан.

Ингэхдээ сэжигтэн яллагдагч байхдаа гишүүний эрхийг  түтгэлзүүлдэг байсныг өөрчилж, одоо газар дээр нь, үйлдэл дээр бариагүй бол түтгэлзүүлж болохгүй гэсэн байгаа. Үүн дээр та тухайн үед нь хориг тавьж болоогүй юу? Хоёрдугаарт, би өөрөө хөрөнгийн зах зээл дээр ажилладаг мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй бол Монгол Улс хөгжихгүй байна.

Санхүүгийн зах зээлийн эрсдэл нь зөвхөн банкууд дээр тогтоод, банк хүнд байдалд орчих гээд байдаг. Хөрөнгийн зах зээлийн асуудал дээр таны бодол ямар байдаг вэ? Гуравдугаарт, Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын явуулаад байгаа “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн “Цагаан, хар жагсаалт” дээр таны бодол ямар  байна вэ? Жиргээчид асуугаад өгнө үү гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Авлигатай холбоотой асуудал дээр, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн талаар товчхон хариулъя. УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ баригдвал түтгэлзүүлнэ, нэг бол шүүхээр шийдэгдсэн үед нь авч явна гэвэл дэндүү нэг талыг барьсан шийдвэр гэж бодож байна. УИХ-ын гишүүн ч бай, хэн ч бай, дархлагдсан, бүрэн эрхтэй байгаа этгээдийн талаар хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй гэж үзвэл тухайн хууль баталсан газар нь саналаа оруулаад, шийдүүлээд явдаг байдлыг нээж өгөх хэрэгтэй. Тэр бол сая миний шинээр оруулж байгаа Хариуцлагын хууль дээр маш тодорхой байгаа. Тэр олон харилцаануудыг оруулж өгсөн. Энэ хуулийг батлах хэрэгтэй байгаа гэдгийг хэлье.

Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээр санал нэг байна. Аж ахуй нэгжүүдэд байнга хэлээд байгаа. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт руу хамгийн түрүүнд аваачих ёстой. Би жил бүр болдог эдийн засгийн чуулга уулзалт дээр байнга хэлдэг нэг сэдэв бол энэ байгаа.

Манай аж ахуйн нэгжүүд голдуу түүнийг үүсгэн байгуулсан гэр бүл ч юмуу, ах дүү нарын хүрээнээсээ, эзний хүрээнээс  гарч чадахгүй байна шүү дээ. Чи үнэхээр том аж ахуйн нэгж, сайн аж ахуйн нэгж байгаа бол Монголын хөрөнгийн зах зээлээр дамжуулан иргэддээ хувьцаагаа зараач ээ.  Танай танидаг арван хэдэн захирлын өмч биш, 10 мянган хүн хувьцааг нь эзэмшдэг компани болооч ээ. Тэгэх юм бол танай 10 мянган хувьцаа эзэмшигч танай  компанийн төлөө ажиллана шүү дээ. Ингэж байж баялаг олных болно.

Монголд байгаа нийт баялгийн 80-90 хувь нь тодорхой тооны буюу хүн амын 5-10 хувьд нь ноогдоод байна гэж яриад байдаг шүү дээ. Тэр 5-10 хувь баялаг бүтээлцэхэд оролцсон байж болно. Гэхдээ тэр баялгаа хувьцаа болгож, түүгээрээ дамжуулж  эргүүлээд мөнгөн хөрөнгө татаж байгаа юм.

Тэр мөнгөн хөрөнгөөрөө дахиад аж ахуйн нэгжээ өргөтгөөд явах боломжтой болж байгаа юм. Ингэж өргөтгөж байж энэ зах зээл, энэ дундаж амьдралаа хамтарч бүтээдэг болно. Тийм учраас аж ахуй нэгжүүд олон нийтийн болох тал руу заавал явах хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна гэдэг бол давуу тал юм шүү, сул тал биш гэдгийг хэлье.

Хар цагаан жагсаалтын хувьд хүмүүсийн янз бүрийн л санаачилга байгаа. Хүмүүс үүнийг хараад энэ чиглэлээр нийгэмд хувь нэмэр оруулна, ажиллана, тусална гээд явж байгаа бол туслах хэрэгтэй. Энэ дээр нь зогсоо, түүн дээр нь зогсоо гээд байх зүйл байхгүй.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ганцхан юм бодож явдаг юм. Манай иргэдээс сайн санаачилга гарч л байвал, болж л өгвөл би чадах чинээгээрээ дэмжих л ёстой гэж боддог. Энэ миний үүрэг гэж боддог. Би бүх сайн санаачилга дээр хүрч чадахгүй, очиж чадахгүй байж болно. Гэхдээ зарим нэг үнэхээр улс орны амьдрал, ард иргэдийн амьдралд хэрэгтэй тийм сайн санаачилга бүрийг дэмжих л хэрэгтэй.

Оролцогч: -Хоёрхон асуулт байна. Нэгд, Монгол Улсад баян хоосны ялгааг арилгахад чиглэсэн ямар ажлуудыг та санаачилж ажилладаг вэ? Жишээлбэл, олон улсын жишгээр бол шаталсан татвар гэж байдаг. Баян хүнээс арай илүү мөнгө авдаг.  Ядуу хүнээс арай бага мөнгө авдаг. Татварын энэ системийг та дэмждэг үү? Хоёрт, Та бол Монгол Улсад архины эсрэг хүчтнй тэмцэж байгаа улстөрчдийн нэг. Түүгээр би бахархаж явдаг. Харин энэ 4 жилд архины эсрэг олигтой хууль батлагдсангүй. Та энэ дээр ямар бодолтой байгаа вэ? Таны дараагийн төлөвлөгөө юу байна вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Би улс төрийн үзэл баримтлалын хувьд баруун чиглэлийн үзэл баримтлалтай хүн. Яг үнэндээ бол төрөөс аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд оролцоод, төр бүх асуудлыг шийднэ гэдэгт их эргэлзэж ханддаг тийм хүн. Төрийн оролцоо хамгийн бага байх ёстой, хувийн санаачилга их байх ёстой. Хувийнхнаа дэмжих ёстой. Хувь хүний эрх, эрх чөлөө, хийж бүтээхийг дэмжих ёстой гэдэг ийм байр суурийг хатуу баримталдаг хүн.

Энэ үүднээсээ Ерөнхий сайд байхдаа Монголын татварын систем маш ойлгомжгүй, олон шатлалтай  байсныг би дөрвөн 10-ийн системд оруулах санал оруулж батлуулж байсан. Үүгээрээ бол би бахархдаг. ААН, НӨАТ, Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг бүгдийг 10 хувь болгож байсан. Бүх хүнд ойлгомжтой. Би энэ дээр ямар байр суурь баримталдаг вэ гэхээр хувь хүн өөрийнхөө бий болгосон баялгаа ямар ч сайн Засгийн газраас илүү зарцуулж чаддаг юм. Тэр ААН-д нь, тэр баялаг бий болгосон хүнд нь ахиухан мөнгө үлдээж байх хэрэгтэй. Төр шаардлагатай татвараа ав. Түүнээс биш заавал илүү татвар авах гэж явах хэрэггүй.

Одоо аж ахуйн нэгжийн хоёр шаталсан татвар авах гэж явж байгаа, би үүн дээр өөр байр суурьтай байгаа. Уул уурхай үнэхээр ашигтай харагдаад байгаа бол тодорхой нэрийг нь заагаад татварыг нь тавьж өгөөч ээ. Чи уул уурхайн, архины, харилцаа холбооны бизнес хийж байгаа бол 25 хувийн татвар төлнө. Бусад нь бүгд 10 хувь төлнө. Бүр доошоо, бага бизнестэй бол жилдээ 500 мянгаас 1 сая төгрөг л төл.  Тэгээд л боллоо.  Чам руу ямар ч шалгалт орохгүй гээд илүү амархан шийдэх арга байгаа. Тэр талаар ярьж байгаа байх гэж бодож байна.

Дээр нь НӨАТ-ын буцаан олголт гээд ярьж байгаа. Би түүн дээр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдан авсан бол буцаан олголтынх нь урамшууллыг ахиухан тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Гаднаас орж ирж байгаа чихэр, ундаа худалдаж авч байгаа бол өөр байг. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авч байгаа бол урамшуулсан системтэй байвал зөв болох байх гэж бодож байгаа. Монгол Улсад Аж үйлдвэрийн яам гэж байгуулсан Одоо Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам болгон өргөжүүлж Монголдоо бүтээдэг, үйлдвэрлэдэг, энэ чиглэл рүү явах ёстой. Монгол Улс бүхнийг хийж чадахгүй, гэхдээ бидэнд хийж чадах зүйл байгаа гэдгийг энд хэлье.

Оролцогч Амгаланбаатар: -Залуучуудтай нээлттэй ярилцаж байгаа эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа. Би эрх зүйч мэргэжилтэй. Монгол Улсын улс төрийн болон төрийн тогтолцоонд төрийн албан хаагчдыг дарга Дулмаа, Батаа гэхээсээ илүүтэй Үндсэн хуулийн тогтолцоонд асуудал байна уу гэж хуульч хүнийхээ хувьд харж явдаг юм. Саяхан УИХ-ын намрын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд ярьж байгаад буцаад таг болчихлоо. Энэ талаар таны байр суурь юу вэ?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Үндсэн хуульд болгоомжтой хандах ёстой. Үндсэн хууль гэдэг бол Монгол Улс гэж ойлгох хэрэгтэй. Хоёр дахь байр суурь гэвэл Үндсэн  хуульд өөрчлөлт оруулъя гэвэл нэг удаа нэг л харилцааны тухай яръя гэж байгаа юм. Саяын өөрчлөлт яагаад яваагүй юм гэхээр энд тэндээс авч ирсэн алаг цоохор юм оруулж,  үүнийг өөрчилмөөр байна, түүнийг  өөрчилмөөр байна гэсэн баахан юм бичсэн учраас янз бүрийн байр суурь гараад дэмжлэг аваагүй юм. Иймээс нэг удаа нэг л харилцааны тухай ярилцъя гэж байгаа юм.

Дараагийн байр суурь гэвэл Үндсэн хуулийг өөрчлөхдөө Б.Чимэд гуайн  амьд сэрүүн байхдаа УИХ-аар батлуулсан Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг хатуу баримтлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Зарим улсууд энэ хуулийг хүчингүй болгох ёстой гэж үздэг. Би үүнийг хатуу баримтлах ёстой гэж боддог. Ийм л байр суурьтай байгаа.

Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтгүйгээр бид нарт өөрчлөлт хийх хуулиуд зөндөө байна. Жишээлбэл, Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулна гээд ороод ирдэг шүү дээ. Одоо би энэ хууль дээр ажиллаж байгаа. Ерөнхий сайдыг огцруулна гэдэг дээр Үндсэн хуульд ийм нэг заалт бий. “Дараачийн Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болно” гэдэг. Яагаад Монголд хорин хэдэн жилийн дотор арван хэдэн Засгийн газар огцорсон бэ гэхээр энэ харицаагаа бид буруу ойлгосноос л болсон.

Өмнөх Ерөнхий сайдаа огцруулчихаад дараачийн Ерөнхий сайдаа томилно гэж ойлгоод нөгөө байгаа Ерөнхий сайдтайгаа тулалддаг. Тэгээд тэр Ерөнхий сайдаа хөөж явуулсны дараа дараачийн Ерөнхий сайдын эрэлд гардаг. Одоогийн байгаа Ерөнхий сайд чинь муу ажиллаж байгаа бол зүгээр л дараачийн Ерөнхий сайдын нэрийг оруулж ир.  Нам дээрээ ярилцаад, олонхи болж шийдээд оруулаад ир. Тэгээд дараачийн Ерөнхий сайд батлагдсанаар өмнөх Ерөнхий сайд нь  тамгаа өгөөд, ажлаа өгөөд явдаг.  төрийн ажил цалгардахгүй, ямар ч зай завсар гарахгүйгээр явдаг энэ систем рүү оръё л гэж байгаа.

Ихэнх улс орон энэ системээр ажиллаж байгаа. Монголын Үндсэн хуульд боломж байна шүү дээ. Ингэх юм бол Монгол Улсын Засгийн газар тогтвортой байна. Нэг зүйл хэлье. ид улс төржиж болно. Талцаж болно. Бидний талцсан өдөр бүхэн Монголд хохирол, зардал болж гардаг. Тийм учраас Засгийн газрыг ажил хийлгэх ёстой. Одоо заримдаа улс төрийн акц явж байгаад энэ Засгийн газрыг огцруулна, буулгана гээд хөдөлгөөн өрнүүлдэг.

Би бол Засгийн газрыг огцруулахад үнэхээр дургүй байдаг. Бид 40 жилээр томилсон биш. Тэр байгаа дөрвөн жилд нь шахаад ажиллуулъя, алдаа дутагдал гарах юм бол ард түмэн сонгуулиараа эрх баригчид, Засгийн газарт дүнгээ тавьж, хариуцлагаа тооцог л дээ.  Тийм учраас бидэнд маш бага хугацаа байна. Өвөл, хавар гээд өөр ажил хийж болдоггүй хүнд хэцүү улирлууд байна. Тийм учраас засгийг л сайн ажиллуулах хэргтэй. Бусад талаараа улстөржөөд, хоорондоо маргалдаад, эрх чөлөөтэй бие биеэ шүүмжлээд явж байгаа нь бол бидний сонгосон зам шүү дээ.

Оролцогц Н.Тэгшбаяр: -Хоёр асуулт байна. Шилэн дансны хууль батлагдсан нь сайн ажил болсон. Гэхдээ үүн дээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал оруулах хэрэгтэй байна. Ялангуяа намыг шилэн данстай болгохоос гадна Төрийн бус байгууллагыг би сайн ажиллах ёстой гэж боддог, дэмждэг.

Гэхдээ зарим нэг нь хэний мөнгөөр, хаанаас ямар мөнгө, хөрөнгө оруулж ирээд хэнийг муулаад байдгийг тодорхой болгохын тулд  тэднийг шилэн данстай болгох хэрэгтэй гэж үздэг. Намайг Цөмийн энергийн газрын дарга байхад хаанаас санхүүжилт авсан нь мэдэгдэхгүй хүмүүс юу нь мэдэгдэхгүй юм зохиож гаргаад байдаг. Үүнийг биеэрээ үзсэн хүний хувьд хэлмээр байгаа юм.

Хоёр дахь асуулт бол сонгогдсон, томилогдсон хүмүүст хариуцлага тооцох хууль гаргах нь зөв. Гэхдээ шинжээч хийчихээд, ажлаа хамгаалж чаддаггүй нөхдийг тийш нь битгий оруул. Ажлаа хамгаал гэж хэлэх хэрэгтэй юм билээ. Үүн дээр та хууль санаачилж оруулах уу?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Хорвоогийн өргөс бүхнийг түүж барна гэж байхгүй шүү дээ. Одоо санаачлаад явж байгаа хуулиудаа батлуулаад хэрэгжүүлж чадах юм бол маш их амжилт болно. Монголын төрийг буруу улсуудаас хамгаалах гэж, цэвэрлэх гэж, энэ чиглэлд тогтолцоо бий болгох гэж би чадах бүхнээ хийж байна. Цаашдаа ч чадах бүхнээ хийхийн төлөө зүтгэх болно.

Тиймээс одоогийн энэ хуулиудаа батлуулаад, нэмээд төрийн бус байгууллагатай холбоотой таван хууль батлуулах шаардлагатай байгаа. Манай төрийн бус байгууллагын тогтолцоонд зөв ч зүйл бий, буруу ч зүйл бий. Засмаар юм байгаа, дэмжмээр зүйл байгаа. Энэ дээр хэрвээ санаа байгаа бол ирээрэй.

Шилэн дансны хуулин дээр нэмэлт оруулах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байгаа. Манайхан сайжруулах санал оруулахаар заримдаа муужруулах гээд байдаг шүү. Сая Шилэн дансны хуулийн нэг зүйлийг өөрчиллөө гэсэн, Цогоо хэлээд, би Ерөнхий сайдтай уулзуулаад дахиад янзалсан биз дээ. Дахиад нээлттэй, зөв болгосон шүү дээ. Тэгэхээр явж байгаа юмыг, ялангуяа төрийн аппарат, энэ хүнд суртлын аппарат гэдэг чинь өөрийнхөө эрх ашигт нийцүүлээд, ер нь л болж өгвөл хяналтаас, шүүмжлэлээс, шилэн бүхнээс гадуур байхыг хичээдэг шүү дээ.

Фейсбүүк, твиттер ашигладаг хүмүүс наад зах нь акаунтаа шилэн болохоос эхлэх хэрэгтэй. Өөрсдөө хариуцлагатай  байя л даа. Хоёр хүн хоорондоо ярихад та нар бие биедээ ёс зүйтэй ханддаг шүү дээ.  20 мянган дагагчтай хүн юм бичиж байгаа байж нүүрээ нуучихсан, нэрээ нуучихсан, хоёр хүн уулзахад ч хэрэглэдэггүй тэр муухай үгээр бие биеэ дайраад байдаг. 15 настай хүүхэд суучихсан “Чамайг ална аа” гээд. Аав ээж нь харахад компьютер дээр тийм юм бичээд сууж байсан гэж байна. Цаана нь “ална” гэсэн хүн нь байгаа ч юм уу, үгүй ч юм  уу, ямар ч хүн юм бүү мэд. Ийм ёс зүй байж болохгүй. Би хувьдаа цаашдаа сошиал медиа ёс зүйн кодтой болох байх гэж бодож байна.

НҮБ, Европын холбоон дээр энэ кодын тухай яригдаж байгаа шүү дээ. Үүнийг хариуцлагатай болгох хэрэгтэй. 20 мянга, 30 мянга, бүр 2 хүн дагадаг ч байсан энэ бол хариуцлагын тухай асуудал. Энэ бол танд байгаа боломж. Ёс зүйтэй зөв ашиглах ёстой. Тэгээд дээр нь улстөрчдөд, буруу үйл ажиллагаатай улстөрчдөд ашиглуулж, тэдний арга хэрэгсэл болж, тэдний нийгэмд эзлэх байр суурь, буруу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх байр суурь нь болгож хувирмааргүй байна. Энэ дээр харин зөв хэлэлцүүлэг өрнүүлбэл зүгээр байх гэж бодож байна.

Оролцогч Нямболор: -Асуултаа тодруулья гэдэг дээр ийм юм хэлчихье. Монгол хүн мөрөөдөлтэй амьдрах нь үр хүүхдээ сайн өсгөх, эх орондоо сайн зүйл хийх, тэр бүгдийг гэж хэлж болох байх. Улс эх орны минь мөрөөдөл юу юм бэ, монгол мөрөөдлийг та юу гэж төсөөлдөг вэ. Юу рүү чиглүүлж тодруулах ёстой вэ?

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: - Монгол мөрөөдлийг Ерөнхийлөгч, Элбэгдорж тодорхойлох ёстой гэдгээс татгалздаг. Харин Монгол мөрөөдөлд нэгдэхэд бэлэн байна. Монголчуудад маш олон мөрөөдөл байгаа. Түүнийгээ гаргаад, тал талаас нь нийлүүлээд явахад бол би оролцоход бэлэн байна. Монгол мөрөөдөл юу вэ, та юуг санал болгох вэ гэвэл надад зөндөө олон санал байгаа. Би түрүүн уулзалтынхаа эхэнд тодорхой зүйлүүдийг хэлсэн. Ойрын үед бид нарын шийдэх шаардлагатай асуудлууд бий.

2009 онд авлигын индексээрээ Монгол Удс 120 дугаар байранд явж байсан. Одоо бол 72 дугаар байранд явж байгаа. Юу ч гэсэн 48 орноор урагшилсан. Та бүхний яриад байгаа Шилэн дансны хууль гарснаар сая хэдэн байраар урагшилсан. Нөгөө  УИХ-ын гаргасан авлигач албан тушаалтнуудыг өршөөх тухай хуульд би хориг тавиад, та бүхэн дэмжсэний хүчээр тэр заалт ороогүй. Ийм учраас Монгол бол авлигатай тэмцэж байгаа юм байна. Шийдвэр гаргаж байгаа юм байна.

Ерөнхийлөгчөөсөө эхлээд улс төрийн эр зоригийг үзүүлж байгаа юм байна гэдгээ харууллаа. Сая УИХ хөтөлбөр баталлаа. Тиймэрхүү байдлаар бид урагшлах хэрэгтэй байгаа юм. Олон улсын стандартад нийцсэн үзүүлэлтүүдээ л бид урагшлуулъя. Би Засгийн газартай хариуцлага тооцъё гэж байгаа. Нэг юмаар хариуцлага  тооцох хэрэгтэй.

Жишээлэхэд, улсын рейтинг унагасан бол Засгийн газартай хариуцлага тооцох үндэслэл болж байх ёстой. Дараа дараачаар үүнийг авч хэрэгжүүлэх ёстой. А байснаа В болгоод, В болговол бүх бизнес, бүх Монголын нэр хүндийг баллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ рейтинг гэдэг маш тодорхой юмтай харьцуулаад, яг хүүхдийн дүн шиг харьцуулаад, сайн зүйлээ нэмэгдүүлэх юм бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулдаг, дэмждэг, иймэрхүү маягаар явах юм бол Монгол зөв болох байх. Амьдрал дээр тулгамдсан асуудлаа шийдээд яваад баймаар байна.

Монголын Оюутны холбоо Удаанжаргал: -Та оюутны цагийн хөдөлмөрийн асуудлыг юу гэж боддог вэ, Монголд цагийн хөтөлбөрийн тогтоцлоог нэвтрүүлэх цаг болсон юм биш үү? 4 жилийн хугацаанд сурахдаа цагийн хөдөлмөрийн тогтоцоогоор нийгмийн даатгалаа төлөөд, ажил хийх боломж нь хууль эрх зүйн хувьд боломжтой болбол оюутнууд ажил хийхэд бэлэн байна.

Хоёрт, таны санаачилж батлуулсан хууль дотор байгаа үндэсний урамшууллын тэтгэлгээ Монголын ард түмэнд зөв зохистой ойлгуулж хэлж өгөхгүй бол 70000-ыг эсэргүүцдэг нэг хэсэгтэй болчихлоо. Засгийн газар ч үл тоогоод өгөхөө больчихлоо. 9 дүгээр сараас өгөхгүй байж байгаа саяхан бидний шаардлагаар нэг удаа өглөө.

Гуравдугаарт, Боловсролын тухай хуульд сая өөрчлөлт оруулахаар Боловсролын сайд нь хууль санаачилж байна. Энэ бол Монголын боловсролын тогтолцоог үгүй хийх гэсэн оролдлого гэж харж байна. Улсын сургуулиудыг хувьчлах тухай агуулга, логик явж байна. Улсын эрдэм шинжилгээний байгууллагагүй, улсын академик тогтолцоогүй улс гэж байдаггүй шүү дээ. Таны байр суурь ямар байгаа вэ?

Хамгийн сүүлд нь оюутны үндэсний хэмжээний инновацийн тогтолцоо хэрэгтэй байна. Инновацигүйгээр хөгжихгүй. Фейсбүүк өөрөө оюутны инновациас үүсэлтэй. Үүн шиг улс орны хөгжлийн гарц бол инноваци байх ёстой юм. Энэ тал дээр ямар нэгэн санаачилга байгаа юу? Улсын хэмжээнд оюутны инновацийн асуудлыг санаачилж өгөөч гэсэн хүсэлт байна.

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -За их баярлалаа. Манайд Хөдөлмөрийн хуулийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй байгаа гэж би боддог шүү. Энэ дотор байгаа ажилчдын эрхийг ч зөв эрхээр хангах хэрэгтэй. Ажил олгогчдын асуудлыг бас шийдэх хэрэгтэй. Дээр нь тэр дотор цагийн хөдөлмөр, цагийнхаа хөлсийг аваад явдаг энэ боломжийг бид бүрэн  нээж өгөх хэрэгтэй. Оюутан ч гэхгүйгээр зүгээр ажиллах боломжтой хүмүүс цагаар ажиллаад, мөнгөө аваад явдаг тогтолцоо руу Монгол Улс шилжих хэрэгтэй. Зарим газар шилжиж байгаа байх гэж боддог. Шилжээгүй байгаа бол Хөдөлмөрийн сайд, харж байгаа хүмүүс анхаарах байх гэж бодож байна.

Оюутны тэтгэлэг дээр тодорхой шалгуур тавих шаардлагатай гэж яригдаад энэ шалгуураар тэтгэлэгээ аваад явах нь зөв байх. Яг дээд боловсрол дээр Монгол Улсын төрөөс зарцуулдаг мөнгө оюутны тэтгэлэг олгохоос өмнө улсын нийт төсвийн 9 хувь байсан.  Бусад нь оюуны мөнгөн дээр тогтдог байсан. Дээд боловсролын 70-80 хувь нь оюутны төлбөр дээр тогтож явсан. Бусад газар 30-40 хувь нь оюутны төлбөр дээр тогтдог.

Нөгөө талдаа их, дээд сургууль өөрсдийн нээлттэй бизнес болох, хажуудаа байгаа эмнэлэг, бусад үйл ажиллагаанаасаа асар их боломжийг бий болгож болдог. Дээрээс нь үндсэн хөрөнгөө үнэлээд хувьцаа гаргаад, мөнгө босгоод явдаг. Өөрөө өөрийгөө хөгжүүлэх маш их боломж байдаг. Манайх их дээд сургуулийн боловсролыг бариад байгаа учраас хөгжихгүй байгаа юм. Энэ тал дээр бид нээлттэй нүдээр хармаар байна гэж  хэлье.

Инноваци дээр би санал нэг байна. Дэлхий дээр ийм хөдөлгөөн өрнөж байгааг их дэмждэг. Би Засгийн газарт хэлсэн, сая шийдвэр гаргаад явсан гэсэн. Янз бүрийн шуугианд дарагдаад сайн ажил нь сонсогдоогүй байх л даа. Start up-ийн хөдөлгөөн гэж НҮБ бүр шийдвэр гаргасан юм.

Дэлхийд жилдээ 70 мянган start up буюу шинэ бизнесийг дэмжие гэсэн. Долоон тэрбум хүн 70 мянган шинэ бизнес гэхээр тодорхой хувь гарна. Монгол Улсад жилдээ 3000 шинэ бизнес, 3000 шинэ эхлэл бий болж байгаасай гэж боддог юм. Үүнийг дэмжиж байж бид босно. Тэгэх юм бол инноваци, саяын асууж байгаа зүйлүүд явна. Би энэ талдаа байдаг. Явуулчих юмсан, дэмжих юмсан гэсэн бодолтой байдаг.

Монголын үндэсний фейсбүүк клуб Баярмагнай: -Гуравхан маш товчхон асуулт асууя. Нэгдүгээрт, та түрүүн үгэндээ дурдлаа, бид боломжоо алдлаа гэж. Яг ийм нэртэй нийтлэл буюу World street journal  дээр “Боломжийг алдсан Монгол орон” гэдэг нийтлэл гарч нэлээн шуугиан тарилаа.

Та энэ сэтгүүлчтэй санал нийлж байна уу. Хэдхэн жилийн өмнө та Оюутолгой дээр очоод бидэнд энэ боломж олдсон нь үүлэн чөлөөний наран юм гэж хэлж байсан санагдаж байна. Таны саналыг сонсмоор байна. Хоёрдугаарт, та өөрөө сэтгүүлч хүн. Манай сэтгүүлзүй сэмэрч дууслаа. Та түрүүн цухас дурдлаа. Үүний хажуугаар сэтгүүлчдийн байгууллага хэдэн жил ярьж ярьж ноднин хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллага, медиа консул байгуулахаар болсон. Таны байр суурийг бид сонсмоор байна. Энэ байгууллагыг хэр дэмжиж байгаа вэ?

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Яг үнэндээ бол 1911 онд гарсан үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэдэг бол боломж л байсан. Хэрвээ бид тэр боломжийг алдаад, 1915 онд түүнийг хийх гэсэн бол аягүй бол эргэж олдохгүй байсан байх. 1920 онд нэг боломж гарч ирсэн. 1990 онд нэг боломж гарч ирсэн. Боломж байнга байдаггүй юм.

Тиймээс боломжийг гарангуут барьж авч чадаж байгаа тэр улс орон ард түмэн хөгждөг. Зарим нэг үйлдвэр, Тавантолгой энэ тэр дээр ойрын үед лав боломжоо алдсан. Өнгөрсөн арав, хорин жил, наад зах нь таван жил бид бүтээн байгуулалтаа хийгээд зөв явсан бол болох л байсан гэж би хувьдаа боддог. Түүнийг хэн нэгэнд өгөөд, олон жилээр баялгаа алдаад байх ямар ч асуудал тэнд байгаагүй юм шүү. Энд тархи угаалт илүү яваад, бүтээж хийх нь бага явж, тэр боломжийг зогсоосон учраас бид нар алдсан.

Дахин дахин ийм боломжуудыг алдад байх тийм баян орон, дахин дахин ийм боломжийг алдаад байх тийм их боломжтой орон Монгол биш шүү. Монголын газарзүйн байрлал нь өвөрмөц. Монгол өөрөө их онцлог нөхцөлтэй. Бас тийм амар дандаа боломж гараад байдаг орон биш. Тиймээс гарсан боломжийг алдахгүй авч явах, Засгийн газар нь сайн ажлаа хийх асуудал их л зөв байгаа юм.

Тэр хэвлэл мэдээллийн байгууллага сөнөж дууслаа л гээд байх юм. Ер нь тэгж сөнөж дуусаад байгаа юм байхгүй шүү дээ. Ажиллаад л явж байна, болж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл гээд байгуулагдсан бол ажлаа л сайн хийх хэрэгтэй. Муу хийж байгаа бол сайжруул. Элбэгдоржоос ямар юм хамаарах юм бэ?. Ер нь хүн бүхэн дор бүрээ ажлаа  сайн хийчихвэл тэгээд Монгол Улс явна шүү дээ.

Улс төрд манлайлагч  нэвтрүүлгийн оролцогч либераль хаусын гишүүн Батчимэг:

-УИХ-ын 30 хувийн квотыг эмэгтэйчүүдэд тавьсан сонгуулийн шинэ хууль батлагдсан. Энэ дээр таны байр суурь ямар байгаа вэ? АН-аас юм уу, улстөрд гарах чадварлаг эмэгтэйчүүд хэр олон байгаа бол?

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Эмэгтэйчүүд дээр ганцхан юм хэлье. Үнэхээр гэр орныхоо ажлыг зохицуулаад явдаг эмэгтэй хүн бол төрийн аль ч түвшинд ажиллах боломжтой гэж би боддог. Би бол төр засгийн аль ч түвшинд эмэгтэй хүнийг дэмжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд ажилд орох гэж байгаа бол манайхан байнга дэмжих хэрэгтэй.

Монголд энэ хамгийн чухал бодлогын нэг. Өмнө нь квот 20 хувь байсан юм. 20 хувь дээр дэвшээд түүхэндээ УИХ анх 11 эмэгтэй гишүүнтэй боллоо.  Тэр эмэгтэй гишүүдийг тойроод хэл ам гараад байсан юм ер нь бага шүү. Яахав, ганц хоёр хүмүүсийн тухай байдаг л байх.

Ер нь эрчүүдтэй харьцуулахад манай эмэгтэйчүүд юманд ханддаг хандлага их өөр шүү дээ. Сэтгэл зүй өөр, дандаа ядарсан талд байдаг, асуудлыг зөв ойлгуулах гэж явдаг, нийгмийг тэгш авах гэж оролддог . Одоо квот 30 хувь болсон. Намууд хүүхнүүд олох гэж нэлээн ажил болж байгаа байх. 76 хүний 30 хувь гэдэг чинь 26 эмэгтэй дэвшинэ. Одоо зөндөө олон эмэгтэйчүүд байна, дэвшээд үзэхгүй юу.

Ер нь бол эмэгтэйчүүд авлига энэ тэрд орооцолдоод байдаг нь бага байдаг шүү дээ. Бас тийм хариуцлагатай улсууд байдаг. Тиймээс бид эмэгтэйчүүдээ дэмжих байх хэрэгтэй. Эмэгтэйчүүд, дээр нь залуучууд дэмжих хэрэгтэй.

Оролцогч: -Та С.Зориг агсны хэрэгт хэр зэрэг анхаарал хандуулж байгаа вэ?

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Түрүүн нэг сэтгүүлч асууж байхад энэ асуултад хариулж байсан. Ер нь ҮАБЗ-ийн нэг зөвлөмж байдаг. Би Ерөнхийлөгч болоод энэ асуудалд Монголын төр анхаарал хандуулах ёстой гэж үзэж энэ хэргийн мөрдөн шалгах ажлыг ҮАБЗ дээр сонсоод, ямар шаардлагатай дэмжлэг туслалцаа хрэгтэй байна гэж ярилцсан. Ингээд Монголын төрөөс өнөөдөр өгч болох шаардлагатай тусламж дэмжлэгийг өгч байгаа гэдгийг хэлье.

Хоёрт, бид С.Зоригийн амь насыг хөнөөсөн тэр этгээдийг олох ёстой гэдэг байр суурин дээр байдаг. Тэр этгээд амьд ч бай, үхсэн  ч бай бид олох л ёстой.

Оролцогч: -Сонгуулийн үеэр сошиал медиаг хаана гэсэн яриа их гарах болсон. Үүнд их олон хүмүүүс итгэсэн байна. Энэ үнэн үү, энэ үнэн бол манай улс 30 жилээр буцаж ухарч байгаа юм биш үү.

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Сошиал медиа гэж яригдаад байгаа фейсбүүк, твиттер, инстаграмм, энэ бүх зүйлийг хаах тухай асуудал ерөөсөө байж болохгүй. Түрүүн хэлсэн, хариуцлагатай, ёс зүйтэй л байх хэрэгтэй. Энд төрийн гар хөл оролцож хаах боох гэж оролдох явдал бол ерөөсөө байж болохгүй. Энэ бол миний өөрийн байр суурь шүү.

Сонгуулийн хуулинд ямар заалт орсон юм бүү мэд. Лав л хаана бооно гэсэн юм бага байгаа байлгүй. Харин ч үүгээр дамжуулж сонгууль хийдэг, үүгээр дамжуулж саналаа өгдөг хэмжээнд очиж байна шүү дээ. Хөтөлбөр, бодлогоо сурталчилдаг болсон байна шүү дээ.

Сошиал медиа гэдэг юмыг хэтэрхий их бизнес болгож хувиргах хэрэггүй. Аливаа юм жин бандаа, хэмжээндээ л байхгүй бол хэмжээ хэтрэхээрээ хүмүүс дургүйцдэг, олон нийт дургүйцдэг тал бий. Тиймээс хэмжээг нь зөв авч явах ёстой. Хэдэн арваар нь аккаунт барьчихсан “би зарна” гээд, нэг бол олон дагагчтай хүн “миний аккаунтыг тэдэн саяар ав” гэж ч байх шиг. Тэр бол байх л ёстой байх, гэхдээ л байх ёстой хэмжээндээ л байх юм бол бүх юм явна. Би хувьдаа сошиал медиа гэдэг юмны талд байдаг.

Монгол Улс  энэ талын эрх чөлөө боломжийг харин улам илүү олгож явах ёстой. Энэ бүс нутагтаа үүгээрээ бахархаж явах ёстой улс шүү. Дээрээс нь бид сошиал медиа, интернэтийн эрх чөлөөний тухай хурлыг жилийн өмнө Монгол Улсад хийсэн. Олон улсын хурлыг хийгээд Улаанбаатарын тунхаглал гаргасан улс шүү. Бид нэрээ бодох ёстой.

“Шим” компаний захирал Одонгэрэл: -Аж ахуйн нэгж, компаниудын ихэнх нь эргэлтийн хөрөнгийн зээлээр үйл ажиллагаагаа явуулдаг, та мэдэх байх. Гааль дээр бараа орж ирэхэд хүүтэй банкныхаа зээлээр нэмж төлдөг. Энэ ажлыг зогсоож өгөөч. Маш олон аж ахуйн нэгж энэ дээрээс санхүүгийн хэцүү байдалд орж байгаа нь  та бүхэнд мэдрэгдэж байгаа биз дээ. Банкнаас авсан эргэлтийн хөрөнгийн хүүтэй зээлээрээ гааль дээр орж ирж байгаа барааныхаа НӨАТ-ыг урьчилаад төлдгийг л болиулмаар байна.

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Үүн дээр аж ахуйн нэгжүүд их хүсэлт тавьдаг юм. Ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлээр оруулж ирж байгаа томоохон хэмжээний тоног төхөөрөмжүүд  дээр үйлдвэр нь ашиглалтад ороод, татвараа төлөөд, хөрөнгө оруулалтаа нөхөөд ирэхээр эргүүлж авдаг систем рүү ормоор байна гэж хүмүүс ярьдаг Засгийн газар энэ асуудлыг авч үзэх байх гэж би бодож байна. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд их өртэй байна. Улсад ажил хийчихсэн, мөнгөө авч чадахгүй байна гэсэн гомдолтой хүмүүс их байдаг. Хэрвээ манай Засгийн газар тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа бол миний хэлж байгаа чиглэлд, энэ аж ахуйн нэгжүүдээ, ялангуяа үндэсний үйлдвэрлэгчдэдээ хөлсийг нь өгөхөд анхаараарай. Монголдоо шингэхээр байгаа бол тэр аж ахуйн нэгжид хамгийн түрүүн хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөх замаар л явах хэрэгтэй байгаа юм. Засгийн газар үүнийг хийгээсэй л гэж бодож байна.

Оролцогч Болод: -АСЕМ-ийн тухай асуух гэсэн юм. Энэ талаар иргэд олон янзын ойлголттой байдаг. Сонгуультай бас давхцаж байгаа нь хэр ач холбогдолтой юм бол. Яг энэ АСЕМ болсны дараа Монгол Улсад юу үлдэх вэ, өгөөж юу вэ? Төр, засгаас юу гэж харж байна вэ?

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -АСЕМ-ийн асуудлаар би Монгол HD телевизээр уулзалт хийгээд, тэр уулзалтынхаа бүтэн бичлэгийг өөрийн фейсбүүк болон жиргээн дээр тавьсан. Энэ бол нэг талаар миний давуу тал юм. Хэрвээ энэ талаар сонирхож байгаа бол 90 минут ярьсан байгаа. Тэвчээртэй сонсоорой гэж хэлье.

Түрүүн төвийг сахих гэж асуусан байсан, яг адилхан Eagle телеизээр яриад тавьчихсан байгаа. Ерөөсөө л жиргээн дээр Элбэгдоржийг дагаад орсон байхад бүгд нээлттэй байгаа. Фейсбүүк дээр лайк дараад ороод ирэхэд бүгд байгаа.

Оролцогч: -Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Би гурван асуулт тээж ирлээ. Нэгдүгээрт, Монгол Улсад хөлбөмбөг, багийн спортыг хөгжүүлэх үүднээс 21 аймагт ногоон талбай байгуулах төсөл өөрөө санаачилсан. Энэ ажил ямар үе шатттай явагдаж байна. Хоёрт, кабелийн спортыг телевизийг  Путин шиг гаргаад өгөөч гэж таниас хүсч байна. Си Жинпиний ССTV 5 шиг үзүүлээд өгөөч гэж хүсэлт асуулт ирж байна. Гуравт, өөрийг чинь ямар баг дэмжиж байгаа гэдэг дээр “Манчестар юнайтед” гээд, зарим нь “Барса” гэдэг. Энэ дээр тодорхой хариулт өгөөч.

Ерөнхийлөгч ЦЭлбэгдорж: -Ерөөсөө би улс төрийн ажил, бусад ажлаас чөлөөтэй цагтаа зарцуулдаг ганцхан зүйл байгаа. Энэ бол хөлбөмбөг. Би үнэхээр хөлбөмбөгт шунан дурладаг. Тийм л хүн. Гадаадын хөлбөмбөгийн спортыг үзэхээс гадна Монголдоо энэ чиглэлийг хөгжүүлэх юмсан гэж үнэхээр бодож явдаг. Болж өгвөл Монголд санхүүгийн боломж гарах юм бол хөлбөмбөгийн стадион барихад нь туслаад, дэмжээд, санаачилга гаргаад, хандив мөнгө цуглуулаад, төрийг уриалаад явах юмсан.

Дээрээс нь мөсний хоккей, бусад спортыг хөгжүүлэх, дөрвөн улирал ажиллачихдаг стадионтой болох юмсан гэсэн мөрөөдөл байгаа. Зарим нэг аж ахуйн нэгж газрууд гадна, дотнын зээл тусламж гээд яригдаж байгаа зүйлүүд бий. Би энэ ажлыг Ерөнхийлөгч байсан үедээ ч хийнэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссан үедээ ч хөлбөмбөг гэдэг зүйлтэй байнга холбоотой явах болно гэдгээ хэлчихье гэж бодлоо. Энэ бол миний амьдарлын турш байх үйл ажиллагаа. Хүмүүсийн төлөө энэ спортын төлөө, байгаль орчны төлөө миний хийх зөндөө олон ажлууд байгаа гэдгийг хэлье.

Зарим нь бас буруу ойлгочихдог юм. Энэ нөхөр улс төрөөс явъя гэж байгаа юм байна гэдэг. Ер нь бол идэвхтэй иргэн байна. Улс төрд байгаад ч байж болно. Идэвхтэй иргэн байгаад ч байж болно. Улсууд их сүрхий асуугаад байдаг юм. Нэг талыг бариад ярьчихаар нөгөө талыг нь мушгиад давхиад явчихдаг.

Тэгэхээр тэр бол миний сонголт л байх болно. Ер нь тэр хөлбөмбөг дамжуулдаг телевизийн суваг арван хэдхэн мянган айлд хүрч байгаа. Хураамж нь төлбөртэй суваг учраас 12000 төгрөг байгаа ч гэдэг юм уу. Монгол ТВ-тэй ярьж байгаад хураамжийг нь  Монголын нийт айл өрхөөс авдаг болоод энэ хөлбөмбөг гэдэг гайхамшигтай спортыг Монголын нийт айл өрх үздэг болъё. Премьер лигийг, Европын лигийг , сагсны МВА, бокс гээд бүх л төрлийн спорт гэдэг маш чухал. Манайд үүнийг ойлгомоор байгаа юм. Ямар учраас бид Мүүн, авлига, хөхүүл эмэгтэй ч гэдэг юм уу, бүгдээрээ асуугаад байна вэ.

Ийм юм л бидний анхаарлыг татаад, нөгөө спортын эзлэх ёстой орон зайг ийм юм эзлээд байгаа байхгүй юу. Яг үнэндээ хөлбөмбөгийн том том стадионтой, тэр тэмцээн явдаг газар нь хагас, бүтэн сайнд хөлбөмбөгөө үзээд, нийгэм нь стрессээ тайлаад, улстөрчид нь ажлаа хийгээд, хариуцлагаа хүлээгээд явдаг. Нийгэм нь өөрийнхөө аз жаргалтай, сонирхдог юмтай байдаг. Яг үүнтэй адил хөлбөмбөгийн сувгийг айл бүр өрх бүр үздэг байгаасай гэдэг дээр санал нэг явдаг.

Би энэ саналыг дэмжиж үүнийг хэрэгжүүлэх юмсан гэсэн бодолтой явдаг шүү. Ингэж чадах юм бол энэ улстөрийг давж чадна. Улайрсан, бие биеэ үзэн ядсан, хуваагдсан, түүн дээр тоглосон ийм муухай тоглолтууд газар авахгүй. Тэр хөлбөмбөг, спорт, урлаг уран сайхан гээд хүмүүст сайн сайхан зөв зүйлийг авчирдаг зйүлүүдээ бид урамшуулмаар байгаа юм. Монголд бол болж байгаа юм асар их байгаа. Болохгүй юм ч байгаа. Болж байгаа юмаараа урамшиж урагшаа явмаар байгаа юм.

Бидний үед бүх асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Яг түүнтэй адил заавал бүх асуудалд бухимдаж хэн нэгнийг буруутгах биш, эхлээд өөрөөсөө буруугаа хайгаад, байгаа суугаа газар бүхнээ ажлаа сайн хийгээд, санаачилгатай байх юм бол Монгол хөгжинө гэж бодож байгаа.

Дэмждэг багийн хувьд би бүр эртний “Ливерпүүл” гэдэг багийг л дэмждэг. Испанийн лиг гараад ирэх юм бол миний хардаг баг байгаа. Би гадагшаа явахдаа хөлбөмбөгийн том багаар орох юмсан. Монголд академи байгуулья, ажиллая гээд явдаг байсан. Монголын хөлбөмбөгийн холбооноос нэг юм шаардаж байгаа.

Ер нь хөлбөмбөгийн холбоонд ирж байгаа мөнгө бол мэдээж тэнд ажиллаж байгаа  хүмүүсийн цалин болох ёстой. Зочид буудал тансаглалын биш, тухайн оронд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зарцуулагдах ёстой. Тэр хөлбөмбөгийн холбооны данс шилэн байх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байдаг.

Энэ мөнгө хуваарилалт Монголд ирэх байх аа. Монголд спорт хөгжих байх. Спортын чиглэлд бүгдээрээ хамтарч санаачилгатай ажилламаар байна. Тэгэхгүй бол улс төр, янз бүрийн хүний нэр дагаад хоорондоо хагаралдаад, бие биеэ гутаагаад, доромжлоод явах юм бол энэ жаахан уйтгартай байна шүү, яг үнэндээ бол.

Тиймээс улсаа хөгжүүлэх бол бүгдээрээ хамтарч ажиллая. Энэ зорилгоор та бүхэн хүрэлцэн ирсэн байх. Хэн ирэх ирэхгүйг би мэдэхгүй. Би та бүхэнтэй адилхан урилгаар ирж байгаа хүн. Мэдээж, боломжийн төлөөллийг оруулаад ярилцъя гэж бодсон. Ингээд энэ сэдвээр хийж байгаа гурав дахь уулзалт өндөрлөж байна. Миний энэ замыг дагаад УИХ-ын гишүүд  сайдууд фейсбүүк, жиргээ ашиглаж байгаа хүмүүстэй уулздаг байгаасай.

Аудитын газрын дарга, төрийн өмчийн компанийн том том захирлууд уулздаг байгаасай үйл ажиллагаа санаа бодлоо нээлттэй хэлдэг байгаасай, шүүмжлэл байгаа бол нээлттэй сонсдог байгаасай гэж бодож байна. Ингэж л ард түмэндээ хүмүүсдээ нээлтэй байя л даа. Ингэж чадах юм бол Монгол хөгжинө. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье " гэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийгмийн идэвхтэй залуус, фейсбүүк хэрэглэгчид, жиргээчидтэй хийсэн уулзалт өндөрлөв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна