Америк цэргүүд хаа сайгүй, гэхдээ сурах бичигт биш

2016 оны 3 сарын 29

 

Дайн явуулах нь АНУ-ын ялгарах онцлог. Цэргийн зардалдаа тоймгүй их хөрөнгө хаяна. 2015 оны санхүүгийн жилийн байдлаар авч үзвэл 598 тэрбум ам.доллар байсан нь төсвийн нийт зардлынх нь 54 хувьтай тэнцсэн гэсэн үг. Дэлхийн 80 гаруй оронд нийтдээ 800 АНУ-ын цэргийн бааз байрлаж байна. Батлан хамгаалах салбарт зарцуулдаг хөрөнгөөрөө эхний аравт жагсдаг орнуудыг АНУ тэргүүлж байгаа ч АНУ-ын цэргийн нийт зардал нь үлдсэн есийнхийг нийлүүлснээс ч их юм. Гэсэн ч түүхийн эрдэмтэд, тэр дундаа АНУ-ын их сургуулиудын эрдэмтэд Америкийн цэргийн энэ их хүчийг төдийлөн дөвийлгөдөггүй. АНУ-ын Стэнфордын, Чикагогийн болон Массачусетсийн Технологийн их сургуулийн энэ жилийн судлах сэдвийн жагсаалтыг харахад шинэ Английн пуритан ёс,  хөдөлмөрийн зах зээлд дэх эмэгтэйчүүдийн асуудал энэ тэр гэж явсаар зөвхөн жагсаалтын зургаад АНУ-ын цэргийн хүчийг хөндсөн нэг сэдэв байна.

 

Энэ бол эмгэнэл. Мэдлэг бол хүч гэж Фрэнсис Бэкон хэлсэн байдаг. Бид өөрсдийн цэргийн хүчний асуудлыг судалгааны сэдэв гэж харахгүй юм бол энэ хүчийг бид өөрсдөө ойлгохоо больж, ингэснээр өөрсдийгөө эмзэг болгож байгаа юм.

 

Би хөндлөнгийн ажиглагч биш. 2011 онд Колумбийн их сургуульд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалснаас хойш “Эрх чөлөөний гүрэн: АНУ-ын цэргийн хүчний дэлхийн түүх” сэдвээр зуны лекцийг хөтөлж ирсэн. Энэ лекцдээ 1675 оны Филипп хааны дайнаас эхлээд Афганистаны “Дийлдэшгүй эрх чөлөө” ажиллагаа хүртэлх үйл явдлыг тоймлодог. Миний лекц нь энэ сэдвээр Колумбийн их сургуульд тавигдсан анхны лекц байсныг би олж мэдээд гайхсан. Энэ сэдвээр АНУ-ын их сургуулиуд бараг судлаагүйг олж мэдээд бүүр ч их гайхсан. Гэтэл эдгээр сургууль энэ салбарын гол тоглогч байсаар ирсэн юм. Тухайлбал, Колумбийн болон Чикагогийн их сургууль цөмийн зэвсгийг бидэнд өгсөн, Харвардад өтгөрүүлсэн бензинээр тэсрэх бөмбөг хийсэн, Массачусетсэд цэргийн томд тооцогдох судалгааны төв ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд Америкийн түүхчид тус улсын цэргийн түүхийг зориуд бүдэгрүүлж ирсэн.

 

Техасын их сургуулийн түүхийн профессор, Цэргийн түүхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Брайан Линн цэргийн түүхийг бүдэгрүүлэх явдал 10-аас 15 жилийн давтамжтай явагдаж байгааг хэлсэн. Харин Хойд Техасын их сургуулийн багш Роберт Ситино 2007 онд American Historical Review сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ “цэргийн түүх сургуулийн хөтөлбөрөөс гээгдэж байна, хэд хэдэн элит их сургуулийн хөтөлбөрт энэ хичээл огт байхгүй болсон” хэмээн бичжээ.

 

Вьетнамын дайны үеийн эсэргүүцлийн хөдөлгөөн, энэ дайныг дэмжигчдийн хатуу байр суурь нь цэргийн түүхийг бүдэгрүүлэгчдийн гол тайлбар байсаар ирсэн. “Америкчууд ялагчдад дуртай, харин ялагдагсдыг хүлээж авдаггүй” хэмээн АНУ-ын Хуурай замын гуравдугаар армийн ахлах офицер Жорж Паттон 1944 онд цэргүүддээ хэлж байжээ. Энэ үг их сургуулиудын түүхийн кафедруудад ч хамаатай. “Бид Вьетнамын дайнаас ангижирч чадахгүй л байна. Энэ сэдвээр олон түүхч “шатсан” юм. Тэд судалгаагаа ямар нэг дайн, эсвэл мөргөлдөөнтэй холбохыг хүсээгүй” хэмээн АНУ-ын Цэргийн армийн түүхч Тэми Дэвис Биддл хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

 

Сүүлийн арван жилийн хугацаанд түүхчид зарим нэг өөрчлөлтийг түүхийн шинжлэх ухаанд хийсэн. Цэргийн түүхчид олон жилийн турш ийм өөрчлөлт хийхийг хүсээгүй юм. Колумбийн их сургуулийн түүхч Кен Джексоний хэлснээр тэдний кафедр олон жилийн турш колончлолын үеийн түүх, эмэгтэйчүүдийн түүх, эдийн засгийн түүх, соёлын түүх, улс төрийн түүх, гадаад харилцааны түүх, цагаачлалын түүх, иргэний дайны үеийн түүх зэргээр ажиллаж байсан ч цэргийн түүхийг нэмэлт сэдвээр ч болов судлах тохиолдол байсныг санахгүй байна гэж хэлсэн байдаг.

 

Цаг үе өөрчлөгдөж байна. Дээр өгүүлсэн Роберт Ситино 2007 онд бичсэн өгүүлэлдээ “шинэ үеийн цэргийн түүх нь дайн болон нийгмийн харилцан уялдаанд ач холбогдол өгдөг зэвсэгт мөргөлдөөний хэргийн газраас аль хэдийнэ холдсон гэжээ. Энд гарсан өөрчлөлт дэндүү цар хүрээтэй байсан учраас “шинэ үеийн цэргийн түүхийн талаар ярих ч утгагүй юм” гэжээ. Түүхчийн үзэж байгаагаар одоо цагт цэргийн ажиллагааг эдийн засгийн, нийгмийн, соёлын, экологийн асуудалтай холбон авч үзэхээс өөр аргагүй болсон. 2005 онд АНУ-ын Цэргийн түүхийн нийгэмлэг анх удаагаа ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонголоо. Пенсильванийн их сургуулийн Кэрол Рирдоныг сонгосон юм.  

 

Энэ хооронд АНУ-ын цэргийн эрхтнүүд зэвсэгт хүчнийг улам олон нийтэд ил болгож байна. Пентагон өнөөдөр хамгийн том ажил олгогчийн нэг болоод байна. 1.3 сая хүн цэргийн үндсэн алба хааж байгаа бол 742 мянган хүн нөөцөд байна. Мөн Пентагон 2011 оноос бэлгийн өөр чиг хандлагатай хүмүүсийг цэргийн албанд авч эхэлсэн. Харин 2015 оноос цэргийн дээд албан тушаалыг эмэгтэй хүн хаших эрхтэй боллоо. Зэвсэгт хүчний нөөц офицерийг бэлтгэх хөтөлбөр Стенфорд, Массачусетсийн зэрэг олон сургуульд хэрэгжиж байна.

 

“Манай улсын гол асуудлын нэг нь хүмүүс түүх судлахаа больсон явдал” хэмээн Дональд Рамсфельд 2006 онд хэлж байжээ. Шинжлэх ухаан ямар нэг “хоосон орон зай”-г үзэн яддаг. Энэ “орон зай”-г улс төр нөхөх гэж оролдож байна. Бостонийн их сургуулийн Эндрю Басевич “дайны жижиг сажиг зүйлс гээгдэж, утга агуулга нь алдагдан хялбаршиж, тодорхой зорилго бүхий загварт нийцүүлэх болжээ” хэмээн тодорхойлсон байдаг.

 

Америк оюутнууд өөрийн орны цэргийн түүхийг мэдэх ёстой, яагаад гэвэл АНУ-ын батлан хамгаалах салбар өөрийн орны төдийгүй дэлхий нийтийн хүмүүсийн амьдралд асар их нөлөө үзүүлж байгаа. Цэргийн амьдралыг харуулсан кино, өгүүлсэн номууд ихээр борлогдож байгаа нь энэ сэдвийг хүмүүс сонирхож байгааг харуулж байна. Цэргийн түүхийг зэвсэгт хүчний түүх болгон өргөжүүлснээр түүхчид сэтгэлгээний илүү уян хатан байдлыг бий болгож, энэ сэдэвт шинэ эрч хүчийг өгнө. Зоригийг амжилт дагадаг гэдгийг түүхчид мэднэ дээ.

 

ЭХ СУРВАЛЖ: РОБЕРТ НИР, AEON MAGAZINE, ИХ БРИТАНИ

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна