Мелания Трамп тэргүүн хатагтай болох уу?

2016 оны 3 сарын 29

Фото: @MELANIATRUMP

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн намуудын сунгаа ид өрнөж, нэр дэвшигчид “бүсэлхийнээс доогуур” цохилт өгөх арга руу орж байна. Үүний жишээ нь, Дональд Трампын өрсөлдөгчид түүний эхнэрийн нүцгэн зургийг өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн явдал болов. АНУ-ын дараагийн тэргүүн хатагтай болох өндөр магадлалтай байгаа энэ эмэгтэйн өнгөрсөн түүхийг сөхөж үзье.

 

Хэрүүлийн алим

 

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн өндөр магадлалтай Дональд Трамп, Тед Круз нар Twitter-т зөрөлдөөд авлаа. Трампын эсрэг хөдөлгөөн өрнүүлж байгаа PAC Make America Awesome тэрбумтны эхнэрийн нүцгэн зургийг нийтэлсний дараа хэрүүл гарчээ. Зургийг “Та нарын ирээдүйн тэргүүн хатагтай Мелания Трамптай танилц. Эсвэл та нар Тед Крузын төлөө саналаа өгцгөө” гэсэн тайлбар дагалджээ. Дональд Трампаас консерватив сонгогчдыг холдуулах зорилготой зураг гэж тэд үзсэн бололтой.

 

“Худалч Тед “GQ” сэтгүүлд нийтлэгдсэн Меланиягийн зургийг ашиглалаа. Худалч Тед минь болгоомжтой байж үз. Би чиний эхнэрийн нууцыг дэлгэж чадна шүү” гэж Трамп өөрийн Twitter аккаунтад бичжээ. Харин тэрээр Тедийн эхнэр Хайди-гийн ямар нууцыг мэддэгээ тодруулсангүй.

 

Харин Круз Мелания Трампын зургийг нийтэлсэнтэй огт хамаагүй гэдгээ хариу мэдээлээ.

 

Зургийг : PAC Make America Awesome

 

Сэтгүүлийн хавтасны хатан хаан

 

Охин үеийн нэр нь Кнаусс гэх Мелания Трамп 1970 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсад төржээ. Любляна хотын их сургуулийн Уран барига, дизайны факультетад сурсан ч мэргэжлээрээ ажилласангүй. 16 настайгаасаа загвар өмсч эхэлжээ.  Бүсгүй дэлхийн шилдэг дизайнеруудын үзүүлбэрт оролцож, Vogue, Harper's Bazaar, Vanity Fair гэх гялбаа сэтгүүлүүдийн хавтаснаа зураг гарч байлаа. Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүл 2000 онд зургийг нийтэллээ. Энэ сэтгүүлд зургаа гаргана гэдэг нь ямар ч модельд том амжилтад гэж тооцогддог.

 

 

Нэгэн  сэтгүүлийн зураг авалт дээр бүсгүй Дональд Трамптай танилцсан гэдэг. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг “өндөр үнэлэгч” Дональд Трамп тэр үед “Хорвоогийн мисс” тэмцээнийг эрхлэн явуулдаг байв. Тэдний харилцаа хэвлэлээр өргөнөөр  бичигдэж, бизнесмен дурласан гэдгээ нуухгүй байсан юм.

 

Кнауссийн нэр хүнд нэмэгдсэн учраас Британийн “GQ” сэтгүүл хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ингээд Меланиягийн нүцгэн зураг 2000 оны нэгдүгээр сарын сэтгүүлийн хавтаснаа тавигдсан байлаа. Тэр зургийг нь сая Трампын эсрэг сурталчилгаанд ашиглажээ.

 

Америк-словени гэр бүл

 

Трамп Кнаусстай 2005 оны нэгдүгээр сарын 22-нд Флорида муж дахь өөрийн эдлэнд хуримлажээ. Хуримын зочдын дотор Хиллари Клинтон байлаа. Меланич хуримынхаа гоёлоор “Dior”-ийн 200 мянган ам.долларын үнэтэй даашинзийг сонгосон байв.

 

 

Хосууд 2006 оны гуравдугаар сарын 20-нд хүүтэй болоод Бэррон Уильям Трамп гэж нэрлэв. Бэррон өмнө нь хоёр удаа гэрлэж байсан Трампын тав дахь хүүхэд байлаа.

 

 

Мөрөөдлийн амьдрал

 

Тэд гэрлээд Нью-Йоркийн бүхий л дээдсийн хүрээний арга хэмжээнд оролцож байлаа. Трампын шинэ эхнэр удалгүй ихээхэн алдартай болж, түүнийг элдэв телешоунд мөн буяны ажиллагаанд урин оролцуулах болжээ.

 

“Үзэсгэлэн төгсөөс гадна ухаантай эмэгтэй” хэмээн экс-модельтай танилцсан анхны сэтгэгдлээ телевизийн хөтлөгч Барбара Уолтерс хэлж байлаа.

 

 

Меланиягийн Twitter аккаунтаас харахад тэрбумтны гэргий нөхрийнхөө адил өөртөө ямар нэгэн зүйлээр хориг тавьдаггүй, хэт даруухан байдлаар бие аваад явдаггүй нэгэн.

 

Жишээлбэл, тэрбээр гэр бүлийн онгоцоороо нисэх дуртай

 

Шопинг хийх бас дуртай.

 

Мелания өндөр загварын томоохон шүтэн бишрэгч.

 

Ер нь бол мөнгөөр худалдан авах гоё эд зүйл бүрт дуртай.

 

Миссис Трамп далайн эрэгт амрах дуртай.

 

Флорида ба Карибийн бүсэд амрахыг тэр илүүд үздэг.

 

Өөрийн гэр орноор бахархах бас дуртай.

 

Ирээдүйн Жеки мөн үү?

 

Дональдын сонгуулийн кампанийн талаар 2015 онд түүнээс асуухад Мелания  “ерөнхийлөгч болох нөхрийнхөө хүслийг дэмжинэ, улс орныхоо төлөө тэр ихийг хийж чадна гэсэн итгэлтэй байна” гэж хариулжээ.

 

“Тэр америкчуудад хайртай, тэдэнд туслахыг хүсч байна” гээд хэрэв Трамп сонгуульд ялбал “Бетти Форд, Жеки Кеннеди нар шиг маш уламжлалтай гэргий байж чадна” гэж хэлжээ.

 

Мелания  тэргүүн хатагтай болж чадах уу гэдгийг хамгийн нэр хүндтэй шинжээчид ч хэлж чадахгүй. Харин түүнээс сайн тэргүүн хатагтай төрж чадах уу гэдгийг таамаглаж болох юм.

 

Энэ жилийн хоёрдугаар сард Siena College төвийн судлаачид The First Ladies Study (“Тэргүүн хатагтай нарыг судалсан нь”) гэх бүтээлээ хэвлүүлж, хэд хэдэн үзүүлэлтээр АНУ-ын шилдэг тэргүүн хатагтайг тодорхойлохыг оролджээ. Тэргүүн хатагтай нарын үнэлгээг гэр бүлийн намтар, боловсрол, улс орны хувьд ямар үнэ цэнэтэй болох, Цагаан ордны аж ахуйг хөтлөх чадвар бий эсэх, эр зориг, ололт, шударга үнэнч, лидерийн чанар, бие даасан байдал, олон нийтийн имиж, ерөнхийлөгчид ямар ач тустэй зэрэг 10 ангиллаар гаргажээ.

 

Эдгээр үзүүлэлтээр Элеонора Рузвельт тэргүүлсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч нарын  шилдэг эхнэрүүдийн эхний гурван байрт Эбигейл Адамс, Жаклин Кеннеди нар оржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна