“Далай лам бол мунхруулагч”

2016 оны 3 сарын 29

“Далай лам өөрийнх нь хойд дүр түвд хүн биш, зөгий эсвэл бүр шар үстэй охин ч байж болно” хэмээн хэлсэн нь сүсэгтэн олныг мунхруулсан хэрэг хэмээн Хятадын үндэстэн ястнууд болон шашны асуудал хариуцсан хорооны дарга Жу Вейцун шүүмжилжээ. Тэрбээр “Далай ламын хойд дүрийг тодруулах нь цэвэр шашны зан үйл болохоос Данзанжамцийн шийддэг хэрэг биш” гэдгийг мэдэгдэв. Мөн Далай лам хойд дүрээ тодруулахгүй байх нь сүсэг бишрэлээсээ урваж, олон түмнийг үл хүндэтгэсэн хэрэг хэмээн буруушаажээ.

 

 

Бурхны шашны тэргүүн XIV Далай лам Данзанжамц насан өндөр болж, эрүүл мэнд нь доройтох болсноор хойд дүрийг тодруулах асуудал олны анхаарлыг татаж байна. Өдгөө 80 настай Далай лам сүүлийн үед АНУ-ыг зорин эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах болсон юм.

Далай ламын хойд дүрийг тодруулахад чухал үүрэг гүйцэтгэх Ванчин Богд балчир насандаа Бээжинд барьцаалагдсанаар Данзанжамц хутагт мухардалд ороод буй юм. Бээжингийн албаныхан хуурамч Ванчин Богдыг ашиглан Далай ламын хойд дүрээр “өөрийн хүнийг” тодруулах санаатай байгаа нь нууц биш. Далай ламын Ванчин богдоор нэрлэсэн зургаан настай хүү Гэндэн Чоки Нямаа 20 жилийн өмнө гэр бүлийнхээ хамт сураггүй болсон. Түүнийг Хятадын улс төрийн хамгийн залуу хоригдол гэж үздэг. Далай ламын сонгосон хүний оронд Бээжингийн албаныхан Гэлцэн Норов гэгчийг XI Ванчин богдоор нэрлэжээ. Гэвч түвдүүд Гэлцэн Норовыг хүлээн зөвшөөрдөггүй.

 

 

Хэрэв Хятадын бэлтгэсэн жүжиг амжилттай тоглогдож Далай ламын хойд дүрээр “Бээжингийн хүн” тодорвол түвдүүдийн тэмцэл бүдгэрч, олон улсын анхаарлыг татахаа болино. Үүнийг мэдсэн Далай лам хойд дүрээ тодруулахгүй гэж мэдэгдсэн удаатай. Гэвч таван зууны турш Далай лам хойд дүрээ тодруулж ирсэн уламжлалыг тасалдуулах аргагүй. Дэлхийн энх тайван, амар амгалан амьдралын төлөө, хүнлэг байхын утга учрын талаарх сургаал номлолоороо XIV Далай лам Нобелийн энх тайвны шагналтыг хүртсэн нэгэн юм. Гэвч Хятадын эрх баригчид түүнийг бурхны шашны тэргүүн гэхээс илүү Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч улстөрийн зүтгэлтэн гэж үздэг.

 

 

Далай лам 1959 оноос Энэтхэг рүү дүрвэн Дармасалад  шашин номын үйл хэргээ явуулж байна. Гэвч Хятадын эрх баригчид Түвд дэх лам нарыг зулын гол болоход өдөөн хатгадаг хэмээн Далай ламыг буруутгадаг. Бээжингийн дарангуйллыг эсэргүүцсэн лам нар олон улсын анхаарлыг татахын тулд өөрийгөө шатаан амьдаараа зулын гол болох нь элбэг. 2009 оноос 2014 оны дөрөвдүгээр сар хүртэлх судалгаагаар 38 түвд хүн зулын гол болж өөрийгөө шатаажээ.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна