“Тусгай хамгаалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл үр дүнгээ тайлагналаа

2016 оны 3 сарын 29

Даян дэлхийн байгаль орчны сан /ДДБОС/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2011-2015 онд БОНХАЖЯ-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.  

Төслийн хаалтын арга хэмжээг  нээж БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэлсэн бөгөөд “Төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүн, үр нөлөө, бий болсон чадавх” сэдвээр БОНХАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Чаминцэцэг, “Орхоны хөндийн байгалийн цогцолборт газарт (ОХБЦГ) төсөл хэрэгжсэнээр гарсан үр дүн, бий болсон чадавх”  сэдвээр  ОХБЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Г.Эрдэнэбилэг, “Их Нартын байгалийн нөөц газарт (ИНБНГ) төсөл хэрэгжсэнээр гарсан үр дүн, бий болсон чадавх” сэдвээр ИНБНГ-ын хамгаалалтын захиргааны дарга, “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын захирал С.Амгаланбаатар, “ТХГН-ийн үндэсний хөтөлбөр, ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан концепцийн өөрчлөлтүүд” сэдвээр ТХГНСБ төслийн зөвлөх, "Коконет" ТББ-ын захирал Г.Гансүх, “ТХГН-ийн экосистемийн үйлчилгээний салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу эдийн засгийн үнэ цэнэ” сэдвээр  ТХГНСБ төслийн зөвлөх, Байгаль орчны эдийн засагч, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Г.Ганзориг, “ТХГН-ийн хамгаалалтын менежментэд нутгийн иргэдийн оролцоо” сэдвээр Орхоны хөндий БЦГ-ын "Хүрмэн чулуу" нөхөрлөл Ц.Мягмарсүрэн нар илтгэл тавьж, үр дүнг олон нийтэд танилцуулав.

Тус хаалтын семинарыг зохион байгуулснаар уг төсөл хэрэгжснээр гарсан үр дүн, бий болсон чадавхийг холбогдох талуудад хүлээлгэж өгөх, гарсан амжилт, тэргүүн туршлага, сургамжийг талуудтай хуваалцах боломжийг бүрдүүлж ТХГН-ийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, хамтран ажиллах чиглэлийг тодорхойлоход жинтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна