“Apple” ба “FBI”-ны дундах зарга өндөрлөв

2016 оны 3 сарын 29

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ болон “Apple” компанийн хоорондох шүүхийн маргаан өндөрлөсөн болохыг хууль зүйн яамнаас мэдээлжээ. Холбооны мөрдөх товчоо террорист халдлагын сэжигтэн Ризван Фароокийн “iPhone 5C” утсанд “Apple” компанийн тусламжгүйгээр нэвтрэх аргыг олсноор маргааныг эцэслэсэн байна. Өмнө нь Холбооны мөрдөх товчооноос сэжигтний гар утсанд нэвтрэхийн тулд “iPhone 5C” утасны нууцлалын системийг өөрчлөхийг “Apple” компаниас хүсч байсан юм. Үүнийг эсэргүүцсэн “Apple” компани  өнгөрсөн сард шүүхэд зарга мэдүүлсэн байв. “Apple” компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, хувь хүний нууцлалын төлөө Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг эсэргүүцэж байлаа.

 

Харин өчигдөр /III.28/ Калифорни муж улсын Холбооны прокурор Эйлеен Декер мөрдөн шалгах албаныхан сэжигтний утсанд нэвтрэхийн тулд гуравдагч этгээдийн тусламжийг авсан тухай мэдэгджээ. АНУ-ын хууль хяналтынхан гуравдагч этгээд гэж хэнийг хэлж буйг тодруулаагүй аж. Гэхдээ  “Cellebrite” цахим хамгааллын фирм Холбооны мөрдөх товчоотой хамтран ажиллаж байгаа хэмээн Израилийн сонинд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байв.

 

“Исламын улс” бүлэглэлийн гишүүд хэмээн сэжиглэгдэж буй Ризван Фароок эхнэрийнхээ хамт өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Калифорни муж улсын Сан-Бернардино хотод гал нээж, 14 хүний амийг хөнөөсөн юм.  Цагдаа нар Ризван Фароокийг буудан хөнөөсөн аж. Түүний эхнэр Ташфеен Малик нь халдлага үйлдэхийнхээ өмнөх өдөр цахим хуудсандаа “Исламын улс” бүлэглэлд үнэнч байх тангараг бичсэн байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна