Халдлагын сэжигтнийг суллажээ

2016 оны 3 сарын 29

 

Бельгийн Брюссель хотноо олон хүний амийг хөнөөсөн халдлагын сэжигтэн Файсал Ш. гэгчийг шүүхээс нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар сулласан байна. Тэрбээр нисэх буудлын хяналтын камерт амиа золиослогчдын хажууд явж буйгаар бичигдсэн /CCTV/ байсан аж. Түүнийг гуравдугаар сарын 24-нд баривчилсан байв. Бусад гурван сэжигтэн нь метро болон нисэх онгоцны буудалд амиа золиосолсон юм.

 

Брюссель хотноо өнгөрсөн долоо хоногт нисэх онгоцны буудал болон метронд тэсрэх бөмбөг дэлбэрсэн халдлага гарч 35 хүн амь үрэгдэн, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Амь үрэгдсэн хохирогчдын долоог нь одоо болтол хэн болохыг таньж чадаагүй байгаа аж. Халдлагад АНУ, Нидерланд, Швед, Герман, Франц, Их Британи, Итали, Хятад улсын нийт 12 хүн амь үрэгджээ. Халдлагыг Исламын улс бүлэглэл зохион байгуулснаа хүлээсэн юм. Брюссель дэх Европын холбооны засаг захиргааны институт өнөөдрөөс /III.29/ дахин үүдээ нээж, хэвийн ажиллаж эхэлсэн байна.

 

Брюссельд халдлага гарахын өмнөхөн /III.18/ Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламыг Брюссель хотын Моленбеек дүүргээс баривчилсан байв. Түүнтэй хамт Амине Чоукри гэгчийг баривчилжээ. Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард олон хүн цугласан клуб, кафе, хөлбөмбөгийн цэнгэлдэх зэрэг газруудад “Исламын улс” бүлэглэлийн дайчид халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөсөн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна