“Манай бүлгийн гишүүд ирц бүрдүүлэхгүй”

2016 оны 3 сарын 29

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдөр эхлэхээр тов гарсан ч хуралдах эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын чуулганы завсарлагааны дундуур зарлагдаж буй хоёр дахь ээлжит бус чуулган энэ юм. Өмнө нь хоёрдугаар сард мөн ээлжит бус чуулган зарласан ч эхлүүлж чадалгүй байсаар ганц өдөр хуралдан тарж байсан юм. Тус ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлсөн.

Энэ удаагийн ээлжит бус чуулган ч мөн өмнөхийнхөө хувь заяаг давтаж магадгүй байна. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү уг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэн ирц бүрдүүлэхгүй байхыг өчигдөр /2016.03.28/ уриалсан бол МАН-ын бүлгийн гишүүд “асуудлыг судалж байна” хэмээсэн юм. Харин МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар тус намын бүлэг чуулганы ирцийг бүрдүүлэхгүй хэмээн нүүр номондоо бичжээ.     

“УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж цөмийн хаягдлын тухай асуудлыг хэлэлцүүлнэ гэжээ. Удахгүй УИХ-ын ээлжит чуулган эхлэх гэж байхад учир зүггүй яарч цөмийн хаягдлын асуудал хэлэлцэх гээд байгаад хамаг асуудал байна гэж үзээд Манай бүлгийн гишүүд энэ чуулганы ирцийг нь бүрдүүлэхгүйн тулд хуралд оролцохгүйгээр шийдсэн. Урьд өмнөх шигээ манай бүлгийг хурлын ирц бүрдүүлж өгсөнгүй, улсын хөгжилд саад боллоо гээд л улиг болсон үгээ хэлэх байх” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бичсэн байна.

Т.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна