Монголчуудын давсны хэрэглээ өндөр байна

2016 оны 3 сарын 29

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн санаачлан Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг энэ жил “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” уриан дор тэмдэглэж байна. Долоо хоногийн аян өчигдрөөс буюу 2016 оны гуравдугаар сарын 28-наас эхэлж дөрөвдүгээр сарын 1-ны хооронд үргэлжлэх юм. Аяныг ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ, ДЭМБ, МХХ-той хамтран зохион байгуулж байна. 

Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийн анх 2005 онд “Давс ба эрүүл мэнд” сэдвээр тэмдэглэснээс хойш уг кампанит ажлыг жил бүрийн гуравдугаар сард дэлхий нийтээрээ тэмдэглэж байгаа юм.

Монгол улс 2012 онд НЭМХ-ийн санаачилгаар анх тэмдэглэснээс хойш жил бүр зохион байгуулж байна. 

Энэ жилийн кампанит ажлын гол анхаарлыг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон нийтийн хоолонд агуулагдах, бидний нүдэнд үл харагдах далд давсыг илрүүлэх, агууламжийг нь бууруулах асуудалд хандуулж байна.

2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын Засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж  болгосон юм. Халдварт бус өвчнөөс /ХБӨ/ шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд 55 саяд хүрнэ хэмээн ДЭМБ урьдчилан тооцоолсон ба үүнээс сэргийлэхэд давсны хэрэглээг багасгах нь ХБӨ, тэр дундаа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг нотлоод байна.

Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 43%-ийг ХБӨ эзэлж байна. ХБӨ-ий улмаас жилд дунджаар 38 сая хүн, тэдгээрийн 42% буюу 16 сая нь 70 нас хүрэлгүй, цаг бусаар нас барж байна. ХБӨ-нөөс шалтгаалсан цаг бусын нас баралтын 82% нь бага болон дундаж орлоготой улс орнуудад тохиолдож байна. Нийт нас баралтын шалтгааны 40.5%-ийг судасны эрхтэн тогтолцооны өвчин (жилд 17.5 сая хүн), 21.5%-ийг хавдар (жилд 8.2 сая хүн), 10.5%-ийг амьсгалын дээд замын архаг өвчин (жилд дөрвөн сая хүн); 3.9%-ийг чихрийн шижин өвчин (жилд 1.5 сая хүн) тус тус эзэлж байна.

Нийт 52 оронд хийгдсэн судалгаагаар хүн амын давсны хоногийн хэрэглээний 75 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон нийтийн хоол, 10-12 хувийг байгалиасаа натри агуулсан бүтээгдэхүүн, 10-15 хувийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол хүнс эзэлж байна. Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хүнсний давсны агууламжийг бууруулах асуудалд дэлхий нийтээр ихээхэн анхаарал хандуулж байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хүн амын давсны хэрэглээг бууруулахад бодлого эрх зүйн орчинг бүрдүүлэх (үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах), хүнс хоол үйлдвэрлэгчидтэй хамтран бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах;  хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсаар ирсэн.

Монгол улсад ХБӨ-ий 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсарсан хүн амын эзлэх хувь 2005 онд 23.8%, 2009 онд 26.4% байсан бол 2013 онд 36.9% болж нэмэгдсэн байна. Түүнчлэн артерийн даралт ихсэлт өмнөх он дарааллаар 28.5%, 27.3%, 27.5%, илүүдэл жин 22.2%, 27.6%, 34.7%; таргалалт 10.2%, 12.2%, 19.7% болон нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол улс НДББ-ийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх тэргүүлэх шалтгааны эхний хоёрт зүрх, судас, тогтолцооны өвчин (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан гурван хүн тутмын нэг), хавдар (жилд дунджаар 3500) орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

НЭМХ-ийн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.2 дахин их, 10 хүн тутмын ес буюу 89.2% нь 5 гр-аас их давс хэрэглэж байна. Давс ихтэй хоол хүнсний талаар ойлголт, мэдлэггүй байх нь эмэгтэйчүүдийн дунд 14.3 хувь байхад эрэгтэйчүүдийн 1.8 дахин их (25.4 хувь) байна. Түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 81.6%, нийтийн хоолны 83.6% давс ихтэй байна.

Монгол улсын Засгийн газраас 2015 оны наймдугаар сарын 31-ны өдөр 353 дугаар тогтоолоор баталсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийн зорилго нь Монгол хүний давсны хэрэглээг 2025 он гэхэд 30% бууруулахад оршиж байгаа бөгөөд стратегийн хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлтийг 2025 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%, нийтийн хоолны давсны агууламжийг 40% тус тус буурсан байхаар заасан.  

Түүнчилэн “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө, “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр, “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегид хүн амын давсны хэрэглээг бууруулах арга хэмжээ авах, хүнсний бүтээгдэхүүн дэх давсны агууламжийг бууруулахад чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах талаар  ЭМС-ын Сайд 2015 оны 494 дугаар тушаалд  заагдсан  ба “Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоног”-ийг гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногт тэмдэглэж байх шийдвэр гарсан.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна