“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2016 оны 3 сарын 29

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.03.29/ Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар өргөн мэдүүллээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” /1998/, “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” /2001/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд” /2008/, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” /2008/, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад хамруулахаар судалгаа хийж, үндэслэлийг боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2013 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдаар хийж гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан байна.

Улсын Их Хурлын нэр бүхий 7 гишүүн хамтран өргөн мэдүүлж буй уг тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй дээрх газартай хэсэгчилэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоожээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 896 527,44 га-р буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь 0.4 хувиар нэмэгдэх юм байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна