Монголчууд ийм болохоороо ядуу

2016 оны 3 сарын 29

Тавантолгойн Ухаахудагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” буюу Mongolian Mining Corporation /ММС/ компани зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь хийж чадахгүй болсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдаж, энэ нь Монголын хувьд тун таагүй мессеж байв. Энэхүү мэдээллийг монголчууд хоёр янзаар хүлээн авч, нэг хэсэг нь халаглаж хямарсан бол, харин нөгөө талд цөөн хүн “ММС дампуурсанд баярлаж байгаа”-гаа нууж хаасангүй.

Уг нь ингэж баярлах хийгээд бахархах шалтгаан эндээс үнэндээ олж харагдахгүй байгаа билээ."Баярласан хэрээ бахирах болоогүй" гэсэн үг ч бий. Бас үүнд хямрах хийгээд халаглах нь арай л эртдэх болов уу. Учир нь, нэгдүгээрт “ММС” дампуурлаа зарлачихаагүй байна. Хоёрдугаарт, эдийн засгийн ач холбогдлыг энгийн ухаанаар тооцвол ингэж сенсаацлах аль, аль талд ашиггүй гэсэн үг. Эрх мэдэлтнүүдийн хэлээд буй янз бүрийн эрх ашгийн тухай яриа бол   хоёрдугаар сэдэв.

Болж байгаа үйл явдал, хэвлэлээр гарц буй мэдээлэлтэй холбоотойгоор “Mongolian Mining Corporation”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргалын өгсөн хариулт нь  “Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй бид урдах ажлаа хийгээд явна” гэх ярилцлага. Энэ ярилцлага өчигдрийн хувьд нийгмийн сүлжээнд хамгийн их шэйр, хандалт авсан мэдээний нэг байлаа.

Дэлхий даяар нүүрсний супер циклийн үе алсарч, нүүрсний компаниуд санхүүгийн том бэрхшээлтэй тулгарах болсон. Энэхүү хүндрэл Монголын эдийн засагт ч үр нөлөөгөө үзүүлж, ердөө таван жилийн өмнө улсын төсвийн дөрөвний нэгийг бүрдүүлж байсан нүүрсээ бид уурхай дээрээсээ 30 хүрэхгүй ам.доллараар зарж байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдөртөө “Энержи ресурс” үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Бодит мэдээллээр бол санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан болохоос  арай ч “цагаан туг”-аа өргөчихөөгүй л юм билээ.

Тус компани BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсноо албан ёсоор мэдээлсэн ч цаанаа бол  зээлдэгчидтэйгээ зээлийн нөхцөлөө эргэн харах, төлбөрийн хугацааг хойшлуулах яриа хэлэлцээр өрнүүлж байгаа аж.  Хэрэв энэ хэлэлцээр бүтэлгүйтвэл зээлдэгчдийн зүгээс  “Mongolian Mining Corporation”-ийн зээлийг хэн нэгэнд худалдах тухай яриа гарна гэсэн үг. Зүгээр л уурхайгаа хаагаад, үйлдвэрээ битүүмжилчих юм биш.  Өөрөөр хэлбэл, энэ зээлийг хэн төлж чадна гэсэнд нь зээлдэгч нар хүсэлт тавина.

Тус компани BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээл болон 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь барагдуулах боломжгүй болсноо албан ёсоор мэдээлсэн ч цаанаа бол  зээлдэгчидтэйгээ зээлийн нөхцөлөө эргэн харах, төлбөрийн хугацааг хойшлуулах яриа хэлэлцээр өрнүүлж байгаа аж.  Хэрэв энэ хэлэлцээр бүтэлгүйтвэл зээлдэгчдийн зүгээс  “Mongolian Mining Corporation”-ийн зээлийг хэн нэгэнд худалдах тухай яриа гарна гэсэн үг. Зүгээр л уурхайгаа хаагаад, үйлдвэрээ битүүмжилчих юм биш.  Өөрөөр хэлбэл, энэ зээлийг хэн төлж чадна гэсэнд нь зээлдэгч нар санал тавина. Сайнаар хүлээвэл зээлдэгчид ч мөнгөө олж авахын тулд "ММС"-ийн зээлийн нөхцөлөө эргэн харах хэлэлцээг хүлээн зөвшөөрөх магадлал өндөр.

Муугаар эргэвэл Хятадтай хил хаяа залгаа орших  Ухаахудагийн уурхай хэнд очих вэ гэдгийг зээлдэгчид шийднэ гэсэн үг. Энэ бүхнээ эхэлж тооцохгүйгээр "ММС" дампуурлаа" хэмээн баяр, бахадлаа илэрхийлэх болоод харамсал халаглалаа эхэлж тавих нь тэнэг хэрэг болно.

Нөгөө талаар, угаасан нүүрс борлуулдаг олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргасан Монголын ганц нүүрсний компани замаасаа шахагдвал Монгол Улсын өрсөлдөгчдөд л илүү ашигтайгаар тусна. Мэдээж, “ММС дампуурсанд баярлаж буй хүмүүс”-т таатай сонсогдох л байх. Сайхан тайвшрал авах л байх. Гэвч нүүрсний салбарын энэ өрсөлдөөнд Монголын нэг  ч гэсэн компани ялагдвал Орос хожно. Монголын нүүрсний салбарын хамгийн том өрсөлдөгч Австрали, Индонез баярлана. Ийм учраас л улс орнууд үндэсний үйлдвэрээ бодлогоор хамгаалдаг юм шүү дээ.

Хятад улсын зүгээс Монголын хамгийн гол өрсөлдөгчдөд эскпортын таатай боломж олгох болсон. Индонез болон Австрали улс энэ оноос татваргүйгээр нүүрсээ Хятад руу экспортолж байна. Түүнчлэн Оросоос  нийлүүлэх нүүрсний экспортыг тэглэх боломжтойг Хятадууд дуулгалаа. Үүнтэй холбоотойгоор Орос Хятадтай нарийн царигтай төмөр замаар холбогдох асуудлаа гүнзгийрүүлж эхлэв. Гэтэл манайд  үндэсний үйлдвэрлэгчид нь ээлж дараатайгаар хаалгаа барьж эхлэхэд эрх баригчид нь баярлажээ суудаг. Ийм болохоор л  бид ядуу.

Боломж ганцхан удаа л тохиодог. Гэвч, Монголчууд боломжтой цаг хугацаагаа цаг тухайд ашиглаж, эрдэс баялгаа эргэлтэд оруулж чадсангүй. Эндээс харахад Монгол Улс тавдугаар цахилгаан станц барина хэмээн 20 жил ярьсан шиг Тавантолгойг эргэлтэд оруулна гэж олон жил “мөрөөдөх” бололтой.  Тавантолгой, шинэ төмөр зам гэж ярьснаас нь хойш тоолбол бараг арван жил өнгөрчээ. Хэрэвзээ Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол дор хаяж 300 гаруй аж ахуйн нэгж, багаар бодоход 60 мянган хүн энэ төслөөс хооллох байсныг л эдийн засагчид хэлэх болсон юм. Ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, үйлчилгээ, адаглаад бээлий оёод зарах 10 хүнтэй жижиг дунд үйлдвэрүүд бий болно.

 "ММС" дампуурбал олон хүн ажилгүй болно. Ажилгүй болсон хүмүүс мөнгөгүй болно. Мөнгөгүй хүмүүс юугаараа  эм тариа, мах сүү, талх, гурилаа авах вэ?.Эдийн засгийн гинжин урвалын ач холбогдол эндээ л байдаг юм шүү дээ

Чухамдаа Тавантолгойн гэрээтэй гэрээгүй “Энержи ресурс” явах л байх. Харин Эдийн засагт Тавантолгойг эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Энэ төслийг эргэлтэд оруулж байж Монгол мөнгөтэй ч болно, хөгжилтэй ч болно.  “Энержи ресурс” дампуурлаа гэхэд их л сайндаа З.Энхболд баярлах биз. Эсрэгээрээ Ж.Оджаргал халаглах биз. Эндээс Монгол харин юу хожих вэ. Энэ бүхнээс нэг л дүгнэлт хийж болно. “ММС” дампуурснаар олон хүн ажилгүй болно. Ханган нийлүүлдэг, үйлчилгээ үзүүлдэг комипаниуд орлогогүй болно. Ажилгүй болсон хүмүүс мөнгөгүй болно. Мөнгөгүй хүмүүс юугаараа эм тариа, талх, гурил, мах сүүгээ худалдаж авах вэ?. Эдийн засгийн гинжин урвалын ач холбогдол эндээ л байдаг юм шүү дээ.

 Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна